Хар тамхи зөөвөрлөсөн дипломатч 11 жилийн хорих ял сонсох уу?

Хуучирсан мэдээ: 2020.06.02-нд нийтлэгдсэн

Хар тамхи зөөвөрлөсөн дипломатч 11 жилийн хорих ял сонсох уу?

Хар тамхи зөөвөрлөсөн дипломатч 11 жилийн хорих ял сонсох уу?

Герман улсын Дрезден хотод дипломат албаны автомашинаар 70 кг геройн тээвэрлэж яваад саатуулагдсан Б.Баттүшиг, С.Эрдэнэбаяр нарт холбогдох хэргийн шүүх хурал зургадугаар сарын 11-нд товлогдсон байна.

Шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлэг тавдугаар сарын 29-нд болоход прокуророос хэргийг үйлдэгчдэд 11 жилийн ял төлөвлөсөн байжээ.  Өмнө нь хэвлэлүүдээр Б.Баттүшиг, С.Эрдэнэбаяр нарт 9 жилийн хорих ял төлөвлөсөн тухай мэдээлэл цацагдаж байсан ч 2 жилээр нэмэгдсэн байж мэдэшгүй аж. Герман улсын хувьд хар тамхи тээвэрлэж явсан хэрэгт 2-15 жилийн хорих ял оноодог хуулийн заалттай юм.

Хэргийг нэхэн сануулбал, жилийн өмнө Туркийн Истанбул хот дахь Консулын албаны дэд консул Б.Баттүшиг, жолооч С.Эрдэнэбаярын хамтаар 70 кг геройн тээвэрлэж яваад Германд саатуулагдан дуулиан тарьж байв. Тус бүр нь 500 граммаар боосон 140 багц хар тамхины ханш гурван сая евротой тэнцэх тухай мэдээлэл цацагдсан юм.

Хэрэг явдлын дараа Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар”Хар тамхины хэрэгт холбогдсон хүмүүс нь манай яамнаас томилогдсон хүмүүс мөн. Б.Баттүшиг нь өмнө нь Бангкокт томилогдож байсан. Дараа нь, Истанбулд томилогдсон. С.Эрдэнэбаяр нь 1990-ээд оноос манай яаманд ажиллаж эхэлсэн, олон сайд, олон Элчин сайдын жолооч хийсэн хүн. Яг үнэндээ энэ хүн өнгөрсөн жилийн томилгоонд ороогүй байсан юм. Гэтэл тухайн жилийн томилгоо бүгд хийгдэж дууссаны дараа Туркт томилогдсон байсан хүн явж чадахаа болиод оронд нь Төрийн албаны зөвлөлөөр шийдэгдэж, Дипломат байгууллагын үйлчилгээ эрхэлдэг газраас нэр нь орж ирээд явсан. Намайг энд ажиллах хугацаанд надтай таван жолооч ажилласан.

Тэдний л нэг. Дипломат байгууллагын үйлчилгээ эрхэлдэг газраас “Энэ хүн таны жолоочоор ажиллана" гэхэд би “Үгүй ээ, энэ хүнийг авахгүй” гэж нэг ч удаа хэлж үзээгүй. Яагаад гэхээр манай яамны нэг онцлог нь сайдаар ч, Төрийн нарийнаар ч ажилласан байлаа гэхэд гаднаас жолооч чирж ирдэггүй. Цаанаас нь жолоочийг хуваарилж өгдөг. Энэ журмын дагуу л тодорхой хугацаанд миний жолоочоор болон бусад олон сайд удирдлагын жолоочоор 25-26 жил ажилласан. Олон Элчин сайдын жолоочоор ч ажиллаж байсан. Дэд консул Б.Баттүшиг ч мөн өнгөрсөн жил томилогдсон. Томилгоог төрийн албаны салбар зөвлөлөөс хийгддэг. Тэр дагуу л томилогдсон хүн. Өмнө нь Бангкокод консулаар ажиллаж байгаад буцаж, ирээд дүрэм, журмынхаа дагуу дараагийн томилгоогоо аваад явсан хүн” гэж тайлбарлаж байв.

Харин Тагнуулын ерөнхий газрын Тамгын газрын дарга, хурандаа Э.Эрдэнэ "2018 оны сүүл болон 2019 оны эхээр Европын холбооны улсуудад дипломат болон албан паспорт, дипломат дугаартай автомашин ашиглан хууль бус хэрэг үйлдэж байж болзошгүй мэдээлэл авсан. Үүний дагуу Тагнуулын ерөнхий газар, Гадаад харилцааны яам хамтран ажиллаж, шалгаж байгаа. Герман улсын хууль хяналтын байгууллагатай хамтран ажиллаж байх үед тавдугаар сард энэ хэрэг гарсан. Б.Баттүшиг бол өмнө нь тагнуулд ажиллаж байсан. Гадаад харилцааны яамны шугамаар хоёр ч удаа үүрэг гүйцэтгэж байсан, дипломат албаны шаардлага ханган яамнаас томилогдсон  ажилтан. Энэ хэрэг нь маш хүнд гэмт хэрэгт тооцогдож байгаа. Тэр тусмаа хилээр хууль бусаар хар тамхи нэвтрүүлэх нь маш ноцтой.

Томилогдоод удаагүй байхдаа богино хугацаанд ийм ноцтой гэмт хэрэгт холбогдсон нь анхаарал татсан асуудал. Тагнуулын байгууллагаас зохион байгуулалттай гэмт хэрэгт монгол хүмүүс ямар байдлаар ашиглагдаж байгааг шалган тогтоож, дахин ийм явдал гаргахгүй байх, урьдчилан сэргийлэх талаар ажиллаж байгаа" гэж мэдэгдэж байв.

Харин Тагнуулын ерөнхий газрын дарга Д.Гэрэл "Хар тамхи, мансууруулах төрлийн гэмт хэрэг сүлжээнд орсон, тэр сүлжээг нь таслан зогсооход нөгөө сүлжээ цэцэглэдэг, үнэ нэмэгддэг гэх мэтийн асуудал олон улсын түвшинд байдаг. Хуулийг чангатгах шаардлага байна" гэдэг тайлбарыг УИХ-ын Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанд оролцох үеэрээ хийж байв. Гэвч өнөөг хүртэл Монгол Улс хууль эрх зүйн орчноо чангаруулаагүй.

Дипломат ажилтан 70 кг мансууруулах төрлийн бодис тээвэрлэж яваад саатуулагдсан энэ хэргийн улмаас Монгол Улс өнөөдөр Европын холбооны хар жагсаалтад багтаад байгаа юм.

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
22
БурууБуруу
4
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж