Хүүхдийн баяраар хашаагаа тохижуулсан гэр бүл   | News.MN

Хүүхдийн баяраар хашаагаа тохижуулсан гэр бүл  

Хүүхдийн баяраар хашаагаа тохижуулсан гэр бүл  

Хүүхдийн баяраар хашаагаа тохижуулсан гэр бүл  

Хот, хөдөөгүй хүүхэд тоглох тоглоомын талбай тун ховор. Барьж байгуулсан цөөн хэдхэн тоглоомын талбайд нь хүүхдүүд тоглохоос илүүтэй томчууд архидан согтуурах нь энгийн үзэгдэл болсон гэж хэлэхэд хилсдэхгүй. Тэгвэл  орон нутагт нэгэн залуу гэр бүл хүүхдүүддээ зориулан хашаагаа үлгэр жишээ тохижуулжээ.

Энэ бол Говь-Алтай аймгийн Шарга суманд амьдардаг Д.Эрдэнэбаатарынх гэдэг айл юм. Д.Эрдэнэбаатарынх хоёр хүүхэдтэй, ам бүл дөрвүүлээ. Хөл хорионы үеэр цагийг үр дүнтэй ашиглан Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрөөр хүүхдүүддээ бэлэг барьж буй нь энэ аж.

Эхнэр Д.Ууганцэцэг нь сумынхаа сургуульд 10 гаруй жил математикийн багшаар ажиллаж байгаа бол Д.Эрдэнэбаатар хувиараа ажил эрхлэнгээ бага хүүгээ хардаг. Эднийх хашааныхаа түлш хадгалдаг хэсгийг цэвэрлэж, зай гаргаснаар тоглоомын талбай болгожээ. Сагсны шийд, явган хүний зам, савлуур, самбар, шатрын булан, сандал ширээ зэргийг барьж хүүхдүүддээ тоглох орчныг нь бүрдүүлжээ.

Эхнэр Д.Ууганцэцэг хэлэхдээ “Хашааныхаа нэг буланд Хүүхдийн баярыг угтан бяцхан тоглоомын талбай хийж тохижууллаа. Мөн усанд орох шүршүүрийн өрөө нэмж хийсэн. Цаг заваа үр бүтээлтэй өнгөрүүллээ. Ажлаа хийж, дуусгаад харахад үнэхээр сайхан байна. Хөдөө суманд ч гэсэн хүүхдэд ээлтэй орчинг бүрдүүлж, сайхан амьдаръя” гэдгийг хэлж байв. Тэрбээр өөрийн фэйсбүүк хуудаснаа хашаагаа тохижуулсан зургуудаа нийтэлснээр олон хүнээс урмын үг сонссон байна.

Д.Эрдэнэбаатар “Хөл хорионы үеийг ашиглаад, хашаагаа  20 орчим хоног тохижууллаа. Зарим хүмүүс дугуй ашиглах санаа хэлж байсан. Манай нутагт зуны улиралдаа 40, 50 хэм хүрч халдаг учраас машины дугуй ашиглалгүйгээр блок ашиглан хашлага хийсэн. Хөл хориотой энэ цаг үед хүүхдүүд гэртээ уйдаж, утас ширтэх нь их болжээ. Тийм учраас хүүхдүүддээ зориулан гадаа цэвэр агаарт тоглох орчинг нь бүрдүүлэхээр шийдсэн. Эхнэртэйгээ ярилцаж байгаад л өөрсдийн гар доорх материалаар тоглоомын талбай хийлээ” гэв.

Хүмүүс ямар нэгэн юмыг хийхдээ их мөнгө зарцуулна гэж хойш нь тавих нь бий. Гэтэл тийм биш ажээ. Тэдний хувьд цемент, блок, бага зэргийн будаг худалдан авснаас биш бусдыг нь ойр зуурын материал ашиглан хийсэн гэдгээ хэлсэн юм. Жишээлбэл, ханын самбар хийхдээ эвдэрсэн угаалгын машиныхаа тагийг ашиглан, хүрээ хийж янзалсан гэнэ. Мөн ханын тавиур, өлгүүр, шүршүүр, дартс, сандал, шатрын тавиурыг бүгдийг нь өөрсдөө хийж, зурсан байна. Сүүлд нэмж эргэлддэг гэрэл суурилуулсэн гэнэ. Цаашдаа явган хүний замаа зүлэгжүүлж, сагс, волейбол тоглох талбай хийхээр төлөвлөжээ.

Хөршүүдийнх нь хүүхдүүд Д.Эрдэнэбаатарын хашаанд бужигнаж, зарим нь тоглохоор авч ирсэн тоглоомоо хүртэл үлдээгээд явдаг болсон тухай инээлдэн ярьцгаана. “Хөдөө суманд  хүүхдийн тоглоомын тун ховор шүү дээ. Манай суманд гэхэд хоёрхон хүүхдийн тоглоомын талбай байдаг. Нэг нь арай гайгүй. Нөгөөх нь том жижиггүй тоглосоор байгаад бүр эвдэрч дууссан. Нийтийн талбай болохоор тэгдэг юм уу, арчилгаа байхгүйгээс амархан эвдэрдэг. Эргээд хэн ч засварлаж, тохижуулдаггүй” гэдгийг Д.Ууганцэцэг хэлж байв.

Тэд “Орчин тойрноо тохижуулснаар үр хүүхдүүдийнхээ аюулгүй байдлыг хангаж байна гэсэн үг. Хүүхдээ энд тэнд тоглоомын талбай руу явуулах гэхээр санаа зовоод байдаг бол дэргэдээ аюулгүй орчинд тоглуулах боломжтой. Мөн хүүхдээ аль болох цахим орчноос хол байлгах хэрэгтэй. Цаашид олон гэр бүл санаа авч, сайжруулсан тоглоомын талбай улам олныг хийгээрэй. Хийсэн зүйлийнхээ ард гарч, багахан ч гэсэн урам аваарай” гэж уриалж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
43
ЗөвЗөв
3
ГайхмаарГайхмаар
2
ХөөрхөнХөөрхөн
2
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нарандорж 2020-06-02 66.181.161.13

Мундаг шүү

Avatar

Зочин 2020-06-02 185.220.101.165

– Халуун охид та нарыг хүлээж байна — https://is.gd/uB2aoF

Avatar

Зочин 2020-06-02 59.153.112.115

Ийм л мэдээ бичиж баймаар. Монгол орон уудам. Сайн жишиг хаа сайгүй бий.

Avatar

Зочин 2020-06-02 66.181.161.74

Мундаг багш шүү

Avatar

Chuka 2020-06-02 192.82.75.41

Bayr hurgei

Avatar

зочин 2020-06-02 202.21.100.210

говь алтайгаас одоо л нэг гайгүй юм дуулдаж байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж