Хилийн чанадад ажиллаж, амьдарч буй монголчууд гадаадад гацаад буй нэгэндээ хандивын аян өрнүүлж, тусалж эхэлжээ. Аяны нэг нь Англи улсад ажиллаж, амьдарч байгаа монголчуудын чин сэтгэлийн хандив юм. Хөл хорионы улмаас хүнд нөхцөл байдалд орсон элэг нэгт ахан дүүстээ хоол, хүнсээр туслах аяныг санаачилсан бүсгүйтэй цахимаар холбогдож, цөөн хором ярилцсанаа хүргэе.
-Англи улсад хэчнээн жил амьдарч байна вэ. Бидэнд өөрийгөө танилцуулахгүй юу?
-Сайн байна уу? Намайг Мандах-Аюушийн Ганзул гэдэг. Англи улсын Манчестер хотод 15 дахь жилдээ гэр бүл хоёр хүүхдийнхээ хамтаар ажиллаж, амьдарч байна. Гадаадад амьдарч байгаа зарим монголчуудын нөхцөл байдал хүндхэн байгаа. Ялангуяа хууль бусаар ажиллаж, амьдарч буй иргэд болон шинээр ирсэн оюутан залуучуудад бага зэргийн хүндрэлтэй байна.
Монгол иргэд маань ихэнхдээ рестарон, зочид буудлуудад ажилладаг. Энд үйлчилгээний байгууллагууд нь хорио цээрийн улмаас өнгөрөгч гуравдугаар сарын 23-наас эхлэн хаагдаж олон хүн ажилгүй болсон. Хэрэв албан ёсны ажлын гэрээтэй тохиолдолд ажлын хөлсний 80 хувийг авч гэрээрээ байх боломжтой. Харамсалтай нь, энэ боломжийг хангаж чадаагүй хүмүүс мөнгө авах боломжгүй гэсэн үг.
-Англид байгаа монголчууд маань ямаршуухан аж төрж байна. Цар тахлаас урьдчилан сэргийлэх хөл хориог хэрхэн тогтоов?
-Гадаад улсад аялж, сурч, эмчилгээнд явж байгаад гацсан маш олон хүмүүс байна. Зарим нь бухимдал ихтэй санхүү мөнгө, орон байрны асуудал, визны хугацаа дуусах гээд хүнд асуудлууд тулгарч байгаа нь ажиглагдаж байна. Манчестер хотод маань бидний мэдэж байгаагаар 10 гаруй аав, ээжүүд энд байдаг хүүхдүүд дээрээ оны өмнө ирээд эх орондоо буцаж чадахгүй одоогийн нөхцөл байдлаас болоод гацсан. Тэд бүгд эх орон руугаа явах хүсэлтээ өгсөн боловч хариу ирүүлээгүй байна. Оюутан залуусын хувьд зарим нь аль хэдийнэ Монгол руугаа буцсан. Тэд маань онлайн хэлбэрээр сурч шалгалтуудаа өгч байгаа.
Англи улсад хөл хориог гуравдугаар сарын 23-наас эхлэж тавьсан. Ихэнх албан байгууллагууд онлайн хэлбэрээр үйл ажиллагаагаа гэрээсээ явуулж, нийтийн үзвэр үйлчилгээний газар, рестарон, сургууль цэцэрлэг түр хаасан. Тус улсын хэмжээнд нийт 271.222 хүн шинэ коронавирусийн халдварсан авсан нь тогтоогдсон. Өдөрт 2095 хүн халдвар авч нийт 38.161 хүн нас бараад байна.
Саяхнаас хорио цээрийн байдалд өөрчлөлт орж 1-6 ангийн хүүхдүүд хичээлдээ орж, зургадугаар сарын 15-наас эхлэн дэлгүүрүүд хаалгаа нээж, нийтийн тээвэр автобусанд нэг удаадаа зөвхөн 20 хүн зорчих эрхийг өгч байна. Хорио цээр суларсантай холбогдуулж амны хаалтыг сайн хэрэглэж, гараа байнга угааж, хоёр метрийн зайг маш сайн барихыг сануулж, боломжтой бол гэрээс ажиллаж боломжийг илүүд үзэж байгаа.
-Коронавирусийн халдвар авсан монгол хүн бий юу. Амны хаалт хэрэглэж, эмнэлгийн тусламж авч чадаж байгаа юу?
-Англи улсад коронавирусийн халдвар авсан монгол иргэний мэдээлэл одоохондоо ирээгүй байна. Гэхдээ санхүү мөнгө, хоол хүнс, орон байрны асуудалтай хүмүүс их байна. Энд амны хаалт хангалттай байна. Мөн монгол бүсгүйчүүд маань маск оёж хандивын журмаар өгч байгаа. Эмнэлгийн тусламжийн хувьд маш яаралтай л биш бол эмч нар үзэхгүй байгаа. Мөн ямар нэгэн шинж тэмдэг илэрсэн үед 111 дугаарын утас руу залгаж зөвлөгөө авч болно.
-Гадаадад гацсан монголчуудад туслахаар хандивын аян өрнүүлж байгааг дууллаа. Одоогоор хэчнээн монгол хүнд туслаад байна вэ?
-Миний бие найз “Shinny’s gym” фитнессийг үүсгэн байгуулагч С.Шинэбаяртайгаа хамтран “Манчестер хот сайн үйлийн аян- 2020” аяныг санаачилсан. Аяныг Манчестер хотын бизнес эрхэлдэг залуус маань маш ихээр дэмжиж бидний бодож байснаас илүү өргөн цар хүрээтэй болсон. Нийт 2660 фаундын хандив цугларч, 30 хүн дансаар болон бэлэн мөнгөөр, маск, бэлэн хүнсний бүтээгдэхүүн хандив өглөө. Энэ аянд маань Манчестер хотын бизнес эрхлэгчид, гэр бүлүүд, хувь хүмүүс болоод Манчестерийн Монгол Христийн итгэгч нөхөрлөлийн цуглааныхан, Манчестер хотын Шагайн харвааны баг мөн Ливэрпоол, Лондон хот, Вэлс, Монголоос аяныг минь их сайхан дэмжиж хандивууд өгсөн. Эдгээр хүмүүстээ чин сэтгэлээсээ талархаж байгаагаа илэрхийе.
“Зовох цагт нөхрийн чанар танигддаг” гэдэг сайхан үг байдаг даа. Бид нэгдэж чадсан. Амьдарч буй хотынхоо хүрээнд нийт 47 иргэнд хоол хүнсний тусламж, бэлэн мөнгө мөн дэлгүүрийн эрхийн бичгийг, нүүрний маскны хамтаар тарааж өглөө. Үүнд одоогийн байдлаар нийт 1258.48 фаунд зарцуулсан. Ихэнх нь оюутнууд байлаа.
Тэдгээр нь хөл хорионы улмаас гэрээсээ гарах боломжгүй байсан учраас маш их баярлаж, гэр бүлийнхэндээ зургийг нь явуулж байсан. Эргээд ар гэрийнхэн нь бидэнд чин сэтгэлийн талархлын мессэж илгээсэн. Зөвхөн оюутнуудад туслаад зогсоогүй хууль бусаар амьдарч байсан гэр бүл болон Англи улсад хүүхдүүд дээрээ ирээд эх орон руугаа буцаж чадахгүй гацсан эцэг, эхчүүдэд сэтгэлийн дэм үзүүлж, амны хаалт өгсөн. Тэд маань “Хүний нутагт чадлынхаа хэрээр аян өрнүүлж, тусалж байгаад маш их баярлалаа” гэж талархан хүлээж авсан.
Манчестер хотын хүргэлтийн хоолны бизнес эрхэлж байгаа залуус маань ажилгүй болсон иргэдэд тусалж түр хугацаагаар ажлын байр гарган ажиллуулж байгаа. Тэдний гэр бүлд энэ хүнд үед өөрсдийн боломжийн хэмжээнд тус үзүүлж байгаад талархаад баршгүй. “Тэнхэлтэй явахад тэмээгээр туслахаар, тэвдэж явахад тэвэнгээр тусла” гэдэг. Та бүхний хийсэн энэ сайхан сэтгэл олон өрх гэрийн санхүү, хоол хүнсэнд тус нэмрээ өгсөн. Мөн нийт хандив өргөсөн сайхан сэтгэлт хүмүүстээ чин сэтгэлээсээ талархаж байгаагаа дахин илэрхийлье.
-Таны хувьд эх орондоо ирэх хүсэлтээ өгсөн үү?
-Миний хувьд эх орондоо очих хүсэлт гаргаагүй. Цагаан сараар аав, ээждээ очиж золгохоор онгоцны билет захиалсан байсан боловч хөл хорионы улмаас явж чадаагүй. Бүх зүйл сайхан болсон цагт аав, ээждээ очиж золгоно доо.
Монгол улсын иргэн хүний хувьд Монгол улс маань хорио цээрийг цаг хугацаанд нь хурдан шуурхай авсны хүчинд дотооддоо халдвар гараагүй. Мөн зөөвөрлөгдөн ирсэн иргэдээс халдвар илэрсэн даруйд эмчилж өнөөдрийг хүртэл нас баралтгүй байгаа нь үнэхээр бахархууштай. Цаг завгүй шуурхай ажиллаж байгаа эмч, эмнэлгийн ажилчдадаа талархаж байна. Мөн төр засагтаа өөрсдийн боломж бололцоогоороо хүүхдүүдэд мөнгөн дэмжлэг үзүүлж буйг сонсоход сайхан байна.
-Гадаадад гацсан иргэдийг хэлсээр байтал эх орондоо ирээгүй атлаа байдал хэцүү болсон үед авсангүй гэж бухимдах нь буруу гэж хүмүүс шүүмжилж байна. Та үүнд ямар байр суурьтай байна вэ?
– Би өөрөө Монгол руу явах хүсэлт өгөөгүй учраас нөхцөл байдлыг сайн мэдэхгүй байна. Ерөнхийдөө хүмүүсээс сонсч, ойр орчмын хүмүүсийн уур амьсгалыг мэдрэхэд гадаадад гацсан иргэд маш их бухимдалтай байгаа. Элчин сайдын яаманд нэрээ бичүүлсэн хэрнээ явж чадаагүй маш олон настай хүмүүс, оюутнууд байна. Анх мэдээлэл ирээгүй ирсэн бол ямар шугамаар явсан бэ арын хаалгаар хүмүүс авч явсан гэх яриа хүртэл гарч байна.
-Дэлхийн өнцөг булан бүрт байгаа монголчууддаа хандаж юу гэж хэлмээр байна вэ?
-Цар тахлын өндөржүүлсэн бэлэн байдалд байгаа энэ үед хөл хорионд орж, гадаадад гацсан монголчуудад илүү хүнд байдалд байна. Ядаж л сэтгэл санаа, орон байрны, хоол хүнс, хэлний асуудалтай хүмүүс бий. Тийм болохоор аль болох бие биедээ тусалж, энэ өвчнөөс өөрсдийгээ сэргийлж, гараа сайн угааж, амны хаалтаа тогтмол зүүгээрэй. Хамгийн гол нь эрүүл байх нь чухал. Хэн нэгэнд тусламж хэрэгтэй байгаа бол өөртөө байгаа зүйлийг харамгүй өгөөрэй. Бид хамтдаа байж энэ өвчнийг даван туулна. Тиймээс сэтгэлийн дэмийг харамгүй өгөөрэй гэж хэлмээр байна.