Охид эмэгтэйчүүдийн футзалын УАШТ өндөрлөхөд ердөө нэг хоног үлдлээ. Нийт долоо хоногийн турш 5 насны ангилалд 33 багийн дунд зохиогдож байгаа Улсын аварга шалгаруулах тэмцээний хагас шигшээн хариуцлага өндөртэй тоглолтууд өнөөдөр МХБХ-ны футзалын ордонд боллоо.
Тэмцээний хамгийн бага буюу 11 хүртэлх насны ангилалд дөрвөн баг тойргийн журмаар өрсөлдөж байгаа бөгөөд хэдийгээр тус насны сүүлийн нэг тоглолт маргааш болох хэдий ч аварга багийн нэр тодроод байгаа юм. Сансар багийн охидууд учраа бүрээ буулгаж авсанаар ийнхүү улсын аварга багаар тодорлоо.
13 хүртэлх насны аваргын төлөө “Туулын Том Тулнууд” болон “Хараацай” багууд тоглох бол хүрэл медалийн төлөө “Монголын тэмүүлэл”, “Титэм Хужирт” гэсэн багууд тоглохоор шалгаран үлдээд байна.
15 хүртэлх насны ангилалд хагас шигшээд “Титэм Хужирт”, “Хоромхон”, “Туулын Том Тулнууд” болон “Монголын тэмүүлэл” гэсэн дөрвөн баг шалгараад байсан. Хэсгээ тэргүүлэн гараад байсан Өвөрхангай аймгийн Хужирт сумын баг “Хоромхон” клүбийг 4-2 харьцаатай ялж аваргын төлөө шувтаргын шатанд шалгаран үлдээд байгаа бол тэдэнтэй шар медалийн төлөө “Туулын Том Тулнууд” баг тулахаар боллоо. Тэд “Монголын тэмүүлэл” багийг хагас шигшээд мөн 4-2 харьцаатай яллаа. Энэ насны хүрэл медалийн тоглолт 10:00 цагаас эхлэх бол алтан медалийн тоглолт 11:00 цагаас явагдана.
17 хүртэлх насны ангилалд шигшээ тоглолтонд “Дэрэн” болон “Монголын тэмүүлэл” багуудын эмэгтэйчүүд өрсөлдөхөөр боллоо. Хэсгээ тэргүүлэн гарсан “Дэрэн” өнөөдөр “Инх” багийг цорын ганц бөмбөгөөр буулгаж авсан байна. Энэ насны хүрэл медалийн тоглолтыг “Инх” ба “Баянзүрх” дүүргийн багууд хийхээр боллоо.
Тэмцээний ширүүн өрсөлдөөнт 18-аас дээш насны ангилалд “Хад” болон “Монголын тэмүүлэл” гэсэн хүчтэй багууд хагас шигшээд туллаа. Хоёр багийн эмэгтэйчүүд гоёмсог хөлбөмбөгийг үзүүлсэн. Улмаар үндсэн цаг 3-3 харьцаатай өндөрлөж торгуулын цохилтоор ялагчийг шийдвэрлэх үед 4-3 гэсэн үзүүлэлтээр “Монголын тэмүүлэл” шувтаргын шатанд шалгарч байна. Гадаа талбайн анхдугаар лигийн аварга “Хад” багийн тамирчид хүрлийн төлөө Зөгийнүүд багтай тоглохоор болж байна. Учир нь “Арвис” тэднийг энэ шатанд 10-2 харьцаатай илт илүүрхэн ялсан юм.
Футзалын эмэгтэйчүүдийн УАШТ-ий медалийн төлөөх сонирхолтой тоглолтууд маргааш 09:00 цагаас эхлэх бөгөөд амралтын өдрөөр үзэгчид та бүхэн Монголын Хөлбөмбөгийн Холбооны футзалын ордонд хүрэлцэн ирж медалийн төлөөх тоглолтуудыг хүрэлцэн ирж үзээрэй.
ЭХ СУРВАЛЖ: http://the-mff.mn