Тэргүүн лам нар хуралджээ

Хуучирсан мэдээ: 2015.12.19-нд нийтлэгдсэн

Тэргүүн лам нар хуралджээ

Монголын бурхан шашинтны төвийн тэргүүн лам нарын ээлжит хуралдаан боллоо. Хуралдаанд Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн тэргүүн их хамба лам, гавж Д.Чойжамц, Да лам Х.Бямбажав, Тэргүүлэгч, гавж Д.Лувсанжамц, Ерөнхийлөгчийн шашны бодлогын зөвлөх н.Батаа нар оролцжээ.

Монгол Улсын 21 аймаг, Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй сүм хийдийн тэргүүн лам нар уг зөвлөлийн бүрэлдэхүүнд багтдаг аж. Тэргүүн лам нарын зөвлөл нь Монголын Бурханы шашны бодлого, хэтийн төлөв, бие даасан байдал, эв нэгдэл, шүтэн бишрэх эрх, эрх чөлөөг дээдлэн хангахад чиглэгдсэн Монголын Бурханы шашны эрх барих дээд байгууллага юм байна. 

Энэ удаагийн хуралдаанаар Монгол орны хүрээ хийдүүдийн жаяг цааз, холбогдох дүрэм журмууд, Бурханы шашны хийд оронд тавих шаардлага, байгууллагын стандартыг хэрэгжүүлэх талаар ярилцсан байна. Мөн нийгэмд үзүүлэх халамж, үйл ажиллагаагаа жигд явуулах эдийн засаг, сургалтын суурь баазтай байх зэрэг тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхэд уг стандарт ихээхэн нэмэр үзүүлнэ хэмээн лам хуврагууд үзэж байна. Дээрхийн гэгээнтэн Далай багшийн айлдсан “Монгол орны хүрээ хийдүүдийн жаяг”-ын ёсоор сүм хийдүүд ажиллахыг энэ үеэр уриалжээ. Уг жаяг нь лам хуврагуудын дагаж мөрдөх долоон зүйл, орчин цагт нийгмийн сайн сайхныг бүтээн цогцлооход оролцох зүйл заалтыг нэмсэн найман зүйл бүхий ерөнхий цааз бичиг юм байна.

Т.НОМИН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж