Цөмийн туршилтыг бүрэн хориглох гэрээний бүс нутгийн семинар болно

Хуучирсан мэдээ: 2010.03.14-нд нийтлэгдсэн

Цөмийн туршилтыг бүрэн хориглох гэрээний бүс нутгийн семинар болно

Цөмийн туршилтыг бүрэн хориглох гэрээ(ЦТБХГ)-г хүчин төгөлдөр болгоход дэмжлэг үзүүлэх зорилготой бүс нутгийн семинарыг энэ сарын 15, 16-нд Монгол Улсын Гадаад харилцааны яам, ЦТБХГ-ний байгууллагатай хамтран зохион байгуулахаар болжээ.

Гадаад харилцааны яаманд болох тус семинарт Афганистан, Бангладеш, Бутан, Камбож, БНХАУ, Франц, Индонез, Япон, Казахстан, Киргиз, Мальдив, Мянмар, Балба, БНСУ, ОХУ, Шри Ланка, Швед, Тажикистан улсын 50 гаруй төлөөлөгчид оролцох юм байна.

Бүс нутгийн семинар нь Цөмийн туршилтыг бүрэн хориглох гэрээний ач холбогдлыг сурталчлах, ЦТБХГ-г хэрэгжүүлэхэд үндэсний чадавхийг дээшлүүлэх, бүс нутгийн аюулгүй байдал, итгэлцлийг бэхжүүлэх, гишүүн орнуудын хамтын ажиллагааг идэвхжүүлэх, харилцан туршлага солилцох зорилготой юм. Энэ нь ЦТБХГ-ний хэрэгжилтийг хянах олон улсын тогтолцоо буюу газар хөдлөлт, нил авиа, агаар мандал дахь цацраг идэвхт бодисын хэмжээг тодорхойлогч станцуудын үйл ажиллаагааг уур амьсгалын өөрчлөлт, байгалийн гамшгаас урьдчилан сэргийлэх зэрэг хүмүүнлэгийн болон энхийн зорилгоор ашиглах,  орчин үеийн техник, тоног төхөөрөмжийг гишүүн орнуудад нэвтрүүлэхэд чухал ач холбогдолтой юм.

ЦТБХГ-ний олон улсын хяналтын тогтолцоонд хамрагддаг гурван станц тухайлбал, чичирхийлэл, газар хөдлөлтийг бүртгэх PS-25 станц, нил авианы IS-34 станц, агаар мандал дахь цацраг идэвхт бодисын хэмжээг тодорхойлогч радионуклидын RN-45 станц манай улсын нутаг дэвсгэрт байрладаг бөгөөд тэдгээрийн үйл ажиллагаа, мэдээлэл дамжуулалтын түвшин нь олон улсын хэмжээнд өндөр үнэлгээ авдаг бөгөөд эл хүрээнд ЦТБХГ-ний байгууллага манай улсын ШУА-ийн Одон орон, геофизикийн судалгааны төвтэй нягт хамтран ажилладаг.

Манай улс ЦТБХГ-г батламжилсан болон цөмийн зэвсэггүй статустай орны хувьд Бүс нутгийн семинарыг өөрийн улсад зохион байгуулж буй нь олон улсын аюулгүй байдлыг хангах, цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх чиглэлээрх олон улсын хамтын нийгэмлэгийн хүч чармайлтад хувь нэмрээ оруулах, одон орон,геофизик зэрэг шинжлэх ухааны салбарт бусад улстай хамтын ажиллагаагаа идэвхжүүлэх, орчин үеийн техник, тоног төхөөрөмжийг нэвтрүүлэх, мэргэжлийн туршлагаасаа харилцан солилцоход ач холбогдолтой болно хэмээн Гадаад харилцааны яамнаас мэдээллээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж