НЭМЭЛТ 11:00 ЦАГ
Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар Энэтхэг улс дахь Брайбүн Гоман дацанд сурч буй 10-18 насны 357 хүүхдийн хүсэлт гаргасан 219-ийг эх оронд нь авчрах тусгай үүргийн онгоц илгээх, ирсний дараа тусгаарлах, эрүүл мэнд, нийгэм сэтгэл зүйн үйлчилгээ үзүүлэхтэй холбоотой асуудлыг шийдвэрлүүлэхээр тогтоолын төсөл боловсруулан оруулжээ. Зардлыг Хүүхэд хамгааллын зардлаас гаргахаар шийдвэрлэсэн байна. Ламхай нарын 70-аад хувь нь Баянхонгор, Архангай, Завхан, Төв, Хэнтий, Увс аймгийн харьяалалтай, малчин өрхийн хүүхдүүд аж.
Харин ламхай нарын хувьд Дели хотоос 2000 км-ын зайтай газар шавилан суудаг. Эдгээр иргэдийг 2000 км газар өвчний тархалт өндөр бүс нутгуудаар дамжуулж, Дели хотод авчрах нь өөрөө эрсдэлтэй байгаа гэдгийг Гадаад хэргийн яамнаас мэдээлж байсан юм.
Мөн ОХУ-ын өмчлөлд байсан найман байрыг Монгол Улсын өмчлөлд үнэ төлбөргүй шилжүүлэн авчээ. Тодруулбал, 549 өрх 22 жил түрээсээр амьдарч байсныг оршин суугчдад нь хувьчлах бэлтгэл ажлыг хийсэн бөгөөд 1998 оноос хойш яригдсан энэ асуудал Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ОХУ-д хийсэн айлчлалаар шийдэгдсэн билээ.
ХӨВСГӨЛ АЙМАГТ "НАЙРАМДАЛ ЗУСЛАН-2"-ЫГ БАЙГУУЛНА
Засгийн газар өнөөдөр /2020.06.01/ ээлжит бусаар хуралдаж байна. Хуралдаанаар цаг үеийн ач холбогдолтой найман асуудлыг хэлэлцэн шийдвэрлэхээр төлөвлөжээ. Тухайлбал, Засгийн газар болон Улсын Онцгой комиссын хуралдаанаар цар тахлын үед эрсдэлтэй, хүнд нөхцөлд ажиллаж байгаа алба хаагчдад орон сууц олгох тогтоолын төслийг хэлэлцэх юм.
Дашрамд дурдахад, өнөөдрийн хуралдаанаар Олон улсын хүүхдийн Найрамдал зуслан-2 байгуулах тогтоолыг баталсан байна.
Одоогоос 40 жилийн өмнө байгуулсан "Найрамдал" зуслангийн хоёр дахийг ийнхүү шинээр барихаар боллоо хэмээн Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Ц.Ганзориг өөрийн цахим хуудсаараа дамжуулан мэдээллээ.
Зуслан байгуулах газрын асуудлыг судлан, шийдвэрлэхийг БОАЖ-ын сайд Н.Цэрэнбатад, шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг Монгол Улсын 2021 оны төсөвт тусган, хэрэгжүүлэхийг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг нарт тус тус даалгажээ.
Э.БУРАМ