Цусны нөөц хомсдох эрсдэлд оржээ

Хуучирсан мэдээ: 2020.06.01-нд нийтлэгдсэн

Цусны нөөц хомсдох эрсдэлд оржээ

Цусны нөөц хомсдох эрсдэлд оржээ

Коронавирусийн халдвар өдгөө дэлхийн 216 улсад илрээд байна. Дэлхий нийтийг нөмөрсөн цар тахлын улмаас хүмүүс хөл хорионд орж байгаа нь цусны нөөц хомсдоход хүргэжээ. Олон улсад цус, цусан бүтээгдэхүүний нөөц 50 хувиар буурч, доноруудын идэвх ч суларсан байна. Монголд ч бас цус, цусан бүтээгдэхүүний нөөц, эмнэлгүүдийн захиалга нэгдүгээр сараас хойш Улаанбаатар хотын хэмжээнд 40 хувиар буурчээ.

Цусаа өгөх хүний тоо багассан нь халдварт өвчний улмаас их, дээд сургуулиудын үйл ажиллагааг зогсоосонтой холбоотой. Нөгөө талаас үхлийн аюултай хэмээх коронавирусийн халдвараас хүн бүр урьдчилан сэргийлж цусаа өгөх хүний тоо ч багассан байна. Учир нь зүү тариур, цусаар дамжин халдвар авах эрсдэлтэй гэж үзэх хандлагаас үүдэлтэй.

ТЕХНОЛОГИЙН ШИЙДЛҮҮД ШИНГЭСЭН БҮТЭЭГДЭХҮҮНИЙГ БИЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ

Цусаа өгөх хүн олдохгүйд хүрвэл хүний амь нас, цаашлаад үндэсний аюулгүй байдлын асуудал ч үүсэх эрсдэлтэй хэмээн Цус сэлбэлт судлалын үндэсний төвийн захирал Н.Эрдэнэбаяр ярьж байна. Тэрбээр “Дэлхий дахинд коронавирусийн цар тахал гарсантай холбоотой улс орнуудын эрүүл мэндийн салбарт томоохон өөрчлөлт, шинэчлэлтийг бий болгож байна. Үүнээс нэг гол онцлох салбар бол манай цусны алба байна. Цус, цусан бүтээгдэхүүн хэрэглэдэг өвчлөлүүд түүн дотроо цусны нөөц үүсгэдэггүй бүтээгдэхүүн буюу ялтас эсийн бүтээгдэхүүний захиалга сүүлийн 10 жилийн статистик мэдээгээр 40 дахин нэмэгдсэн. Ялтаст эсийн бүтээгдэхүүнд нөөц үүсгэж болдоггүй учраас өнөөдөр хэн нэгэн цус алдах, эмчилгээнд нь шаардлагатай байгаа хүмүүст эмнэлгүүдийн захиалгын дагуу олгодог онцлог бүтээгдэхүүн. Тус бүтээгдэхүүн нь нөөц үүсгэдэггүй учраас бид өдөр бүр цус цуглуулахгүй л бол ялтаст эсийн бүтээгдэхүүн олоход хүндрэл үүснэ гэсэн үг.

Өнгөрсөн жилүүдэд коронавирустэй холбоогүйгээр 7, 8 дугаар сард цусны нөөц бүлгийн хамааралтай буурах хандлагатай байдаг байсан. Гэтэл энэ жил коронавирусийн халдвар тархсан учраас цусны нөөц илүү буурах нөхцөл үүсгээд байгаа. Ирэх 7, 8 дугаар сард бид яаж ажиллах талаараа төлөвлөгөөгөө гаргаж байна. Сүүлийн үед технологийн шийдлүүд шингэсэн бүтээгдэхүүн бий болгох шаардлагатай байгаа учраас нэг хүнээс зургаан хүнээс цус авсантай тэнцэх бүтээгдэхүүнүүд бий болгох тал дээр ажиллаж байна” гэв. 

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж