Хадгаламжийн хүүнээс татвар авахгүй боллоо

Хуучирсан мэдээ: 2015.12.18-нд нийтлэгдсэн

Хадгаламжийн хүүнээс татвар авахгүй боллоо

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Эдийн засгийн ил тод байдлыг хангах тухай хуулийн төслийн хэрэгжилттэй холбоотойгоор Ерөнхий сайдын мэдээллийг сонсч, гишүүд сонирхсон асуултдаа хариулт авч дуусав.

Үүний дараа Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж баталлаа. УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаанаар дээрх хуулийн төслийг хэлэлцэх үед нэр бүхий гишүүд анхны хэлэлцүүлгээр нь батлах горимын санал гаргасныг олонхи нь дэмжсэн байна. Эл саналыг чуулганы хуралдаанд оролцсон гишүүд мөн дэмжсэн юм.

Уг хууль батлагдсанаар банкин дахь хадгаламжийн хүүнээс татвар авахгүй болж буй. Энэ үйлчлэл 2018 он хүртэл хүчинтэй байх юм.

Мөн Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, гишүүдийн 77.6 хувийн саналаар дэмжин баталлаа.

Уг хууль батлагдсанаар сэргээгдэх эрчим хүч түүнийг байгуулахтай холбоотойгоор импортоор орж ирэх тоног төхөөрөмжийг гаалийн татвараас хөнгөлөх юм. Дээрх хуулийг УИХ-ын гишүүн С.Оюун санаачилжээ.

Хэлэлцүүлгийг хийх шатанд УИХ-ын гишүүн А.Тлейхан “УИХ-аас өнгөрсөн зургадугаар сард Эрчим хүчний салбарт төрөөс баримтлах бодлого батлагдсан. Бодлого батлагдсанаар энэ салбарт үйл ажиллагаа эрхэлдэг дотоодын үйлдвэрүүд ашигтай ажиллах боломж нээгдэж, гадаадын хөрөнгө оруулалт татах боломж нээгдсэн. Тийм учраас энэ хуулийг батлах ёстой, дэмжиж байна” гэсэн юм.

Дараа нь Гааль татварын ерөнхий газрын эрх зүйн байдлын тухай хуул ийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, улмаар эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлснээр чуулганы хуралдааныг түр завсарлуулаад байна.

Энэ хооронд Төсвийн байнгын хороо хуралдан дээрх хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж чуулган руу оруулж ирэх юм.

Г.ДАРЬ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж