Эрүүл мэндийн яам коронавируст халдварын нөхцөл байдлын талаар цаг үеийн ээлжит мэдээлэл өнөөдөр /2020.05.31/хийлээ.
ЭМЯ-ны Олон нийттэй харилцах, тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл: Дэлхийн 216 улс оронд коронавируст халдвар бүртгэгдэж, 150 мянган хүн өвчилж, 370 мянган хүн нас баржээ. Одоогоор 3 сая хүн эмчлүүлж байгаа бол 2.7 сая хүн эдгэрч, эмнэлгээс гарсан.
Сүүлийн 24 цагийн дотор 123 мянган хүн шинээр өвчилж, 4000 гаруй хүн нас барсан. Уг тоог өмнөх өдрүүдтэй харьцуулахад халдварын өвчлөл 1000 хүнээр, нас баралт 700 гаруй хүнээр буурчээ.
ОХУ-д 24 цагийн дотор 8952 хүн коронавируст халдвар шинээр авсан бол Буриад, Эрхүү, Тувад өвчлөл 27-168 шинэ тохиолдолоор нэмэгджээ. Эрхүү хотод гэхэд 168 тохиолдолд шинээр бүртгэгдсэн. Ийм өндөр эрсдэлтэй байхад өчигдөр /2020.05.30/ Увс аймгийн Давст сумаас хоёр иргэн мориор Тува руу нэвтэрч, буцах замдаа Монгол Улсын хил дээр баривчлагдсан. Тус хоёр иргэнийг саатуулахын тулд хилийн долоон офицер, эмнэлгийн ажилчид ажилласан. Тэднийг Увс аймгийн нэгдсэн эмнэлгийн халдварын тасагт тусгаарлаад байна. Одоогоор тэднээс халдварын шинж тэмдэг илрээгүй. Өвчлөл өндөр байгаа энэ үед бид хүн хүчээ дайчилж ажиллаж байхад дээрх хоёр иргэн өвчлөл өндөртэй Тува руу амны хаалтгүй зорчсон нь бидэнд аюул авчрах дохиог өгч байна. Ийм учраас Увс, Хөвсгөл, Сэлэнгэ, Дорнод зэрэг ОХУ-тай хил залгаа оршдог аймгийн иргэд өндөр сонор сэрэмжтэй байж, амны хаалт, гараа байх угаах мөн хил орчим дэмий сэлгүүцэхгүй байхыг ЭМЯ-наас анхааруулж байна.
Манай улсын хувьд шинээр нэг сэжигтэй тохиолдол бүртгэгдэж, Увс аймгийн эмнэлэгт тусгаарлагдлаа. Одоогоор 1991 хүн ажиглалтын байранд байна. Архаг хууч өвчтэй 107 хүнд 29 их эмч, 57 резидент эмч эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлж байна. Орон нутгийн 15 чиглэлийн галт тэрэгт төмөр замын 11 эмч ажилтнууд ажиллаж, 3925 хүнд коронавирусийн халдвар илрүүлэх тандалтын судалгаа хийхэд сэжигтэй тохиолдол илрээгүй. 24 цагийн 119 утсанд 170 дуудлага ирж, халдварын урьдчилан сэргийлэлт болон клиникийн эмнэлзүйн тэмдэгийн талаар зөвлөгөө авсан. Мөн шуурхай 119 апп-аар Франц, АНУ, ОХУ-аас таван иргэнд холбогдож зөвлөгөө авсан.
ХӨСҮТ-ийн захирал Д.НЯМХҮҮ: Тавдугаар сарын 30-нд ХӨСҮТ, Дархан-Уул аймгийн вирус судлалын лабораторид нийтдээ 31 шинжилгээ хийгдсэн. Бүх шинжилгээнээс коронавирусийн халдвар илрээгүй. Үүнийг задалбал, тандалтын зорилгоор хоёр сорьц сонгож авсан. Баянгол дүүргийн нэгдсэн эмнэлгээс сорьц авч шинжлэхэд коронавирусийн халдвар илрээгүй. Мөн Алтанбулагийн боомтоор орж ирсэн 28 ачаа тээврийн жолооч, Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан нэг хүний давтан шинжилгээг хийлээ. Мөн коронавирусийн халдвар илрээгүй.
Өнөөдрийн байдлаар батлагдсан нийт тохиолдол 179 хүн байгаа. Үүнээс 44 хүн эдгэрсэн бол 135 хүн эмчлэгдэж байна. 116 хүний биеийн байдал хөнгөн, 19 хүн хүндэвтэр 8-16 насны таван хүн, жирэмсэн эх хоёр байсан бол нэг нэмэгдсэн. Элэгний хавдрын оноштой нэг хүн, сахарын өвчинтэй нэг хүн коронавирусийн халдвар авч эмчлэгдэж байна.
ХӨСҮТ-д одоогоор 169 хүн хяналтад байна. Коронавирусийн халдварын голомттой байгаа Тува руу Увс аймгийн хоёр иргэн зорчсон нь бидний өнгөрсөн таван сарын хөдөлмөрийг үгүй хийх ийм үйлдэл боллоо. Манай улс маш сайн зохион байгуулалт дор өнгөрсөн таван сарыг өнгөрөөсөн. Хүн бүр хичээхгүй бол нэг нь л алдаа гаргахад нөхөж баршгүй гарз хохирол амсах болно. Бид Сэлэнгэ аймгийн Алтанбулаг боомт руу МХЕГ, ОБЕГ, ХӨСҮТ-өөс баг гарч ирэх долоо хоногт газар дээр нь ажиллана. Тусгаарлалтад байгаа хүмүүсийн давтан шинжилгээг авах ажлыг өнөөдрөөс зохион байгуулж, авна. Маргааш эх үрсийн баяр болох гэж байгаа тул хөл хориотой байга гэдгээ онцгой анхаарч дэглэмээ сайн баримтлахыг зөвлөе. Баярын идээ ундаа идсэний дараа гэдэсний хордлого их гардгийг санаарай. Маскаа тогтмол зүүж олон нийтийн газраар явахгүй, анхаарлаа сулруулахгүй байхыг хүсч байна.
Холбоотой мэдээ