А.Гантулга: Найман хувийн зээл бол улс төргүйгээр явдаг, эзнээ олж очдог ганц хөтөлбөр | News.MN - Мэдээллийн эх сурвалж

А.Гантулга: Найман хувийн зээл бол улс төргүйгээр явдаг, эзнээ олж очдог ганц хөтөлбөр

Хуучирсан мэдээ: 2015.12.18-нд нийтлэгдсэн

А.Гантулга: Найман хувийн зээл бол улс төргүйгээр явдаг, эзнээ олж очдог ганц хөтөлбөр

Төрийн орон сууцны корпорацийн ерөнхий захирал А.Гантулгатай ярилцлаа. 


Цэцийн энэ шийдвэрт улстөрийн өнгө аяс  орчихов уу даа гэж хардаж байгаа 

-Үндсэн хуулийн Цэцийн шийдвэртэй холбогдуулан арилжааны банкууд орон сууцны найман хувийн хүүтэй зээл олгохоо зогсоолоо. Энэ нь зээлд хамрагдах гэж байсан, зээл хөөцөлдөж явсан олон иргэнд хүнд цохилт боллоо. “Буянт-Ухаа 2” хорооллын хувьд яг захиалгаа өгөөд банкны зээлд хамрагдахаар хөөцөлдөж явсан хэдэн хүн байсан бэ. Цэцийн энэ шийдвэр танай байгууллага дээр яаж тусч байна вэ?

-Цэцийн их суудлын шийдвэр эцсийнх байдаг. Төрийн байгууллагын шийдвэрийг мэдээж хүндэлнэ, биелүүлнэ. Гэхдээ би гурван зүйлээр харамсч байгаа. Нэгд, төрийн ажил хийж байгаа ТОСК-ийн захирлын хувьд харамсч байна. “Буян-Ухаа 2” хороолол дээр Улсын комисс ажиллаж, энэ сарын 15-наас эхэлж айлуудаа шинэ жилээс өмнө байранд нь оруулахаар төлөвлөж байсан. Улсын комисс хүлээж авсны дараа айлууддаа үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг нь олгож, банкууд түүнийг нь барьцаалж зээл олгох байсан. Энэний дараа айлууд байрандаа ордог. Зөвхөн “Буянт-Ухаа 2” хороолол дээр гэхэд урьдчилсан тооцоогоор 200 гаруй иргэн банкны зээлээ хүлээж байсан. Гэтэл Цэцийн шийдвэрээс болж оноос өмнө шинэ байранд орох тэдний мөрөөдөл нь биелэхгүй боллоо. Өнөөдөр бүх бүтээн байгуулалт зээлээр, биесээ нөхсөн санхүүгийн гинжин холбоотой явж байгаа. Банкны зээл гарахгүй болохоор бид байраа зарж чадахгүй, өндөр хүүтэй бондын төлбөрийн хүүгээ цагт нь төлж чадахгүй, мөн “Буянт-Ухаа 2”-ыг барьсан монгол ажилчид цалингаа авч чадах эсэх нь тодорхойгүй болж байна. Төрийн захиалгаар төрийн ажлыг хийж байсан жирийн барилгачнаас эхлээд төрийн компани гэдэгт нь итгэж төрөөсөө орон сууц худалдаж авах гэж байсан захиалагчид, тэгээд иргэдээ орон сууцжуулах Засгийн газрын хөтөлбөрийг хэрэгжүүлж байсан ТОСК-ийнхан, манай байгууллагатай харилцдаг банкууд гээд тоочвол бидэнд Цэцийн шийдвэр үнэхээр хүнд туслаа. Хоёрт, би улстөрчийнхөө хувьд туйлын харамсч байна. Цэцийн энэ шийдвэрт улстөрийн өнгө аяс жаахан орчихов уу даа гэж хардаж байгаа. Гэтэл найман хувийн зээлийн олголт, ТОСК-ийн байрны борлуулалт бол улстөргүйгээр явдаг, ард түмний эрэлт хүсэлтэд нийцсэн, жинхэнэ зах зээлийнхээ хуулиар явж байсан цорын ганц төсөл юм шүү дээ. Тийм ч учраас өнөөдрийн байдлаар 175 мянган иргэн найман хувийн зээлд хамрагдаж байртай болсон байна. Хэрвээ ямар нэгэн юмыг зогсоох хэрэгтэй байгаа бол энэ замбараагүй улстөржилт, намын талцлаа л зогсоогооч гэж хэлмээр байна. Гуравт, иргэнийхээ хувьд Цэцийн шийдвэрт харамсч байгаа. Өнөөдөр эдийн засаг хаа сайгүй хүнд байна. Энэ хүндрэлийг бид зогсч биш, хөдөлж байж давна. Манай ТОСК гэхэд зөвхөн байр зараад байдаггүй юм шүү дээ. Бид ажлын байр, худалдан авалт зэргээр эдийн засагт бодитой эргэлт бий болгодог. Өөрөөр хэлбэл, Монголын эдийн засгийн том оролцогч. Хэрвээ манайд байр захиалсан 200 гаруй хүн найман хувийн банкны зээлээ авчихсан бол манайх банкны хүүгээ төлөх, туслан гүйцэтгэгч нар цалингаа цагтаа авах, өмнөх өр төлбөрөө барагдуулах гэх зэргээр ойролцоогоор 10 гаруй тэрбум төгрөгийн эргэлт бий болох байсан. Энэ бүхний хаялга, гинжин урвал нь Монголын нийт эдийн засагт эерэг хөдөлгөөн болох байлаа. Үнэхээр харамсалтай.

-Энэ жил “Буянт-Ухаа 2” хорооллын 30 барилга буюу 1620 айлын орон сууц шинээр ашиглалтад орж байгаа. Үүнээс найман хувийн зээл зогсохоос өмнө зээл авч амжсан нь хэд байна вэ?

-Огт зээлгүйгээр байраа авсан хүн бараг байхгүй. “Буянт-Ухаа 2” хорооллын эхний ээлжид ашиглалтад орох 1620 айлаас 1130 нь захиалгаа өгч, 10 хувийн урьдчилгаа төлбөрөө байршуулсан байсан. Тэгэхээр эдгээр иргэдийн банкны зээл ч зогсч, хүлээлтийн байдалд шилжлээ. 1130 гэдэг бага тоо биш. Нэг айлын ард 4-5 хүн бий гэвэл бараг 6000 шахуу хүнийг утаан дундаа өвөлж, 1130 айлыг нүүрсээ түлж хотын утааг нэмээд өг гэж байгаагаас ялгаагүй.

-Одоо нэгэнт шийдвэр гарчихлаа. Авсан захиалгаа цуцлахгүй, “Буянт-Ухаа 2” хорооллын захиалгыг хэвийн явуулахын тулд ТОСК цаашид ямар арга хэмжээ авч, гарц хайж байна вэ?

-Цэцийн шийдвэрт хамгийн хүндээр өртөж байгаа нь манай байгууллага. Хотод цахилгаан тасрахаар эрчим хүчнийхэн, цахилгаан станцууд онцгой байдалд ажилладаг даа. Цэцийн шийдвэр яг тэрэн шиг байртай болох гэж байсан, хамгийн багадаа 1600 гаруй айлын цахилгааныг тасалчихлаа. Тийм учраас тэднийг байраар хангах гэж байсан манай байгууллага сүүлийн хэдэн өдөрт “онцгой байдал”-д ажиллаж байна. ТОСК-ийн зүгээс Монголбанк, МИК-тай ярьж, Төрийн сууцны корпораци “Буянт-Ухаа 2” хорооллын захиалагчдад зориулж тусгай, яаралтай хэмжээ авъя гэж ярилцаж байна. Гэхдээ энд заавал Засгийн газрын шийдвэр хэрэгтэй. Өмнө нь Орон сууц санхүүжилтийн корпораци гэж байхад 40 мянган айлын орон сууцжуулах хөтөлбөр хэрэгжүүлж байсан. Тухайн үед Орон сууц санхүүжилтийн корпораци иргэдэд өөрөө зээл өгч байсан хувилбар, туршлага бий. Харин ТОСК эрхзүйн хувьд өнөөдөр тийм боломжгүй.

Үүнтэй төстэй төслийг хэрэгжүүлэхийн тулд Санхүүгийн зохицуулах хороо, Монголбанкны хууль дүрмийн дагуу зөвшөөрөл авах шаардлагатай. Эдгээр байгууллагууд дүрэм журмынхаа дагуу эрх, зөвшөөрлийг нь өгвөл бид өөрсдөө санхүүжүүлэх тусгай хөтөлбөр хэрэгжүүлэхэд бэлэн байгаа.

Иргэдийг орон сууцжуулах хөтөлбөр “нэг цэгийн үйлчилгээ”-тэй байхад буруугүй 

-Ингэхээр танайд хэт давуу байдал үүсч, бусад хувийн хэвшлийнхээ бизнесийг төрийн нэрээр булаах, ингэснээр чөлөөт эдийн засгаа илүү нураах эрсдэл бий болох юм биш үү?

-Зарим хүн яг тэгж хэлдэг юм. Хувийн хэвшил байх нь, төр нь хувийн хэвшлээ дэмжих нь зах зээлийн “хууль”. Тэгвэл хэрвээ төр гэж байгаа л бол нийгмийн дундаж хэсэг, бага, дунд орлоготой иргэдээ дэмжих нь бас “хууль”. Зөвхөн зохицуулалт хийх нь төрийн үүрэг биш юм. Нийгмээ бүтнээр нь сайн сайхан болгохын төлөө зорилтот бүлгээ дэмжих нь төрийн үүрэг. Энэ хүрээнд бага, дунд орлоготой иргэдээ хямд өртгөөр байртай болгох хөтөлбөрийг төрөөс хэрэгжүүлж байгаа. Энэ бол хоёр дахь удаагаа байр авах гэж байгаа юм уу, одоогийн манайхны хэлдгээр “Зайсан”-гийнханд зориулагдсан хөтөлбөр биш. Тэгэхээр энэ бол бизнес булаацалдах бус, харин ч зах зээлийнхээс нь хямд өртгөөр орон сууцжуулах үүргийг төр өөртөө авч байгаа юм. Тиймээс энэ хөтөлбөр цогц, “нэг цэгийн үйлчилгээ”-тэй байхад буруугүй. Өнөөдөр зарим барилгын компани хажуудаа банк бус санхүүгийн байгууллагатай. Барилгаа бариад л банк бус санхүүгийн байгууллагаараа дамжуулаад борлуулалтаа хийж байна. Тэгвэл үүнийг л Төрийн орон сууцны корпораци хийх бүрэн бололцоотой байгаа. Харин ч иргэдэд илүү ашигтай. Компани, худалдан авагч хоёр банк гэж гуравдагч этгээдгүйгээр шууд гэрээ байгуулна, банк эрсдэлд орох вий гэж зээлдэгч ч санаа зовохгүй. Зээл авсан хүн зээлээ төлөхгүй алга болчих вий гэж банк ч санаа зовохгүй. Зээлдэгчийн өмнө ТОСК баталгаа гаргана.

-Төрд Төрийн банк гэж банк байгаа. Энэ банкаараа дамжуулаад ядаж зээл авахаар бэлэн болсон иргэдэд найман хувийн хүүтэй зээл олгож болохгүй юу?

-Боломж бол байгаа. Арилжааны банк шиг хатуу шаардлага тавихгүйгээр хөнгөлөлттэй нөхцөлөөр зээл олгох боломжтой гэдгийг Төрийн банкны зүгээс хэлж байгаа. Гэтэл манай зарим иргэд татвар, нийгмийн даатгалаас зугтах зорилгоор орлогоо буруу мэдүүлснээс болж эргээд арилжааны банкнаас зээл авахад хүндрэл учруулах, бүр зээл авч чадахгүй байдалд ч хүрдэг. Төрийн банк бол хувийн нууцлалыг нь хадгалж, хар дансанд бүртгэгдсэн орлогыг нь хүртэл хүлээн зөвшөөрч зээлд хамрагдах үндсэн шалгуурыг хангаж байгаа л бол дэмжлэг үзүүлэх боломжтой гэсэн. Гэхдээ өнөөдрийн байдлаар эцэслэн тохирсон зүйл алга.

Урьдчилгаа төлбөрийг 10 хувь болгоно  гэж зарласнаараа барилгын салбарт том садаа л болсон  

-Найман хувийг зогсоохоос өмнө орон сууцны зээлийн урьдчилгаа төлбөрийг 10 хувь болгох асуудал иргэдийн дунд нэлээд хүлээлт үүсгэсэн. ТОСК-ийн захирлын хувьд, барилга барьдаг хүний хувьд асуухад өнөөгийн нөхцөлд 10 хувь болгох боломж байгаа юм уу?

-Уг нь бол төр урьдчилгаа 30 хувийн 20 хувь дээр нь баталгаа гаргах мөнгөтэй эдийн засагтай байсан бол болохгүй зүйлгүй. Гэвч өнөөдөр эдийн засгийн тийм чадавхи алга. Мөнгөгүй, эрхзүйн болоод санхүүгийн орчныг нь бүрдүүлээгүй байхад 10 хувь гэж зарласнаараа барилгын салбарт том садаа л болж байна. Харин ТОСК-д зээлээ өөрөө өгөх Батлан даалтын сангийн зөвшөөрлийг нь шийдээд өгвөл зөвхөн урьдчилгаа төлбөрийн 10 хувь гэлтгүй, найман хувийн хүүг ч ганц хоёр пунктээр бууруулах боломж бий. Тийм менежмент хийх бололцоотой. Энэ тухай би холбогдох албан хүмүүст нь саналаа хэлээд явж байгаа. Энд хүний, өөрийн нам, сонгууль энэ тэр огт хамаагүй. Аль болох олон айлыг дааж чадах эдийн засгийн боломждоо тааруулаад хямд, хөрсөн дээрээ буусан өртгөөр байртай болгох нь л төрийн, ТОСК-ийн зорилго. Би бол төрийн энэ зорилгыг л хэрэгжүүлэх гэж яваа менежер шүү дээ.

Төр баталгаа гаргаж чадахгүй бол ТОСК өрөө 20 хувийг батлан даая гэж санал гаргасан 

-Арван хувийн мэдээлэл садаа боллоо гэж байна. Жишээ нь, танай “Буянт-Ухаа 2” хорооллын борлуулалт дээр яаж мэдрэгдсэн бэ?

-Манайд захиалга өгсөн ихэнх иргэд 10 хувийн урьдчилгаа төлбөрөө төлсөн байгаа. Үлдсэн 20 хувийг нь улс даана гэсэн хүлээлттэй байгаа. Ингэх нь ч аргагүй байна. Өнөөдөр 30 хувийн урьдчилгаа төлөөд байранд орох чадалтай хүн их ховор байна. Тийм учраас л хувь хүн өөрөө төлж чадахгүй, төр баталгаа гаргаж чадахгүй бол ТОСК өрөө 20 хувийг батлан даая гэж санал гаргаад байгаа юм.

-ТОСК урьдчилгаа төлбөрийн 20 хувь дээр баталгаа гаргана гэсэн үг үү?

-Тэгэх боломжтой. ТОСК-ийн баталгааг банкууд үнэлэх, зөвшөөрөх боломжтой гэвэл иргэдийн зээлийн 20 хувийг батлан дааж болно гэж харж байгаа. Өнөөдрийн эдийн засгийн хүндрэлийн хажуугаар банкуудын өндөр хувьтай хүү, өндөр шалгуур, МИК-ээс гаргасан ипотекийн зээлийн журмууд иргэдэд үнэхээр хүнд тусч байна. Иймд төр төмөр нүүртэй биш гэдгээ харуулж, ард иргэддээ боломж олгож, тэднийг 10 хувийн урьдчилгаагаар байртай болгох менежментийг хийх эрхийг ТОСК-д өгчих л гэж байгаа юм.

-Гэхдээ 20 хувийг нь батлан даах хэмжээний санхүүгийн эх үүсвэр танайд байхгүй ш дээ. Ямар тооцоолол хийсний үндсэн дээр боломжтой гэж хараад байгаа юм бэ?

-Мэдээж тийм их хэмжээний санхүүжилт хийх хөрөнгө байхгүй. Энгийнээр хэлэхэд, иргэд 10 хувиа төлж банкнаас 90 хувийн зээл авна. Харин ТОСК иргэдийн төлсөн мөнгөний 20 хувийг баталгаа болгож банкинд нь үлдээж, 70 хувиар нь барилгаа барьж, зардлаа нөхөх боломжтой. Үүнийг арилжааны банкууд, МИК “боломжтой” гэж байгаа. Харин Монголбанктай болохоор Засгийн газрын баталгаа хэрэгтэй гэдэг. Засгийн газрын баталгаа гаргах санхүүгийн эх үүсвэр байхгүй. Зээлье гэхээр засгийн газрын өр нэмэгдэж, улсын өрийн таазнаас хэтрэх гээд байгаа юм. Хэрвээ шийдчихвэл менежментийг нь ТОСК хийх, хэрэгжүүлэх бололцоотой. Ингэвэл олон айл байртай болно. Гэхдээ бид бодлого хэзээ гарахыг хүлээхгүйгээр энэ талын судалгаа хийх, эдийн засгийн хүндрэл, 10 хувиас болоод борлуулалт нь саатсан байруудаа зөвхөн худалдан борлуулахаас гадна эдийн засгийн эргэлтэд оруулах вэ гээд янз бүрийн менежмент хийж байна. Үүний нэг нь түрээсний орон сууцны хөтөлбөр хэрэгжүүлэхэд бэлэн болоод байгаа.

-Одоо барьсан барилгаасаа түрээслүүлнэ гэсэн үг үү?

-Тэгнэ. Хөтөлбөр бол батлагдсан байгаа. Ирэх даваа гаригт Засгийн газрын хуралдаанаар түрээсийн орон сууц хөтөлбөрийн журмыг танилцуулах төлөвлөгөөтэй байна. Хэдийн зах зээлээс хямд өртөгтэй ч, өнөөдрийн эдийн засгийн орчинд шууд худалдан авалт хийх чадвар иргэдэд сул байна. Тийм учраас барьсан байшингаа иргэдэд боломжийн үнээр түрээслүүлнэ. 2015 онд мөрдөгдөх түрээсийн орон сууцны нэг өрөө байрны түрээсийн төлбөрийг нийслэлд 200 мянган, хөдөө орон нутагт 150 мянга байхаар тогтоох гэж байна.

-Арван хувиа төлөөд захиалгаа өгсөн байгаа иргэдийн зээл, байрны асуудлыг яаж шийдвэрлэх вэ?

-АН, Шударга ёс эвслийн бүлгээс ахин хуулийн төсөл өргөн барьж найман хувийн хүүтэй зээлийг үргэлжлүүлнэ гэсэн мэдээлэлтэй байгаа. УИХ энэ сардаа багтаад баталчихвал он гараад найман хувийн зээл урьдын адил хэвийн үргэлжилнэ.

Хүрз бариад бүтээн байгуулалтад оролцох ч эх оронч сэтгэлгээ 

-Та ТОСК-ийн удирдаад гурван жил болсон байна. Энэ хугацаанд хэчнээн байр барьж, хэдэн иргэнд байрны түлхүүр гардуулж өгсөн бэ?

-Ямар ч ажлыг хийхэд сэтгэл чухал гэж би үздэг. Миний хувьд хувийн ч бай, хувьсгалын ч бай ямар нэгэн ажлыг сэтгэлээрээ л хийдэг. Хамт олноо ч сэтгэлээрээ, сэтгэлээсээ удирдахыг хичээдэг. Тийм учраас ганц би биш, гар сэтгэл нийлсэн ТОСК-ийн хамт олон гэдэг утгаар таны асуултад хариулмаар байна. Бид өнгөрсөн хугацаад нийт 4000 гаруй айлын орон сууцыг барьж ашиглалтад оруулсан байна. Энэ онд гэхэд хот, хөдөө нийлсэн 2000 гаруй айлын сууцыг барилаа. Цаашид барилгын салбарт маш олон зүйлийг хийх шаардлагатай байна. Барилгын яам маш сайн бодлоготой болмоор байна. Бүх төвшиндөө хүндээ зориулсан барууны стандартыг нэвтрүүлж ажиллах хэрэгтэй байна. Барилга барихад стандарт хамгийн чухал. Одоо бид хүнээ бодсон стандартыг чухалчилдаг болмоор байна. Тэгээд монголчууд бид гар, сэтгэл нийлээд ажиллавал юунд хүрч чаддагийг “Буянт-Ухаа 1, 2” хорооллоор харуулсан гэж бодож байна. Нийт 3000 гаруй залуус энэ бүтээн байгуулалтад оролцож, үндэсний үйлдвэрлэгч компаниуд нэгдэж ажилласан. Гаднын ажилчин гэж байсангүй, дотоодод үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнээ хэрэглэхийг зорилоо. Өнөөдөр монголчууд бид нийтээрээ шахуу сайн мэдээ, сайхан үйлд баярлах сэтгэлгүй болжээ. Нэгэндээ урмын сайхан үг хэлэхээ больжээ. Энэ бүтээн байгуулалтыг дагаж олон компани ажилтай, тогтмол орлоготой байсан. Гэтэл сайхныг нь биш мууг нь түрүүлж хардаг сэтгэхгүйдээ дийлдээд байх шиг санагддаг.

-Үндэсний бүтээн байгуулалт, үндэсний үйлдвэрлэлээ хэр дэмжиж ажилласан гэж үздэг вэ?

-Хятад улс жилд нэг сая тонн биш нэг тэрбум тонн цемент үйлдвэрлэдэг. Өртөг нь маш бага. Манайд өнөөдөр нэг сая тонн цемент үйлдвэрлэх хоёр сайхан үйлдвэр барилаа. Гэсэн ч Хятадын бага өртөгтэй цементийн үнэд дарагдаад байна. Иймд импортын цементийн нийлүүлэлтийг хязгаарлаж, дотоодын үйлдвэрлэлээ дэмжсэн бодлогыг яам явуулах шаардлага байгаа. Манай корпорацийн зүгээс шалгарсан туслан гүйцэтгэгч компаниудад дотооддоо байхгүй, зайлшгүй бараа бүтээгдэхүүнийг л гаднаас авах шаардлагыг тавьж ажилладаг. Цемент, арматур, хаалга, шал, цонх гээд бүгдийг дотоодоосоо авах шаардлага тавьдаг. Ингэж байж жижиг дунд үйлдвэрлэл хөгжиж, нэг нь ч гэсэн хөл дээрээ бат зогсоно. Аж нэгжүүд бүгд л зээлээс зээлийн хооронд амьдарч байна. Тэгэхээр нэг нэгийгээ дэмжиж ажиллахгүй бол болохгүй байна. Эх оронч сэтгэлгээ гэдэг чинь буу бариад зөвхөн хил манахыг хэлэхгүй. Хүрз бариад үндэсний бүтээн байгуулалтад оролцох, бие биеэ дэмжиж хамтран бүтээх ч эх оронч сэтгэлгээ. Хэрвээ өнөөдөр хүн бүр өмнөх ажлаа л сайн хийгээд явбал хөгжихөд ойрхон байна гэж би хардаг. Гэтэл дуучин хүн барилгын лиценз барьчихаад барилга барина гээд явж байна. Энэ нь өөрөө барилгын салбарын хөгжлөөс хойш татаж байна шүү дээ.

-Эцэст нь танайхаас асуухад, зорилтод бүлгийг орон сууцтай болгож, зээлээр орон сууцтай болгоно гэж ярьж байгаа ч иргэд банкны өндөр шалгуураас болж унаад байгаа юм биш үү?

-Яг үнэнийг хэлэхэд өнөөдрийн банкны систем хэцүү байна. Ганц иргэдэд ч гэлтгүй хувийн хэвшлийнхэнд ч хүнд байна. Эдийн засгийн хүнд үед маш өндөр хүүтэй зээл авч байна. Саяхан Худалдаа хөгжлийн банкийг дээрэмдсэн хоёр залууг баривчилсан байна. Харин ард түмнийг дээрэмддэг банкийг хэзээ баривчлах вэ гэж ярьж байна. Банкууд зээлийн хүүгээ бууруулахгүй бол бага хүүтэй зээл олгох гаднын банк оруулж ирье гэж Ц.Нямдорж гишүүн хэлсэн нэг талаараа зөв шүү дээ. Жилийн хоёр хувийн хүүтэй зээл олговол өнөөдөр Монголд үйлдвэрлэл босно шүү дээ. Гэтэл өнөөдрийн манай банкны систем маш өндөр хүүгээр ард түмнийг шулж байна шүү дээ. Зөвхөн найман хувийн зээлд хамрагдахын тулд 21 төрлийн бичиг баримт бүрдүүлэх жагсаалт байдаг. Иргэд тэрэн дээр нь бүдэрдэг. Ард түмнээр дандаа гуйлгуулах бодлого яваад байдаг. Гэтэл төр, хувийн хэвшлийн аль аль нь ард түмэндээ үйлчлэх ёстой. Ард түмнээ бодсон төрийн бодлого өнөөдөр үгүйлэгдэж байна.

Энхтайван МӨНХЦЭЦЭГ

 

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

zochin 2015-12-18 202.179.8.26

8 huviin zeeliig uridiin adil haanaas ch bair avsan huuchnaar ni yavuulj mongonii ursgaliig gatsaanaas gargah heregtei, ingej chadvali ali ali taldaa ashigtai, bas mongonii tugjreld orohgui shu de. mongonii ursgald tugjirsnees avtomashiniihaa tugjreld baisan ni deer baih, barilgiin kompani, bank

Зочин 2015-12-18 202.70.44.146

энэ ипотекийн зээлийн цаад утга агуулга нь орон бууцыг үнэ бууруулахгүй, өндөр хөөсөн үнээр нь иргэдэд шахад хатуу чиглэж байгаа юм юм ойлгохгүй иргэд хөөрөөд л байх юм ингэж болохгүй. тэр 20 хувийг та өндөр хүүгээр л төлнө. одоо хамгийн гол нь орон сууцны үнэ хөрсөндөө буутал авахгүй байх хэрэгтэй.

bussnesmen 2015-12-18 59.153.87.8

BUGDIINHEN NI TOLGOI ERGESEN BNA. UNDSEN HUULI NI HURTEL NAIDBARGUI, YU CH HIIJ MEDNE SHUU ENE MONGOLCHUUD

gadaad zochin 2015-12-18 59.153.87.8

Mongolchuudiin tsets ni hurtel naidbargui yumaa

Иргэний бодол 2015-12-18 122.201.22.87

Нэг юмыг бид сайн ойлгох хэрэгтэй.Цэц гэдэг байгууллага Үндсэн хууль зөрчсөн эсэхийг хянадаг шүүх.Хэрэв үндсэн хууль зөрчсөн байвал зөрчжээ гэж, зөрчөөгүй бол зөрчөөгүй гэж дүгнэлт гаргана.8 хувийн байтугай, 0 хувийн зээлтэй байсан ч "Уул нь Үндсэн хууль зөрчсөн нь зөрчсөн юм байна. Гэхдээ хөөрхий иргэдээ бодоод Үндсэн хууль зөрчөөгүй байна гэж дүгнэлт гаргая" гэхгүй. Хэрэв Цэц ингэж асуудалд хандвал Үндсэн хуулийн манаач бишээр барахгүй, маш хариуцлагагүй байгууллага болж хувирна.Тэгэхээр энэ ТОСК-ийн дарга нөхөр Цэцийн шийдвэрт харамсах биш, өөр гарц, хувилбар хайх хэрэгтэй. Үүний тулд энэ нөхрийг энэ байгууллагын даргаар тавьсан. Толгойгоо ажиллуулдаа. Төрийн албаны хараат бус шинжээч Ш.Раднаа

Зочин 2015-12-18 73.133.19.139

Ard-g demjij Bn, end neg bairnii chenj, umhii luivarchin umdunduu chatsga aldaad booj uheh ni ee, chinii huusursun bairiig odoo hen ch avahgui!!!

Зочин 2015-12-18 64.134.61.40

dorx guilagchin setgehuitee

ARD 2015-12-18 68.100.42.83

Эдийн засагч, судлаач хүний хувьд асуудалд обьектив талаас нь хандаж, эрүүл саруул дүгнэлт хийвэл доорх зүйлийг хэлж болохоор байна. Нэгдүгээрт ипотекийн 8%-н зээл гэж өөрөө юу вэ? Гол зорилго болон гаргах болсон шалтгаан нь юу байсан вэ? Ерөнхийлөгчийн сонгуулиар Ардчилсан Нам Элбэгдоржийг 2013 онд ямар ч үнээр хамаагүй улайран гаргаж ирэхийн тулд ипотекийн 8%-н зээл гэгчийг бодож олж, яг Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт болохоос 20-оод хоногийн өмнө түүхий шийдвэр батлан гаргасан юм. Уул нь бол ипотекийн 8%-н зээлийн гол зорилго нь бага дунд орлоготой өрхийг дэмжих замаар УБ хотын утааг бууруулах гэсэн 2 гол зорилготой байсан. Гэвч энэхүү зорилгоо огтхон ч хангаж чадаагүйгээр үл барам орон сууцны үнийг хөөсрүүлснээс одоо барилгын салбар мөн банкны салбар элгээрээ мөлхөж эхэлж байна. Өөрөөр хэлбэл ямар ч тооцоо судалгаагүй, шударга бус шийдвэр өөрөө эдийн засгийг боомилсон болно. Ипотекийн 8%-н зээлийн хамгийн гол ололт гэвэл санал луйварддаг машинаар элбэгдорж дахин сонгогдож, барилгын компани, банкныхан болоод үл хөдлөх хөрөнгийн компани, ченжүүд 2.5 триллион төгрөг буюу ойролцоогоор 1.25 МИЛЛИАРД доллараар гараа угаасан болно. Түүгээр үл барам ипотекийн зээлийн бас нэг давхар гол зорилго нь иргэдийг намын (МАНАН, МАХН-н) болоод банкны дарамтанд бүх насаар нь байлгах гэсэн Монгол Улсын Үндсэн Хуулийн Хүний Эрхийн тухай зүйл заалтыг ноцтой зөрчсөн зорилгыг агуулж байсан болно. Энэ нь ч өөрөө бодит үнэн гэдэг нь өдөр ирэх тутам тодорхой болсоор байна. Асуудлыг зөвхөн нэг талаас нь харж бичиж байна гэж хүмүүс намайг шүүмжилж магад. Ипотекийн зээл өөрөө ард түмэнд хэрэгтэй юу ? Мэдээж хэрэгтэй, ганц ипотек гэлтгүй бусад төрлийн санхүүгийн зээлийн үйлчилгээ ард түмэнд агаар ус шиг хэрэгтэй. Гэхдээ хамгийн гол нь эдгээр санхүүгийн үйлчилгээ нь иргэдэд жигд, тэгш хүртээмжтэй, шударга, эрсдэл бага байх ёстой. Ипотекийн 8%-н зээл нь эдгээр шаардлага нөхцлийн алиныг нь хангаж чадаагүй болно. Нийгмийн тодорхой нэг хэсэг шинэ болоод хуучин байранд орсныг үйгүйсгэхгүй, гэхдээ эд бүгд хөөсөрсөн үнэтэй байрыг бүх насаараа банкны болоод намын дарамтанд орж авсан гэдгийг хүмүүс одоо л ойлгож байна. Найман хувийн зээл гарснаар орон сууцны үнэ 50-200 хувиар шууд өссөн. 2013 оны 4 сард дунджаар шинэ байр мкв нь 1,5 сая хуучин байр 1 сая байсан бол тус бүрийн үнэ 2-оос 2,5 сая хүртэл хөөсөрсөн. Яг үнэндээ бол 8%-н ипотекийн зээл анх удаа бодит эзэддээ очсон нь “Буянт-Ухаа-1” хороолол дээр байлаа бусад нь бол дан үл хөдлөхийнхөн болон байрны ченжүүдэд очиж байсан юм шүү. Ер нь бол нийт 8%-н ипотекийн зээлийн 20 хувь орчим нь жинхэнэ зорилтот бүлэгтээ очсон, бусад нь бол дан 2 дахь 3 дахь байраа авч байгаа, ах дүүгийнхээ байрыг бие биендээ зарсан болж жүжиглэсэн тоглоом байсан юм шүү, тиймдээ ч яг одоохондоо 8%-н ипотекийн зээлд эзлэх чанаргүй зээл 1 орчим хувьтай байна. Хамгийн зөв шийдэл бол анх 8%-н зээл гарахад л яг энэ “Буянт-Ухаа-1” хороололд тавьсан “1м2-ын үнэ 1.280 сая төгрөг байна. Иргэд худалдан авсан байраа бусдад түрээслүүлэх, 15 жилийн хугацаанд худалдахгүй байх үүрэг хүлээнэ. Хэрвээ энэ хугацаанд заавал худалдах шаардлага гарвал зөвхөн Төрийн орон сууцны корпорациас зах зээлд нийлүүлж байгаа орон сууцны тухайн үеийн нэгж м2-ийн үнэ ханшаар буцаан борлуулах учиртай” журмыг тавих байсан юм. Тэгсэн бол одоонийх шиг орон сууцны үнэ ингэж аймаар хөөсрөхгүй байсан. Яг одоо бол энэ хөөсөрч балайрсан үнэтэй байрыг авах нэг ч хүн алга. 8 %-н зээл зогсолтын байдалд ороод байрны үнийн хөөс хагарч, байрны үнэ өдрөөс өдөрт унаж байхад ямар эргүү дебил нь хөөсөрсөн үнэтэй байр авах вэ дээ. Хотын төвийн шинэ байр м2 нь 1 сая 200-д зарна гэхэд бэлэн авах хүн алга. Хотын төвийн шинэ байр мкв нь 1 саяд захиалга авъяа гэхэл захиалга өгөх хүн алга. 8%-н зээл хүссэн хүсээгүй бүрэн гацаанд орох болно. Яагаад зогсоохгүй хүчээр бариаад, хамаг мөнгөө хаяаад байсан вэ гэвэл төр засгийн эрх барьж байгаа нөхдүүдийн барилгын компанийг дэмжихийн тулд л хамаг мөнгийг ийш нь цутгаж байсан болно. Цаашид байдал хаашаа эргэх вэ гэвэл, улс төр болоод эдийн засагт үүссэн хүндрэл ойрын 5-10 жилд арилахгүй гэж үзэж байна. Иймд ипотекийн 8%-н зээл гацаанаасаа хэсэгтээ гарахгүй ирэх оны сонгууль хүртэл үргэлжлэх болно. Эдийн засагт бүрэн хүндрэл үүсчихээд байгаа энэ үед байрны үнэ бодит эрүүл түвшиндээ буюу хотын төвийн шинэ байр мкв нь 700.000-аас 950.000 төгрөгт хүрэх болно... Төр засаг 8 хувийн зээлийг дараа дахин үргэлжлүүлэн олгосон ч орон сууцны үнийн хөөс эдийн засгийн санхүүгийн хүндрэл, зах зээлийн эрэлт нийлүүлттэй уялдан хүссэн хүсээгүй 2016 оны 2-р хагас гэхэд аяндаа үнийн хөөс хагарч буюу хотын төвийн шинэ байр мкв нь 700.000-аас 950.000 төгрөгт хүрэх болно... Иймдээ ч өнөөдөр олон зун мянган Монголчууд орон сууцны үнийн хөөс хагарахыг хүлээж байна.... Төр засгийн шийдвэр нь бодит амьдралтайгаа нийцсэн, шударга, зах зээлд ирээдүйд үүсч болох эрсдлийг бүрэн тооцсон ухаалаг байх болтугай. Хэн нэгэн олигархи, компани, ченж ард түмний зовлонгоор жаргал хийдэг бус, төр засгийн шийдвэр нь ард түмний язгуур эрх ашгийг хангасан эрүүл саруул шийдвэр гардаг байх болтугай !!

zochin 2015-12-18 202.9.40.61

tsetsiin gishvvd gej amidralaas tasarxai ymar ch medremjgvi xvmvvs baidag yum baix daa?

Зочин 2015-12-18 182.160.32.130

bankuud chini huuli bus geree hiij hun daramtlaad baina sh dee. Ta nar khaan iumuu. Daranguilal togtoodog hen ium ta nar.

иргэн 2015-12-18 43.242.242.59

11сарын 11-ний өдрийн Голомт банкны салбараас 8%-ийн зээл олгох шийдвэр гарсан зээл өнөөдрийг хүртэл олгогдоогүй байгаа,үнэхээр хүнд байнаа,байр миний нэр дээр шилжчихсэн,Банк гэрээгээ хийчихсэн,гэтэл Цэц-ийн шийдвэрээс болоод зогсчихсон,нэг иргэний гомдлыг шийдэх гэж түүнээс илүү их сөрөг үр дагавар гаргаж байгааг нь огт ойлгохгүй байна.Хэлэх ч үг алгаа

Зочин 2015-12-18 150.129.143.94

Ene bas neg sain shouchin gar baih ymaa

Зочин 2015-12-18 202.179.17.225

Цэцийн шийдвэр банкинд нөлөөлөх учиргүй.