Төрийн орон сууцны корпорацийн ерөнхий захирал А.Гантулгатай ярилцлаа.
Цэцийн энэ шийдвэрт улстөрийн өнгө аяс орчихов уу даа гэж хардаж байгаа
-Үндсэн хуулийн Цэцийн шийдвэртэй холбогдуулан арилжааны банкууд орон сууцны найман хувийн хүүтэй зээл олгохоо зогсоолоо. Энэ нь зээлд хамрагдах гэж байсан, зээл хөөцөлдөж явсан олон иргэнд хүнд цохилт боллоо. “Буянт-Ухаа 2” хорооллын хувьд яг захиалгаа өгөөд банкны зээлд хамрагдахаар хөөцөлдөж явсан хэдэн хүн байсан бэ. Цэцийн энэ шийдвэр танай байгууллага дээр яаж тусч байна вэ?
-Цэцийн их суудлын шийдвэр эцсийнх байдаг. Төрийн байгууллагын шийдвэрийг мэдээж хүндэлнэ, биелүүлнэ. Гэхдээ би гурван зүйлээр харамсч байгаа. Нэгд, төрийн ажил хийж байгаа ТОСК-ийн захирлын хувьд харамсч байна. “Буян-Ухаа 2” хороолол дээр Улсын комисс ажиллаж, энэ сарын 15-наас эхэлж айлуудаа шинэ жилээс өмнө байранд нь оруулахаар төлөвлөж байсан. Улсын комисс хүлээж авсны дараа айлууддаа үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг нь олгож, банкууд түүнийг нь барьцаалж зээл олгох байсан. Энэний дараа айлууд байрандаа ордог. Зөвхөн “Буянт-Ухаа 2” хороолол дээр гэхэд урьдчилсан тооцоогоор 200 гаруй иргэн банкны зээлээ хүлээж байсан. Гэтэл Цэцийн шийдвэрээс болж оноос өмнө шинэ байранд орох тэдний мөрөөдөл нь биелэхгүй боллоо. Өнөөдөр бүх бүтээн байгуулалт зээлээр, биесээ нөхсөн санхүүгийн гинжин холбоотой явж байгаа. Банкны зээл гарахгүй болохоор бид байраа зарж чадахгүй, өндөр хүүтэй бондын төлбөрийн хүүгээ цагт нь төлж чадахгүй, мөн “Буянт-Ухаа 2”-ыг барьсан монгол ажилчид цалингаа авч чадах эсэх нь тодорхойгүй болж байна. Төрийн захиалгаар төрийн ажлыг хийж байсан жирийн барилгачнаас эхлээд төрийн компани гэдэгт нь итгэж төрөөсөө орон сууц худалдаж авах гэж байсан захиалагчид, тэгээд иргэдээ орон сууцжуулах Засгийн газрын хөтөлбөрийг хэрэгжүүлж байсан ТОСК-ийнхан, манай байгууллагатай харилцдаг банкууд гээд тоочвол бидэнд Цэцийн шийдвэр үнэхээр хүнд туслаа. Хоёрт, би улстөрчийнхөө хувьд туйлын харамсч байна. Цэцийн энэ шийдвэрт улстөрийн өнгө аяс жаахан орчихов уу даа гэж хардаж байгаа. Гэтэл найман хувийн зээлийн олголт, ТОСК-ийн байрны борлуулалт бол улстөргүйгээр явдаг, ард түмний эрэлт хүсэлтэд нийцсэн, жинхэнэ зах зээлийнхээ хуулиар явж байсан цорын ганц төсөл юм шүү дээ. Тийм ч учраас өнөөдрийн байдлаар 175 мянган иргэн найман хувийн зээлд хамрагдаж байртай болсон байна. Хэрвээ ямар нэгэн юмыг зогсоох хэрэгтэй байгаа бол энэ замбараагүй улстөржилт, намын талцлаа л зогсоогооч гэж хэлмээр байна. Гуравт, иргэнийхээ хувьд Цэцийн шийдвэрт харамсч байгаа. Өнөөдөр эдийн засаг хаа сайгүй хүнд байна. Энэ хүндрэлийг бид зогсч биш, хөдөлж байж давна. Манай ТОСК гэхэд зөвхөн байр зараад байдаггүй юм шүү дээ. Бид ажлын байр, худалдан авалт зэргээр эдийн засагт бодитой эргэлт бий болгодог. Өөрөөр хэлбэл, Монголын эдийн засгийн том оролцогч. Хэрвээ манайд байр захиалсан 200 гаруй хүн найман хувийн банкны зээлээ авчихсан бол манайх банкны хүүгээ төлөх, туслан гүйцэтгэгч нар цалингаа цагтаа авах, өмнөх өр төлбөрөө барагдуулах гэх зэргээр ойролцоогоор 10 гаруй тэрбум төгрөгийн эргэлт бий болох байсан. Энэ бүхний хаялга, гинжин урвал нь Монголын нийт эдийн засагт эерэг хөдөлгөөн болох байлаа. Үнэхээр харамсалтай.
-Энэ жил “Буянт-Ухаа 2” хорооллын 30 барилга буюу 1620 айлын орон сууц шинээр ашиглалтад орж байгаа. Үүнээс найман хувийн зээл зогсохоос өмнө зээл авч амжсан нь хэд байна вэ?
-Огт зээлгүйгээр байраа авсан хүн бараг байхгүй. “Буянт-Ухаа 2” хорооллын эхний ээлжид ашиглалтад орох 1620 айлаас 1130 нь захиалгаа өгч, 10 хувийн урьдчилгаа төлбөрөө байршуулсан байсан. Тэгэхээр эдгээр иргэдийн банкны зээл ч зогсч, хүлээлтийн байдалд шилжлээ. 1130 гэдэг бага тоо биш. Нэг айлын ард 4-5 хүн бий гэвэл бараг 6000 шахуу хүнийг утаан дундаа өвөлж, 1130 айлыг нүүрсээ түлж хотын утааг нэмээд өг гэж байгаагаас ялгаагүй.
-Одоо нэгэнт шийдвэр гарчихлаа. Авсан захиалгаа цуцлахгүй, “Буянт-Ухаа 2” хорооллын захиалгыг хэвийн явуулахын тулд ТОСК цаашид ямар арга хэмжээ авч, гарц хайж байна вэ?
-Цэцийн шийдвэрт хамгийн хүндээр өртөж байгаа нь манай байгууллага. Хотод цахилгаан тасрахаар эрчим хүчнийхэн, цахилгаан станцууд онцгой байдалд ажилладаг даа. Цэцийн шийдвэр яг тэрэн шиг байртай болох гэж байсан, хамгийн багадаа 1600 гаруй айлын цахилгааныг тасалчихлаа. Тийм учраас тэднийг байраар хангах гэж байсан манай байгууллага сүүлийн хэдэн өдөрт “онцгой байдал”-д ажиллаж байна. ТОСК-ийн зүгээс Монголбанк, МИК-тай ярьж, Төрийн сууцны корпораци “Буянт-Ухаа 2” хорооллын захиалагчдад зориулж тусгай, яаралтай хэмжээ авъя гэж ярилцаж байна. Гэхдээ энд заавал Засгийн газрын шийдвэр хэрэгтэй. Өмнө нь Орон сууц санхүүжилтийн корпораци гэж байхад 40 мянган айлын орон сууцжуулах хөтөлбөр хэрэгжүүлж байсан. Тухайн үед Орон сууц санхүүжилтийн корпораци иргэдэд өөрөө зээл өгч байсан хувилбар, туршлага бий. Харин ТОСК эрхзүйн хувьд өнөөдөр тийм боломжгүй.
Үүнтэй төстэй төслийг хэрэгжүүлэхийн тулд Санхүүгийн зохицуулах хороо, Монголбанкны хууль дүрмийн дагуу зөвшөөрөл авах шаардлагатай. Эдгээр байгууллагууд дүрэм журмынхаа дагуу эрх, зөвшөөрлийг нь өгвөл бид өөрсдөө санхүүжүүлэх тусгай хөтөлбөр хэрэгжүүлэхэд бэлэн байгаа.
Иргэдийг орон сууцжуулах хөтөлбөр “нэг цэгийн үйлчилгээ”-тэй байхад буруугүй
-Ингэхээр танайд хэт давуу байдал үүсч, бусад хувийн хэвшлийнхээ бизнесийг төрийн нэрээр булаах, ингэснээр чөлөөт эдийн засгаа илүү нураах эрсдэл бий болох юм биш үү?
-Зарим хүн яг тэгж хэлдэг юм. Хувийн хэвшил байх нь, төр нь хувийн хэвшлээ дэмжих нь зах зээлийн “хууль”. Тэгвэл хэрвээ төр гэж байгаа л бол нийгмийн дундаж хэсэг, бага, дунд орлоготой иргэдээ дэмжих нь бас “хууль”. Зөвхөн зохицуулалт хийх нь төрийн үүрэг биш юм. Нийгмээ бүтнээр нь сайн сайхан болгохын төлөө зорилтот бүлгээ дэмжих нь төрийн үүрэг. Энэ хүрээнд бага, дунд орлоготой иргэдээ хямд өртгөөр байртай болгох хөтөлбөрийг төрөөс хэрэгжүүлж байгаа. Энэ бол хоёр дахь удаагаа байр авах гэж байгаа юм уу, одоогийн манайхны хэлдгээр “Зайсан”-гийнханд зориулагдсан хөтөлбөр биш. Тэгэхээр энэ бол бизнес булаацалдах бус, харин ч зах зээлийнхээс нь хямд өртгөөр орон сууцжуулах үүргийг төр өөртөө авч байгаа юм. Тиймээс энэ хөтөлбөр цогц, “нэг цэгийн үйлчилгээ”-тэй байхад буруугүй. Өнөөдөр зарим барилгын компани хажуудаа банк бус санхүүгийн байгууллагатай. Барилгаа бариад л банк бус санхүүгийн байгууллагаараа дамжуулаад борлуулалтаа хийж байна. Тэгвэл үүнийг л Төрийн орон сууцны корпораци хийх бүрэн бололцоотой байгаа. Харин ч иргэдэд илүү ашигтай. Компани, худалдан авагч хоёр банк гэж гуравдагч этгээдгүйгээр шууд гэрээ байгуулна, банк эрсдэлд орох вий гэж зээлдэгч ч санаа зовохгүй. Зээл авсан хүн зээлээ төлөхгүй алга болчих вий гэж банк ч санаа зовохгүй. Зээлдэгчийн өмнө ТОСК баталгаа гаргана.
-Төрд Төрийн банк гэж банк байгаа. Энэ банкаараа дамжуулаад ядаж зээл авахаар бэлэн болсон иргэдэд найман хувийн хүүтэй зээл олгож болохгүй юу?
-Боломж бол байгаа. Арилжааны банк шиг хатуу шаардлага тавихгүйгээр хөнгөлөлттэй нөхцөлөөр зээл олгох боломжтой гэдгийг Төрийн банкны зүгээс хэлж байгаа. Гэтэл манай зарим иргэд татвар, нийгмийн даатгалаас зугтах зорилгоор орлогоо буруу мэдүүлснээс болж эргээд арилжааны банкнаас зээл авахад хүндрэл учруулах, бүр зээл авч чадахгүй байдалд ч хүрдэг. Төрийн банк бол хувийн нууцлалыг нь хадгалж, хар дансанд бүртгэгдсэн орлогыг нь хүртэл хүлээн зөвшөөрч зээлд хамрагдах үндсэн шалгуурыг хангаж байгаа л бол дэмжлэг үзүүлэх боломжтой гэсэн. Гэхдээ өнөөдрийн байдлаар эцэслэн тохирсон зүйл алга.
Урьдчилгаа төлбөрийг 10 хувь болгоно гэж зарласнаараа барилгын салбарт том садаа л болсон
-Найман хувийг зогсоохоос өмнө орон сууцны зээлийн урьдчилгаа төлбөрийг 10 хувь болгох асуудал иргэдийн дунд нэлээд хүлээлт үүсгэсэн. ТОСК-ийн захирлын хувьд, барилга барьдаг хүний хувьд асуухад өнөөгийн нөхцөлд 10 хувь болгох боломж байгаа юм уу?
-Уг нь бол төр урьдчилгаа 30 хувийн 20 хувь дээр нь баталгаа гаргах мөнгөтэй эдийн засагтай байсан бол болохгүй зүйлгүй. Гэвч өнөөдөр эдийн засгийн тийм чадавхи алга. Мөнгөгүй, эрхзүйн болоод санхүүгийн орчныг нь бүрдүүлээгүй байхад 10 хувь гэж зарласнаараа барилгын салбарт том садаа л болж байна. Харин ТОСК-д зээлээ өөрөө өгөх Батлан даалтын сангийн зөвшөөрлийг нь шийдээд өгвөл зөвхөн урьдчилгаа төлбөрийн 10 хувь гэлтгүй, найман хувийн хүүг ч ганц хоёр пунктээр бууруулах боломж бий. Тийм менежмент хийх бололцоотой. Энэ тухай би холбогдох албан хүмүүст нь саналаа хэлээд явж байгаа. Энд хүний, өөрийн нам, сонгууль энэ тэр огт хамаагүй. Аль болох олон айлыг дааж чадах эдийн засгийн боломждоо тааруулаад хямд, хөрсөн дээрээ буусан өртгөөр байртай болгох нь л төрийн, ТОСК-ийн зорилго. Би бол төрийн энэ зорилгыг л хэрэгжүүлэх гэж яваа менежер шүү дээ.
Төр баталгаа гаргаж чадахгүй бол ТОСК өрөө 20 хувийг батлан даая гэж санал гаргасан
-Арван хувийн мэдээлэл садаа боллоо гэж байна. Жишээ нь, танай “Буянт-Ухаа 2” хорооллын борлуулалт дээр яаж мэдрэгдсэн бэ?
-Манайд захиалга өгсөн ихэнх иргэд 10 хувийн урьдчилгаа төлбөрөө төлсөн байгаа. Үлдсэн 20 хувийг нь улс даана гэсэн хүлээлттэй байгаа. Ингэх нь ч аргагүй байна. Өнөөдөр 30 хувийн урьдчилгаа төлөөд байранд орох чадалтай хүн их ховор байна. Тийм учраас л хувь хүн өөрөө төлж чадахгүй, төр баталгаа гаргаж чадахгүй бол ТОСК өрөө 20 хувийг батлан даая гэж санал гаргаад байгаа юм.
-ТОСК урьдчилгаа төлбөрийн 20 хувь дээр баталгаа гаргана гэсэн үг үү?
-Тэгэх боломжтой. ТОСК-ийн баталгааг банкууд үнэлэх, зөвшөөрөх боломжтой гэвэл иргэдийн зээлийн 20 хувийг батлан дааж болно гэж харж байгаа. Өнөөдрийн эдийн засгийн хүндрэлийн хажуугаар банкуудын өндөр хувьтай хүү, өндөр шалгуур, МИК-ээс гаргасан ипотекийн зээлийн журмууд иргэдэд үнэхээр хүнд тусч байна. Иймд төр төмөр нүүртэй биш гэдгээ харуулж, ард иргэддээ боломж олгож, тэднийг 10 хувийн урьдчилгаагаар байртай болгох менежментийг хийх эрхийг ТОСК-д өгчих л гэж байгаа юм.
-Гэхдээ 20 хувийг нь батлан даах хэмжээний санхүүгийн эх үүсвэр танайд байхгүй ш дээ. Ямар тооцоолол хийсний үндсэн дээр боломжтой гэж хараад байгаа юм бэ?
-Мэдээж тийм их хэмжээний санхүүжилт хийх хөрөнгө байхгүй. Энгийнээр хэлэхэд, иргэд 10 хувиа төлж банкнаас 90 хувийн зээл авна. Харин ТОСК иргэдийн төлсөн мөнгөний 20 хувийг баталгаа болгож банкинд нь үлдээж, 70 хувиар нь барилгаа барьж, зардлаа нөхөх боломжтой. Үүнийг арилжааны банкууд, МИК “боломжтой” гэж байгаа. Харин Монголбанктай болохоор Засгийн газрын баталгаа хэрэгтэй гэдэг. Засгийн газрын баталгаа гаргах санхүүгийн эх үүсвэр байхгүй. Зээлье гэхээр засгийн газрын өр нэмэгдэж, улсын өрийн таазнаас хэтрэх гээд байгаа юм. Хэрвээ шийдчихвэл менежментийг нь ТОСК хийх, хэрэгжүүлэх бололцоотой. Ингэвэл олон айл байртай болно. Гэхдээ бид бодлого хэзээ гарахыг хүлээхгүйгээр энэ талын судалгаа хийх, эдийн засгийн хүндрэл, 10 хувиас болоод борлуулалт нь саатсан байруудаа зөвхөн худалдан борлуулахаас гадна эдийн засгийн эргэлтэд оруулах вэ гээд янз бүрийн менежмент хийж байна. Үүний нэг нь түрээсний орон сууцны хөтөлбөр хэрэгжүүлэхэд бэлэн болоод байгаа.
-Одоо барьсан барилгаасаа түрээслүүлнэ гэсэн үг үү?
-Тэгнэ. Хөтөлбөр бол батлагдсан байгаа. Ирэх даваа гаригт Засгийн газрын хуралдаанаар түрээсийн орон сууц хөтөлбөрийн журмыг танилцуулах төлөвлөгөөтэй байна. Хэдийн зах зээлээс хямд өртөгтэй ч, өнөөдрийн эдийн засгийн орчинд шууд худалдан авалт хийх чадвар иргэдэд сул байна. Тийм учраас барьсан байшингаа иргэдэд боломжийн үнээр түрээслүүлнэ. 2015 онд мөрдөгдөх түрээсийн орон сууцны нэг өрөө байрны түрээсийн төлбөрийг нийслэлд 200 мянган, хөдөө орон нутагт 150 мянга байхаар тогтоох гэж байна.
-Арван хувиа төлөөд захиалгаа өгсөн байгаа иргэдийн зээл, байрны асуудлыг яаж шийдвэрлэх вэ?
-АН, Шударга ёс эвслийн бүлгээс ахин хуулийн төсөл өргөн барьж найман хувийн хүүтэй зээлийг үргэлжлүүлнэ гэсэн мэдээлэлтэй байгаа. УИХ энэ сардаа багтаад баталчихвал он гараад найман хувийн зээл урьдын адил хэвийн үргэлжилнэ.
Хүрз бариад бүтээн байгуулалтад оролцох ч эх оронч сэтгэлгээ
-Та ТОСК-ийн удирдаад гурван жил болсон байна. Энэ хугацаанд хэчнээн байр барьж, хэдэн иргэнд байрны түлхүүр гардуулж өгсөн бэ?
-Ямар ч ажлыг хийхэд сэтгэл чухал гэж би үздэг. Миний хувьд хувийн ч бай, хувьсгалын ч бай ямар нэгэн ажлыг сэтгэлээрээ л хийдэг. Хамт олноо ч сэтгэлээрээ, сэтгэлээсээ удирдахыг хичээдэг. Тийм учраас ганц би биш, гар сэтгэл нийлсэн ТОСК-ийн хамт олон гэдэг утгаар таны асуултад хариулмаар байна. Бид өнгөрсөн хугацаад нийт 4000 гаруй айлын орон сууцыг барьж ашиглалтад оруулсан байна. Энэ онд гэхэд хот, хөдөө нийлсэн 2000 гаруй айлын сууцыг барилаа. Цаашид барилгын салбарт маш олон зүйлийг хийх шаардлагатай байна. Барилгын яам маш сайн бодлоготой болмоор байна. Бүх төвшиндөө хүндээ зориулсан барууны стандартыг нэвтрүүлж ажиллах хэрэгтэй байна. Барилга барихад стандарт хамгийн чухал. Одоо бид хүнээ бодсон стандартыг чухалчилдаг болмоор байна. Тэгээд монголчууд бид гар, сэтгэл нийлээд ажиллавал юунд хүрч чаддагийг “Буянт-Ухаа 1, 2” хорооллоор харуулсан гэж бодож байна. Нийт 3000 гаруй залуус энэ бүтээн байгуулалтад оролцож, үндэсний үйлдвэрлэгч компаниуд нэгдэж ажилласан. Гаднын ажилчин гэж байсангүй, дотоодод үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнээ хэрэглэхийг зорилоо. Өнөөдөр монголчууд бид нийтээрээ шахуу сайн мэдээ, сайхан үйлд баярлах сэтгэлгүй болжээ. Нэгэндээ урмын сайхан үг хэлэхээ больжээ. Энэ бүтээн байгуулалтыг дагаж олон компани ажилтай, тогтмол орлоготой байсан. Гэтэл сайхныг нь биш мууг нь түрүүлж хардаг сэтгэхгүйдээ дийлдээд байх шиг санагддаг.
-Үндэсний бүтээн байгуулалт, үндэсний үйлдвэрлэлээ хэр дэмжиж ажилласан гэж үздэг вэ?
-Хятад улс жилд нэг сая тонн биш нэг тэрбум тонн цемент үйлдвэрлэдэг. Өртөг нь маш бага. Манайд өнөөдөр нэг сая тонн цемент үйлдвэрлэх хоёр сайхан үйлдвэр барилаа. Гэсэн ч Хятадын бага өртөгтэй цементийн үнэд дарагдаад байна. Иймд импортын цементийн нийлүүлэлтийг хязгаарлаж, дотоодын үйлдвэрлэлээ дэмжсэн бодлогыг яам явуулах шаардлага байгаа. Манай корпорацийн зүгээс шалгарсан туслан гүйцэтгэгч компаниудад дотооддоо байхгүй, зайлшгүй бараа бүтээгдэхүүнийг л гаднаас авах шаардлагыг тавьж ажилладаг. Цемент, арматур, хаалга, шал, цонх гээд бүгдийг дотоодоосоо авах шаардлага тавьдаг. Ингэж байж жижиг дунд үйлдвэрлэл хөгжиж, нэг нь ч гэсэн хөл дээрээ бат зогсоно. Аж нэгжүүд бүгд л зээлээс зээлийн хооронд амьдарч байна. Тэгэхээр нэг нэгийгээ дэмжиж ажиллахгүй бол болохгүй байна. Эх оронч сэтгэлгээ гэдэг чинь буу бариад зөвхөн хил манахыг хэлэхгүй. Хүрз бариад үндэсний бүтээн байгуулалтад оролцох, бие биеэ дэмжиж хамтран бүтээх ч эх оронч сэтгэлгээ. Хэрвээ өнөөдөр хүн бүр өмнөх ажлаа л сайн хийгээд явбал хөгжихөд ойрхон байна гэж би хардаг. Гэтэл дуучин хүн барилгын лиценз барьчихаад барилга барина гээд явж байна. Энэ нь өөрөө барилгын салбарын хөгжлөөс хойш татаж байна шүү дээ.
-Эцэст нь танайхаас асуухад, зорилтод бүлгийг орон сууцтай болгож, зээлээр орон сууцтай болгоно гэж ярьж байгаа ч иргэд банкны өндөр шалгуураас болж унаад байгаа юм биш үү?
-Яг үнэнийг хэлэхэд өнөөдрийн банкны систем хэцүү байна. Ганц иргэдэд ч гэлтгүй хувийн хэвшлийнхэнд ч хүнд байна. Эдийн засгийн хүнд үед маш өндөр хүүтэй зээл авч байна. Саяхан Худалдаа хөгжлийн банкийг дээрэмдсэн хоёр залууг баривчилсан байна. Харин ард түмнийг дээрэмддэг банкийг хэзээ баривчлах вэ гэж ярьж байна. Банкууд зээлийн хүүгээ бууруулахгүй бол бага хүүтэй зээл олгох гаднын банк оруулж ирье гэж Ц.Нямдорж гишүүн хэлсэн нэг талаараа зөв шүү дээ. Жилийн хоёр хувийн хүүтэй зээл олговол өнөөдөр Монголд үйлдвэрлэл босно шүү дээ. Гэтэл өнөөдрийн манай банкны систем маш өндөр хүүгээр ард түмнийг шулж байна шүү дээ. Зөвхөн найман хувийн зээлд хамрагдахын тулд 21 төрлийн бичиг баримт бүрдүүлэх жагсаалт байдаг. Иргэд тэрэн дээр нь бүдэрдэг. Ард түмнээр дандаа гуйлгуулах бодлого яваад байдаг. Гэтэл төр, хувийн хэвшлийн аль аль нь ард түмэндээ үйлчлэх ёстой. Ард түмнээ бодсон төрийн бодлого өнөөдөр үгүйлэгдэж байна.
Энхтайван МӨНХЦЭЦЭГ