Ахуйн гал түймэр, халуун зууханд бага насны хүүхэд түлэгдэх тохиолдол өвлийн улиралд нэмэгдэх хандлагатай байдаг гэж эмч мэргэжилтнүүд хэлдэг. Энэ оны арванхоёрдугаар сарын 1-нээс 17-ны хооронд зургаан хүүхэд гал түймэрт өртөж амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ. Өчигдөр буюу арванхоёрдугаар сарын 17-нд гэхэд хоёр хүүхэд гал түймэрт өртөж түлэгджээ. Тодруулбал, нийслэлийн Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, Далангийн 1 дүгээр гудамжинд гэр шатсаны улмаас нэг нас гурван сартай эрэгтэй хүүхдийн нурууны хэсэг түлэгдсэн бол Сонгинохайрхан дүүргийн 7 хороо, Намгийн 1 дүгээр гудамжинд мөн гэр шатаж дөрвөн настай эмэгтэй хүүхэд түлэгдсэн байна.
Бага насны хүүхдийг гал түймрийн аюул, ахуйн осол гэмтээс хамгаалж, сэрэмжтэй байхыг НОБГ-аас онцгойлон анхааруулж байна.
Т.НОМИН