Форбс сэтгүүлээс жил бүр тодруулдаг дэлхийн хамгийн их ашиг орлого олсон тамирчнаар энэ удаад мэргэжлийн талбайн теннисний домогт тоглогч Рожер Федерер тодорчээ. Өдгөө 38 настай тэрбээр өнгөрсөн жил нийт 86.2 сая еврогийн ашиг орлогыг олж жагсаалтыг тэргүүлсэн бол түүний араас хөлбөмбөгийн одууд болох Кристиано Роналдо 85 сая евро, Лионель Месси 84 сая евро, Неймар 77.5 сая евро, сагсан бөмбөгийн од Леброн Жэймс 71.5 сая еврог тус тус олжээ.
Харин мэргэжлийн боксын хүнд жингийн дэлхийн аварга Тайсон Фюри 11-р байрт 46.2 сая евро олсноороо бичигдсэн бол Формула-1 уралдааны дэлхийн аварга Льюс Хэмилтон 43.7 сая евро олсон ашгаараа 13-р байрт бичигджээ.
Мөн саяхан дэлхийн хамгийн их ашиг орлого олсон эмэгтэй тамирчнаар шалгарсан Япон теннисчин Наоми Осака 29-р байрт шалгарчээ. Өдгөө 22 настай Наоми Осака өнгөрсөн жил нийт 30.7 сая еврогийн ашиг орлого олж дөрвөн жилийн турш "Дэлхийн хамгийн их ашиг орлого олсон эмэгтэй тамирчин" гэх алдрыг хүртсэн Серена Уиллиамсаас даруй 1.15 сая еврог илүү олсон байна.
Холбоотой мэдээ