Тайлбар: С.Цогтбаярын зургийг ашиглав
Ердөө нэг хоногийн дараа Эх үрсийн баярын өдөр тохионо. Энэ өдрийг олон оронд хүүхдийн эрхийг хамгаалж, тэдний өдөр болгон тэмдэглэдэг. Харин монголчууд энэ өдрүүдэд таван бяцхан зүрх зогссон бараан мэдээтэй угтаж байгаа нь харамсмаар. Эдгээр таван бяцхан зүрх томчууд бидний буруутай, хайхрамжгүй үйлдлээс болж кранчин болох, цагдаа болох, эмч болох мөрөөдлүүдээ тээгээд бурхны оронд одлоо.
- 2020.05.28-ны өдөр Дэнжийн мянгаас Үндэсний цэцэрлэгт хүрээлэн орж тоглож байсан хүүхдүүдийн 4 нь усанд осолдож амиа алдав. Тэдний хоёр нь нэг айлын хүүхэд бөгөөд ах нь дүүгээ аврах гэж байгаад хамт амиа алджээ.
- 2020.05.30-ны өдөр Гуравхан сайртай бяцхан үрээ тэврээд зургаан давхраас унажээ. Гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн байж болзошгүй гэсэн албан бус мэдээлэл байгаа бөгөөд тэд хоёулаа нас баржээ.
- 2020.05.30-ны өдөр Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан иргэн шон мөргөж, хоёр хүүхэд нь цонхоор шидэгдэж, маш хүнд бэртэж, гэмтлийн эмнэлэгт хүргэгдэв.
Энэ бол ердөө сүүлийн долоо хоногийн харамсалтай мэдээ. Зам тээврийн ослоор, гэр бүлийн хүчирхийлэл, яргалал, хүчин, гадуурхалт, халуун усанд түлэгдсэн, тогонд цохиулсан, бэртсэн гэмтсэн гээд дандаа томчуудын, эцэг эхийн хариуцлагагүй байдлаас үүдэж бид хэдэн бяцхан амь үгүй хийх вэ. Ажилтай гэж цоожтой хаалганы цаана аюул дунд үлдээнэ, хариуцлага нэгнээс болж зам тээврийн ослоор амь насыг нь хохирооно, гэмтээнэ, насаараа тахир дутуу болгоно. Хүүхдүүдэд ямар ч эрх байхгүй мэт авирласан бидний өнөөдрийн төрх ийм.
Гадаад гараад тоглож байгаад бэртчихнэ, гудамжинд явж байгаад кран уначихна, тоглож яваад усанд осолдчихно, утаанд хордоно, эрүүл мэндээрээ хохирно, тоглоомын талбайгаа дээрэмдүүлчихнэ, цэвэр, агаар ногоон моддыг нь устгачихна гээд ерөөс хүүхдүүдэд энэ улсад, энэ хотод амьдрах боломж өдрөөс өдөрт хумигдсаар… Тэд айдаст дунд амьдарч байна.
Яг одоо, энэ цаг мөчөөс эхлээд больё. Бидний бүтээсэн орчин, нийгэм, Улс, Улаанбаатар нь ийм байна. Яг энэ цаг мөчөөс эхлэн томчууд бид хариуцлагаа нэмэгдүүлж, хүүхдэд ээлтэй нийгэм бүтээж, хийж эхэлцгээ. Ядаж жилдээ ганц болдог тэдний баярын өдөр нь хариуцлагагүйн алдаа гаргалгүй, хамгаалж, эрүүл, аюулгүй орчинд амьдрах орчныг нь бүтээж өгцгөөе. Хэн нэг нь дарга, цэрэг, ажилтан, аав, ээжээс бурууг хайхаасаа өмнө өөрсдөөсөө эхлээд хайя. Та хариуцлагатай, та болгоомжтой байж, тэдний төлөө анхаарч чадвал та бид болж, бид улс болно. Тиймээс яг одооноос хүн бүр хариуцлагатай, хүүхдэд ээлтэй улсын төлөө илүү их хичээцгээе.
Дахин ирээдүйн эмч, цагдаа, барилгачин, загвар өмсөгч, жүжигчин, багш, кранчин, Ерөнхий сайд, Ерөнхийлөгчийг үгүй хийхээ зогсооё!!!
Ш.ОЧ
Холбоотой мэдээ