Энэтхэгийн нийслэл Делигийн ойролцоо Мээрут хотод нэгэн сармагчин коронавирусийн халдвартай байж болзошгүй хүний цусны дээжийг эмнэлгийн ажилтнаас булаан зугтаасан хэрэг гарчээ.
Ингэснээр зэрлэг амьтдад халдвар тарах эрсдэл үүсэх магадлалтай юм. Цахим сүлжээнд тавьсан бичлэг дээр сармагчин сорьцыг шүдээрээ задлахаар зулгааж буй нь харагдаж байв. Гэхдээ хожим дээрх сорьцыг бүрэн бүтнээр нь ойгоос олсон талаар тус хотын захиргаа мэдэгджээ. Мөн сорьц нь хулгайлагдсан хүмүүсээс дахин шинжилгээ авахаар болсон байна.
Коронавирус амьтанд халдсан тохиолдол бүртгэгдэж байсан ч амьтнаас хүнд халддаг эсэх нь одоохондоо тодорхой бус байгаа. Тус улсад сармагчингууд фермерүүдийн ургацыг хулгайлах явдал түгээмэл гардаг ба үүнээс үүдэн фермерүүд сармагчингуудын тоо толгойг бууруулах арга хэмжээ авахыг засгийн газраасаа шаардсаар иржээ.
Сонирхуулахад, нийслэл Дели хотын эрх баригчид парламентын байранд сармагчингуудыг нэвтрүүлэхгүйн тулд урт сүүлтэй, том биетэй нэг төрлийн сармагчинг ашиглаж үргээдэг байна.
Эх сурвалж: CNN
Холбоотой мэдээ