Д.Ангар: Үхрийн мах килограмм нь 100 мянган төгрөг байх ёстой

Хуучирсан мэдээ: 2020.05.30-нд нийтлэгдсэн

Д.Ангар: Үхрийн мах килограмм нь 100 мянган төгрөг байх ёстой

Д.Ангар: Үхрийн мах килограмм нь 100 мянган төгрөг байх ёстой

Өнгөрч буй долоо хоногийн онцлох ярилцлагуудыг хүргэж байна.


"НЭР ДЭВШИГЧИД БАРИМТ БИЧГИЙН ЗӨРЧИЛ ГАРГАХ НЬ НИЙТЛЭГ БАЙНА"

Сонгуулийн ерөнхий хороо нэр дэвшигчдийн бичиг, баримтыг хүлээж авснаас хойш тав хоногийн дотор шалгаж, хариу мэдэгдэх хуулийн зохицуулалттай. Энэ нь өнөөдрөөр дуусгавар болж буй. Энэ талаар СЕХ-ны  Мэдээлэл, судалгаа, арга зүйн хэлтсийн дарга Б.Оюумаагаас цаг үеийн асуудлааг дараах зүйлийг тодрууллаа.

Нэр дэвшигчдийн бичиг баримтыг хүлээж авах хугацаа дууссан. Сонгуулын ерөнхий хороо  бичиг баримтыг нь нягтлаад  нэр дэвшигчдэд эхнээс нь хариу өгч эхэлсэн шүү дээ. Хэр олон хүний бичиг баримтыг нягталж байна вэ?

-Сонгуульд нэр дэвшигчдийн баримт бичгийг тавдугаар сарын 21-н хүртэл хүлээн авсан. Баримт бичгийг хүлээн авснаас хойш тав хоногийн дотор бүртгэх эсэх тухай шийдвэрийг гаргана. Өөрөөр хэлбэл, хамгийн эхэнд буюу тавдугаар сарын 17-нд материалаа өгсөн хүмүүсийн шийдвэр нь гарсан. Харин нэр дэвшигчдийн материалыг хүлээн авах сүүлийн өдрүүдэд баримт бичгээ өгсөн хүмүүсийн шийдвэр гараагүй байна. Нэр дэвшигчийг бүртгэх эсэх тухай шийдвэр гарсны дараа бүртгэхээс татгалзсан үндэслэл тогтоогдсон буюу тухайн баримт бичиг нь шаардлага хангаагүй тохиолдолд тухайн нэр дэвшигч нь зөрчлөө арилгасны үндсэн дээр дахин хүсэлтээ гаргаж болно. Эсвэл нам эвслээс нэр дэвшигчдийг нөхөж нэр дэвшүүлэх боломжтой гэж хуульд заасан байгаа.

Үргэлжлэлийг ЭНД дарж уншина уу.


КОРОНА ХҮМҮҮСИЙГ АЛАХААСАА ИЛҮҮ ОЛОН ХҮНИЙГ ДАМПУУРУУЛНА

Эдийн засагч Д.Ангартай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Монгол Улсын эдийн засаг I улиралд -10.7 хувиар агшсан нь шинжээчдийн таамгаас өндөр байлаа. Энэ нь гүнзгий хямралын дохио гэж зарим эдийн засагч онцолж байна. Та үүнтэй санал нийлж байна уу. Энэ асуултаар энэ удаагийн ярилцлагаа эхлүүлье?

-Мэдээж санал нийлэлгүй яах вэ. Коронагийн хоёр, гуравдугаар дэгдэлт цааш хэрхэн үргэлжлэхийг хэлж мэдэхгүй байна. Корона маш их хорлонтой вирус байна л даа. Америкт үг хүртэл гарсан байна лээ. Корона хүмүүсийг алахаасаа илүү олон хүнийг дампууруулна гэж. Мянган хүнийг аллаа гэхэд нөгөө талд нь сая хүнийг дампууруулах ийм вирус. Тэгэхээр энийг уушгины вирус гэхээсээ илүү эдийн засгийн вирус гэж дүгнэж болж байгаа юм. Яагаад гэхээр хүнийг өвчлүүлэхээсээ илүү карма руу нь, бизнес рүү нь дайрч байна. Маш онцлогтой, дэлхийн эдийн засгийг түйвээж мэдэх вирус.

Монгол Улс 2007, 2008 оны эдийн засгийн хямралд нэрвэгдэж байлаа. Гэхдээ хасах хувь руу орж үзээгүй юм билээ. Анх удаа хасах 10 руу орлоо. Миний бодлоор хасах арвыг дөнгөж эхлэл нь гэж харж байна.

Магадгүй 20, 25, жилийн эцэст 30 руу ч дөхөж магадгүй. Яагаад гэвэл нүүрсний экспорт, эцсийн худалдаа буучихлаа. Ноолуурын худалдаа байхгүй боллоо. Хамгийн их санаа зовоож буй асуудал нь эдийн засагт дотоод эргэлт байхгүй болчихлоо. Бизнесүүд таг зогсчихлоо. Хуучин нэг нь нөгөөгөөсөө худалдан авалт хийж, хоорондоо эргэлдсэн цикл байдаг байсан бол нэг циклийн эхнийх нь байхгүй болохоор цааш эргэлдэх юм байхгүй. Жишээлбэл, ноолуурын үнийг зөвхөн малчдын асуудал гэж хардаг. Гэвч их, дээд сургуулиудад шууд нөлөөлнө. Ноолуурын мөнгөөр их, дээд сургуулиудын төлбөр явдаг байсан. Ирэх найм, есдүгээр сард ялангуяа төрийн их, дээд сургуулийн сургалтын төлбөрийн асуудал шууд хүндэрнэ. Хөдөөний хүүхдүүд хотод орж ирэхээрээ Нарантуул, 3, 4-р хорооллын дэлгүүрүүдээс худалдан авалт хийдэг. Ноолуурын мөнгө байхгүй болчихоор дэлгүүрүүд байхгүй болно. Малчдын хүүхдүүд хот орж ирээд, хагас бүтэн сайнд караоке, диско, үйлчилгээний газар ордог, тэр нь байхгүй болчихно. Ингээд ноолуурын цикл тасрахаар зөвхөн малчид хүндрэхгүй, бүтэл бүтэн эдийн засаг хүндэрч байна. Коронагийн эдийн засагт үзүүлж буй нөлөөг ингэж л харах ёстой.

Үргэлжлэлийг ЭНД дарж уншина уу.


"ТӨР НЬ АВЛИГАД ИДЭГДСЭНИЙ ИЛРЭЛ НЬ ХАР ЖАГСААЛТ"

Транспэрэнси Интернэйшнл Монгол ТББ-ын гүйцэтгэх захирал О.Батбаяртай ярилцлаа.

-Монгол Улс Олон улсад мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх эрсдэлтэй орноор нэрлэгдэж, хүндхэн нөхцөлд байна. Энэ үед Монгол Улс дахь авлигийн нөхцөл байдал ямар түвшинд байна гэж танай байгууллага дүгнэж байна вэ?

-Монгол Улс дахь авлигын түвшнийг хэмжиж буй том судалгаа бол авлигын индекс гэж хэлж болно. Үүнд есөн эксперт байгууллагын үнэлгээг харгалзан үзэж, дүгнэлт хийдэг. Сүүлийн таван жилийн хугацаанд Монгол Улс авлигын индексээр 40-оос доош оноо авч ирсэн. Тухайлбал, 2012 онд Монгол Улсын хувьд Авлигын индекс 36 оноотой байснаас 2015 онд гэхэд 39 оноо болтлоо өссөн, сайн үзүүлэлт гарч байсан бол 2016 онд 38 оноо, 2017 онд 36 оноо, 2018 онд 37 оноо, 2019 онд 35 оноо авч 105 дугаар байранд эрэмбэлэгдэж байна. Авлигын индексээр 40 онооноос доош оноо авсан орнуудад авлигын нөхцөл байдал дордох магадлал илүү өндөр байдаг . Ковид19  вирус туссан өвчтөнүүд  амьсгалын аппаратад орсон  тохиолдолд 50 хувиас дээш нь найдваргүй нас барж байгаа тухай судалгаа гарсан байсан түүн шиг манай улс амьсгалын аппаратад орчхоод байна гэсэн үг.

-Авлигын индексийг гаргахад 9 эксперт байгуулагын үнэлгээг харгалзан үздэг гэлээ. Энэ талаар тодруулахгүй юу?

-Тухайлбал, Дэлхийн банкны эрхлэн гаргадаг улс орнуудын бодлого ба институтийн үнэлгээ байна. Тус үнэлгээнд Монгол Улсын төсвийн зарцуулалт хэр оновчтой, ил тод байдаг эсэхэд үнэлэлт өгөхөд 100 онооноос 35 оноог л авсан байна. /2018 онд 43 оноо, 2017 онд 43 оноо, 2016 онд 47 оноо/

Хоёрдугаарт, Дэлхийн эдийн засгийн Форумын эрхлэн гаргадаг Гүйцэтгэх захирлуудын үзэл бодлын судалгаа. Энэ судалгаанд Монгол Улс авах ёстой 100 онооноос 28 оноо авсан. Энэхүү судалгаа Монголын бизнесийн орчин хэр авлигын эрсдэлтэй бэ гэдгийг шалгачихдаг. Энэ мэтчилэн өрсөлдөх чадвар, аудитын байгууллагын ба сонгуулын байгууллагын хараат байдал, авлигын хэрэг шүүхээр шийдэгдэж буй байдал, ялын бодлого, ардчиллын институт зэрэг үзүүлэлтээр олон улсын есөн эксперт байгууллагын үнэлэлтэд үндэслэн Монгол Улсын авлигын индекс тодорхойлогддог. Энэ экспертүүд манайхыг авлигын эрсдэл өндөр гээд дүгнэсэн гэж ойлгож болно.

Үргэлжлэлийг ЭНД дарж уншина уу.


“ИХЭНХ ОРОН БУРХАН БАГШИЙН ДҮЙЧИН ӨДӨР БҮХ НИЙТЭЭР АМАРДАГ”

Ирэх долоо хоногийн баасан гаригт /2020.06.05/ бүх нийтээр амарна. Учир нь, тус өдөр нь зуны тэргүүн сарын шинийн 15 буюу Бурхан багшийн их дүйчэн өдөр таарч байгаа юм. Цар тахлын үед тус өдрийг хэрхэн тэмдэглэн өнгөрүүлэх, Гандантэгчэнлин хийдээс ямар үйл ажиллагаа явуулах талаар тус хийдийн Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах албаны лам Ц.Бямбажаргалтай ярилцлаа. 

-Бурхан багшийн их дүйчэн өдөр нь ямар утга учиртай өдөр болох талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Бурхан багшийн их дүйчэн өдөр нь билгийн тооллын зуны эхэн сарын 15-нд тохиодог. Энэ өдөр Бурхан багшийн лагшин мэндэлсэн, төгс гэгээрлийн хутгийг олсон, нирваан дүрийг үзүүлсэн гэсэн гурван үйл давхацдагаараа бусад дүйчэн өдрөөс машид онцлогтой. Эл өдөр нялхсыг баярлуулж, ядууст өглөг өгч, эцэг, эхийгээ ачилж, цагаан хоол идэж, хамаг амьтныг энэрч, нигүүлсэх сэтгэлээр хандан өнгөрүүлдэг. Энэ өдөр хийсэн буян мянга, түм арвижна гэж үздэг.

-Хөл хориотой энэ үед тус өдөрт зориулан танай байгууллагаас ямар үйл ажиллагаа зохион байгуулах вэ?

-Энэ жилийн зуны эхэн сарын шинийн 15 буюу Бурхан багшийн их дүйчэн өдөр нь аргын тооллын 2020 оны зургадугаар сарын 5-нд тохиож  байгаа. Энэ өдрийг “Энэрлээр нэгдэж, эвээр бүтээе” уриан доор зохион байгуулна.

Үргэлжлэлийг ЭНД дарж уншина уу.


“ГАДААД ДАХЬ МОНГОЛЧУУД УЛС ТӨРИЙН ЗОЛИОС БОЛЧИХЛОО”

Гадаадын 45 улсаас 10800 гаруй монгол иргэн эх орондоо ирэх хүсэлт гаргаад буй. Улсын онцгой комиссоос “Шат дараатай иргэдээ татан авна. Тусгаарлах байрны хүрэлцээнээс шалтгаалж, татан авалтыг төлөвлөнө” гэж мэдээлсэн. Гэвч хилийн чанадад гацаад буй иргэдийн хувьд эх орондоо очих хүсэлтээ илэрхийлж, цахим орчинд “Бид эх оронтой хүмүүс” хэмээн давалгаалж байнаИнгээд АНУ-д гэр бүлээрээ гацаад буй UB Com­edy” клубын гишүүн Н.Амаржинтай цахимаар холбогдож, цөөн хором ярилцсанаа хүргэе.

-Улсын онцгой комисс, Засгийн газрын шийдвэрээр Монгол Улс өндөржүүлсэн бэлэн байдлын хугацаагаа зургадугаар сарын 30 хүртэл сунгалаа. Та АНУ-д ямар зорилгоор, хэзээ очсон бэ?

-Манай гэр бүл АНУ-д гурван сар болж байна. Энэ оны эхээр гэр бүлээрээ АНУ-д ирсэн. Засгийн газраас "онцын шаардлагагүй бол гадаад руу битгий яваарай" гэж сануулсан гэж мэдээлж байгаа. Яг үнэндээ тухайн үед тийм зүйл огт байгаагүй. Улсынхаа хилийг хааж болно. Ямар ч улсын иргэн хүн эх орондоо очих эрхтэй. Ядаж тав хоног ч юм уу, богино хугацаанд иргэддээ боломж олгож, эх орондоо ирүүлэх нь зөв шийдвэр байсан болов уу.

Одоо тэгтэл юу вэ, вакцин гартал улсынхаа хилийг нээхгүй, хүлээх вэ. Тэр вакцин нь гарлаа гэхэд Монгол улсад хэзээ орж ирэх вэ?. Хамгийн гол нь гадаадад гацсан монголчуудын бухимдаж байгаа асуудал нь зургадугаар сарын 30-ныг хүртэл хилээ хаагаад хэзээ нээх нь тодорхойгүй байна. Дэлхийн бусад улс шиг эдийн засгаа дэмжих хосолсон төлөвлөгөө байхгүйгээр иргэдээ “Эх орондоо ирээрэй” гэж хэлж байснаа гэнэт хаалгаа түгжсэн нь утгагүй.

Хүмүүс хохирогчоо буруутгадаг сэтгэхүйгээрээ биднийг “Яах гэж гадаад явсан юм бэ” гэдэг байр сууринаас хандаж байна. Хэн нь ч ойлгохыг хүсэхгүй байна. Дэлхийн энд тэндгүй монголчууд янз бүрийн шалтгаантай гацаад байна. Манай гэр бүл магадгүй онцын шаардлагагүй гадаад явсан байлаа гэж үзэхэд энд гурав хоногийн хуралд оролцохоор ирээд гурван сар гацаж байгаа хүн ч байна. Тэр хүн солих хоёрхон ээлжийн хувцастай ирсэн байх жишээтэй. Эмчлүүлэх гээд ирсэн хүмүүс ч хүнд нөхцөлд байна.

Үргэлжлэлийг ЭНД дарж уншина уу.


"ХӨЛ ХОРИОГОО 2022 ОН ХҮРТЭЛ ҮРГЭЛЖЛҮҮЛЭХ ШААРДЛАГАТАЙ ГЭЖ ҮЗСЭН"

Covid-19 халдвар тархсанаас хойш дэлхийд 20 мянга гаруй судалгаа хийгджээ. Дээрх судалгаануудын талаар Эрүүл мэндийн яамны Шинжлэх ухаан, технологийн нарийн бичгийн дарга, анагаах ухааны доктор Э.Оюунсүрэнтэй ярилцлаа.

-Covid-19 халдвараар өвдөөд эдгэсэн хүмүүст ямар өөрчлөлт ажиглагдаж байна вэ. Зарим тохиолдолд амт мэдрэхгүй болж байгаа, мөн Японд уг халдвараар өвчлөөд ой санамжаа алдсан талаарх мэдээллүүд гарч байна. Энэ бүхнээс харахад уг халдвар нь мэдрэлд нөлөөлдөг гэсэн үг үү?

-Covid-19 халдвараар өвчилсөн хүн амт, үнэр мэдрэхээ больсон талаарх судалгаа одоогоор байхгүй байна. Японд ой санамжаа алдах тохиолдол гарч байгаа нь тухайн орны онцлогтой холбоотой. Монгол өндөрлөг газарт оршдог учраас артерийн даралт ихдэх нь элбэг байдаг бол Японд өндөр наслалтаас шалтгаалсан альцгеймерийн өвчин их байдаг. Энэ нь ихэвчлэн өөх, тосны солилцооны алдагдалтай холбоотой байж болно. Дэлхий дахинд альцгеймерийн өвчлөл бүрэн эмчлэгдээгүй байгаа.

-Чихрийн шижин, артерийн даралттай хүмүүс ихэвчлэн өвчилж байна. Үүнд ямар шалтгаан байна вэ?

-Вирус нь бүрэн судлагдаагүй байгаа болохоор энэ бүхний шалтгааныг нарийн тодорхойлж хэлэх боломжгүй байна. Тиймээс судалгаанд тулгуурлан яръя.

БНХАУ-ын Ланзоу их сургуулийн судлаачид коронавирусийн халдвар авсан 1576 иргэнд хийгдсэн долоон төрлийн судалгаанд тойм судалгаа буюу дүн шинжилгээ хийсэн байна. Судалгаанаас харахад эдгээр өвчтөнүүдийн 21.1 хувь цусны даралт ихсэлттэй, 9.7 хувь чихрийн шижинтэй, 8.4 хувь нь зүрх судасны өвчинтэй, 1.5 хувь нь амьсгалын замын архаг хууч өвчтэй байсан. Судалгаанд дурдсанаар коронавирусийн халдвар авснаас биеийн байдал хүндрэх магадлал цусны даралт ихсэлттэй өвчтөнүүдийн дунд 2.4 дахин илүү, амьсгалын замын архаг хууч өвчтэй өвчтөнүүдийн дунд 2.5 дахин илүү, зүрх судасны өвчтэй өвчтөнүүдийн дунд 3.4 дахин илүү байгаа юм. Өөрөөр хэлбэл, зүрх судасны өвчтэй хүн Covid-19-өөр өвчилбөл хүндрэх  магадлал 3.4 дахин их байгаа.

Уг халдварын шинж тэмдэг нь ч өөрчлөгдөн, нэмэгдэж байгаа. Тухайлбал, тохиолдлын судалгаагаар Covid-19-ийн халдвар авсан 20 настай, эрэгтэй, архаг өвчингүй өвчтөнд халуурах, бүтэн биеэр туурах шинж тэмдэг илэрсэн байна. Хэдийгээр биеэр туурах шинж тэмдэг нь Covid-19 халдварын үед тун (2/1099) ховор тохиолдож байгаа ч эмч, эмнэлгийн ажилтнууд бүтэн биеэр туурах шинж тэмдгийг анхааралдаа авах нь зүйтэй хэмээн энэхүү судалгаанд зөвлөсөн байгаа.

Үргэлжлэлийг ЭНД дарж уншина уу.


А.АМАРЖАРГАЛ: МОНГОЛ УЛС CS:GO ТӨРӨЛД ТОЛГОЙ ЦОХИЖ БАЙНА

MESA буюу Монголын цахим спортын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга А.Амаржаргалтай ярилцлаа. Тэрбээр e-sports буюу цахим спортыг Монголд хөгжүүлэхийн тулд нөхдийн хамт хичээж яваа бүтээлч залуу юм.

-Манай уншигчдад холбооныхоо талаар танилцуулахгүй юу. Анх хэрхэн, ямар зорилготойгоор байгуулагдсан бэ?

-Манай холбоо анх 2003 онд үүсгэн байгуулагдсан, одоогоор зургаан хүний бүрэлдэхүүнтэй. Яг цахим спортоо сайн мэддэг “Спортыг менежерүүд л хөгжүүлнэ” гэдэгт итгэдэг зургаан менежер залуу л байна. Холбооны хувьд сүүлийн 4-5 жил тогтвортой үйл ажиллагаа явуулж чадаагүй боловч дэлхийд цахим спорт тэсрэлт хийж, олон мянган үзэгч, тамирчинтай, өндөр шагналын сантай болж ирсэн. Тийм учраас 2019 оны гуравдугаар сард удирдах зөвлөлөө шинэчилж, одооноос л тогтвортой үйл ажиллагаа явуулж байна. Байгуулагдсан зорилго нь их энгийн. Монголын цахим спортыг дэлхийн тавцанд гаргах. Мөн Монголын спортын салбарт шинэ менежментийн арга барил нэвтрүүлэх гэсэн зорилготой.

-Сүүлийн өдрүүдэд Tiger баг Азийн хоёр том тэмцээнд дараалан түрүүллээ. Өмнө нь ч гэсэн Mongolz баг Азидаа аваргалж байлаа. Энэ бүх амжилтыг юутай холбоотой гэж бодож байна вэ?

-Цахим спортын бусад спортоос ялгарах зүйл нь гэвэл баг, тамирчид нь холбоо болон ямар нэгэн хүчин зүйл, орон зайнаас хамаарахгүйгээр тэмцээн уралдаанд чөлөөтэй оролцож, үнэхээр сайн байвал олон улсад хүлээн зөвшөөрөгддөг. 2016 онд Mongolz баг Ази тивийн аварга болсноос хойш Монголын олон тамирчин олон улсын тавцанд танигдаж эхэлсэн. Жишээлбэл, erkaSt Австралид, dobu, kabal хоёр 5Power багийн бүрэлдэхүүнд багтан Хятадад гэх мэтчилэн манай тамирчид холбооны дэмжлэггүйгээр Азидаа танигдсан байсан л даа. Харин одоо эдгээр тамирчид маань эргээд Монголдоо ирэхэд манай холбооны үйл ажиллагаа азаар ч гэх юм уу сэргэж таарсан.

Өмнө нь Зүүн өмнөд Азийн цахим спортын шилдэг найман багийн 1-2 нь монгол байсан бол одоо тогтмол гурван баг болж амжилтаа ахиулсан.

Бидний тогтвортой, багууд руу чиглэсэн ажлын үр шимийг одоо энэ багуудын амжилтаас харж болно. Tiger баг бол супер жишээ нь.

Үргэлжлэлийг ЭНД дарж уншина уу.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ТэнэглэлТэнэглэл
3
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж