Дани улс дүрвэгсдийн асуудалд хатуу байр суурьтай байна. Есдүгээр сард тус улсын эрх баригчид Ливаны нэгэн сонинд тус улс руу цагаачлах хүсэлтэй иргэдэд зориулж “Данид бүү ир” гэсэн утгатай зарлал тавьж байсан билээ. Тэгвэл одоо Данийн Засгийн газар тус улсад ирж буй дүрвэгсдээс барьцаа болгож үнэт эдлэл, мөнгө авах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Тус хуулийн төслийг парламентад өргөн барих нь тодорхой болжээ.
Шинэ хуулийн төсөлд Дани улсад очиж буй дүрвэгсэд болон тус улсад оршин суух зөвшөөрөлгүй цагаач иргэдийн хувцас, тээшийг шалгаж, нэгжин, тус улсад түр байх хугацаандаа зарцуулах хөрөнгөтэй эсэхийг нь тогтоох эрхийг хууль сахиулагчдад олгохоор заасан байна.
Шинэ хууль тус улсад одоо оршин суугаа дүрвэгсдэд ч мөн хамаатай гэнэ. Дүрвэгсдийн асуудлыг цогцоор нь шийдэх бодлого агуулсан тус хуулийн төслийг ирэх нэгдүгээр сард парламентаар хэлэлцэж, хоёрдугаар сараас хүчин төгөлдөр мөрдөх ажээ.
Данийн Интеграцчлалын сайдын хэлснээр цагдаа нар дүрвэгсдээс зөвхөн үнэт эдлэл, сэлтийг хураан авах бөгөөд өдөр тутмын зайлшгүй хэрэгцээний гар утас, цаг зэргийг авахгүй юм байна.
Тус улсын улс төрийн гол хоёр нам уг хуулийн төслийг батлахад санал зөрөлдөж байгаа ажээ.
Данийн зарим улстөрч үүргэвч дүүрэн үнэт эдлэл, мөнгөтэй ирэх дүрвэгч нэг ч байхгүй учраас ийм хууль ямар ч хэрэггүй гэж үзэж байгаа юм. Харин зарим нь шинэ хуулийн төслийг хүний муу үзсэн, шал хэрэггүй зүйл гэжээ. Дүрвэж яваа улсуудын үнэт эдлэл, хөрөнгийг хурааж авах гэдэг санаа нь Европт нацистууд дайны үед еврей иргэдээс алт, үнэт эдлэлийг нь цөлмөн авч байсан харгис үеийг санагдуулж байгаа юм.
Харин Данийн Интеграцчлалын сайд шинэ хуулийн төсөл дүрвэгсдийн тус улсад байх хугацаанд авах нийгмийн халамж үйлчилгээ, орон байрны төлбөр, санхүүгийн асуудлыг зохицуулах нэг арга гэж тайлбарлажээ. Тэрбээр мөн "Европын орнууд одоо дүрвэгсдийн хөлд дарагдаад байна. Олон дүрвэгч хүлээн авах нь Данийн нийгэмд дарамт учруулж мэдэх ч манай улс үүрэг хүлээж, тодорхой тооны дүрвэгч хүлээн авна. Оршин зөвшөөрөл авсан дүрвэгч Данийн иргэдийн нэгэн адил үнэгүй боловсрол, эрүүл мэндийн эмчилгээ үйлчилгээ авах эрхтэй” гэсэн юм.
Дани улс сүүлийн үед гадаадын дүрвэгсдээс нүүр буруулсан гэдэг шүүмжлэлд өртөөд байгаа бөгөөд тус улсын Засгийн газар дүрвэгсдийн нийгмийн халамжийн санг 50 хувь хүртэл бууруулсан билээ. Хөрш Швед ч мөн дүрвэгсдийн хөлд дарагдсан тул дүрвэгсдийн талаарх бодлогоо чангатгаж эхэлсэн.
Н.ЭНХ