Дорнод аймгийн боловсролын салбарт сүүлийн 4 жилд 9 цэцэрлэг 4 сургуулийн өргөтгөл баригдсан бөгөөд Хэрлэн сумын 3 дугаар багт баригдах 640 хүүхдийн тус сургууль Дорнод аймгийн 28 дахь бүрэн дунд сургууль болон сүндэрлэнэ.
Шинэ сургууль 3 давхар 8400 мкв бөгөөд спорт заал, урлаг заал, хоолны газар, 5 кабинет, 13 анги, эмч сэтгэлзүйчийн өрөө, багш нарын өрөө, хувцас солих өрөө зэрэг иж бүрэн орчин үеийн шийдлээр баригдах юм.
Хэрлэн сумын 3 дугаар багийн нутагт өнгөрөгч онд Зүүн бүсийн ахмад настны асрамж, үйлчилгээний төв шинээр баригдсан бол баруун талд нь 150 хүүхдийн хүчин чадалтай цэцэрлэг баригдаж байна. Харин 640 хүүхдийн сургуулийн барилгыг ирэх оны 9 дүгээр сараас өмнө ашиглалтад өгөхөөр “Шимт газар” ХХК ажлаа эхлүүлээд байна.
Монгол улсын Засгийн газраас хэрэгжүүлж байгаа аймаг бүрд 1000 айлын орон сууц хөтөлбөрийн хүрээнд аймгийн төвөөс баруун тийш 5км 48 га талбайд 1000 айлын орон сууцны хороолол тус байршилд баригдана.
Улсын төсвийн 5,7 тэрбум төгрөгийн хөрөнгөөр 3-р багт дулаан, цэвэр, бохирын шугам сүлжээний ажил бүрэн хийгдээд байгаа ба хотын ойрын төлөвлөлтөд соёл, нийгмийн хэрэгцээг бүрэн шийдсэн, инженерийн шугам сүлжээнд холбогдсон цогц хотхон, хороолол бий болох юм. 1000 айлын орон сууцны хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг Францын хөрөнгө оруулалттай “АрхитайФ” ХХК 2015 онд хийж гүйцэтгэжээ.
Аймгийн Засаг дарга бөгөөд хүүхдийн төлөө зөвлөлийн дарга М.Бадамсүрэн шав тавих ёслолд оролцохдоо хэлсэн үгэндээ “Монголчууд бид шинэ хүүхэд төрөх, шинэ гэр, байшин барих, шинэ гэр бүл болох, шинэ дээл хувцас эсгэж оёх гээд шинэ бүхнийг талархан хүлээн авдаг давтагдашгүй өв соёл, зан заншилтай ард түмэн. Та бүхний бүтээн босгох оюуны их өргөөнд Дорнодын хүүхдүүд эрдэм номд шамдан суралцаж, ирээдүйн Монгол улсыг хөгжүүлэх эрдэм билигтэй хүмүүс олноор төрөн гарна гэдэгт итгэлтэй байна. Чойбалсан хотын маань баруун хэсэг ийнхүү цэцэглэн хөгжиж эхэллээ” гэв.
Эх сурвалж: ДОРНОД АЙМАГ
Холбоотой мэдээ