Аймгуудад агаарын бохирдол их байна | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Аймгуудад агаарын бохирдол их байна

Хуучирсан мэдээ: 2015.12.18-нд нийтлэгдсэн

Аймгуудад агаарын бохирдол их байна

Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хороо өнөөдөр хуралдлаа. Энэ удаад дөрвөн асуудлыг хэлэлцлээ. Нэгдүгээрт, агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооны бүтэц ажиллах журамд нэмэлт өөрчлөлт оруулах тухай болон аймгийн Засаг дарга нарт энэ асуудлыг танилцуулах, хоёрдугаарт, аймаг, нийслэл, төвд үйл ажиллагаа явуулж байгаа шатахуун түгээх станцуудад нано технологи нэвтрүүлэх боломжийн талаар, гуравдугаарт, 2016 онд аймаг, нийслэлийн агаарын чанарыг сайжруулах чиглэлээр цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай, дөрөвдүгээрт, ялтсан цахилгаан халаагуурыг гэр хороололд суулгаж, агаарын бохирдлыг бууруулах судалгааны ажлын явцын талаар хэлэлцлээ.

Энэ хуралд аймаг орон нутгийн удирдлагууд оролцож байгаа нь онцлог юм. Учир нь, агаарын бохирдол хөдөө орон нутагт нэмэгдэх хандлагатай болжээ. Тэр дундаа Өмнөговь, Орхон, Өвөрхангай, Баянхонгор, Дархан, Хөвсгөл, Ховд аймагт хамгийн их хэмжээтэй байгаа юм байна. Аймгуудад агаарын бохирдол ямар хэмжээнд байгаа талаар аймгуудын Засаг дарга нараас тодрууллаа.

Даланзадгад хотод агаарын бохирдол хамгийн их байна

Өмнөговь аймгийн Засаг дарга Б.Бадраа:

-Даланзадгад хотын оршин суугчдын тоо нэлээд нэмэгдсэн. Нийт өрхийн 83 хувь нь гэр хороололд амьдардаг. Үүнээс гадна 9 МВт-ын дулааны цахилгаан станц галлаж байна, мөн цэргийн ангиуд жижиг уурын зуух барьж өөр өөрсдийгөө халааж байна. Эдгээрээс шалтгаалаад Даланзадгад хотын агаарын бохирдол нэмэгдсэн. Цаашид санаа зовоож байгаа хамгийн том асуудал бол уул уурхайн салбарын хөгжлийг дагаад Цогтцэций, Ханбогд сумдад тоосжилт ихсэж байна.


Найман мянган өрх нүүрс хэрэглэдэг

Баянхонгор аймгийн Засаг дарга Д.Жаргалсайхан:

-Баянхонгор аймгийн агаарын бохирдол нэмэгдэж байна. Энэ нь хүн амын төвлөрлөөс шалтгаалж байна. Мөн айл өрхүүдийн нүүрсний хэрэглээ нэмэгдсэн. Гэр хороололд нийтдээ найман мянга орчим айл өрх амьдарч байна. Тэдний түлж байгаа нүүрс нь утаа, тортог ихтэй байдаг. Эдгээрээс шалтгаалж агаар бохирдоод байна. Тиймээс утаагүй зуух нийлүүлэх арга хэмжээг авч эхэлсэн. Цаашид уурын зуухыг багасгаж, дулааны цахилгаан станц барих шаардлагатай байна.

-Танай аймаг концессийн гэрээгээр байгуулах найман аймагт танай аймаг багтаж гэрээ байгуулж байсан. Энэ ажил юу болсон бэ?

-Энэ ажил нь аж ахуйн тооцоотой ажил. Төрөөс гурван тэрбум төгрөгийн дэмжлэг үзүүлээд үлдсэн 17 тэрбумыг аж ахуй нэгжээс гаргахаар болсон. Гэтэл дулааны цахилгаан станц бариад, үйл ажиллагаагаа явуулахад эдийн засгийн хувьд үр нөлөөгүй учир аж ахуй нэгжүүд сонирхохгүй байна.


Орхон аймагт сүүлийн хоёр жилийн дотор 57 боловсруулах үйлдвэр ашиглалтанд орсон

Орхон аймгийн Засаг дарга С.Дангаасүрэн:

-Орхон аймгийн Эрдэнэт хотод 100 мянган өрх оршин суудаг үүний 60 мянга орчим нь гэр хороололд байдаг. Тиймээс бид агаарын бохирдлыг хэмжээгээр нь дөрвөн бүсэд ангилсан. Нэгдүгээр бүс буюу агаарын бохирдол хамгийн их Цагаан чулуут, Булаг, Баянцагаан багууд орж байна. Хоёрдугаар бүсэд Наран, Шанд багууд орж байна. Гуравдугаар бүсэд Рашаант баг орсон. Дөрөвдүгээрт бүсэд Эрдэнэ, Дэнж, Баян цагаан багууд орж байгаа юм. Дөрөвдүгээр бүсэд орсон багууд бол агаарын бохирдол харьцангуй гайгүй байна гэсэн үг л дээ. Мөн “Эрдэнэт” үйлдвэр бол том үйлдвэр, агаарын бохирдол их гаргадаг. Зас, хар төмөрлөгийн үйлдвэр гэх мэт 57 боловсруулах үйлдвэр сүүлийн хоёр жилийн дотор ашиглалтанд орсон. Эдгээрээс улбаалж агаарын бохирдол нэмэгдэж байна. Тиймээс Агаарын бохирдлыг бууруулах мастер төлөвлөгөө боловсруулж, ажиллаж байгаа юм.


Арвайхээр хотын 80 хувь нь гэр хороололд амьдардаг

Өвөрхангай аймгийн Засаг дарга Д.Тогтохсүрэн:

-Өвөрхангай аймаг агаарын бохирдол ихтэй. Ялангуяа аймгийн төв Арвайхээр хот агаарын бохирдол ихтэй байна. Гурван үндсэн шалтгаан байна. Нэгдүгээрт, бидний өргөн хэрэглэдэг Баянтээгийн нүүрс тортог ихтэй. Хоёрдугаарт, дулааны станц байхгүй. Хувийн уурын зуух голлож байна. Аймгийн төвийн бүсэд гэхэд 16 уурын зуух галлаж байна. Гуравдугаарт, гэр хороолол төвийн бүсэд түрээд ороод ирчихсэн. Үүнтэй холбоотой агаар бохирдож байна. Тиймээс агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр дулааны нэгдсэн шугамд холбогдож уурын зуухны тоог багасгах, мөн гэр хороололд утаагүй зуух хөтөлбөр хэрэгжүүлэх ажилд анхаарал хандуулж байна. Мөн нүүрс боловсруулах технологи нэвтрүүлэх хэрэгтэй байна.

-Нүүрс боловсруулах технологийн төлөвлөгөөгөө боловсруулсан юм уу?

-Одоогоор төлөвлөгөө боловсруулсан зүйл алга. Гэхдээ нийт нүүрсийг 100 хувь гэж үзвэл түүний 70 хувь нь нүүрс, 30 хувь хог шороо чулуу байгаа юм. Үүнийг ангилж угаах хэрэгтэй.


Хөвсгөл аймагт агаарын бохирдол дээгүүрт тооцогдож байна

Хөвсгөл аймгийн Засаг даргын орлогч М.Очирхуяг:

-Хөвсгөл аймгийн төд Мөрөн хотод 11 мянган өрх амьдардаг. Эдгээр өрхийн 10 гаруй мянга нь гэр хороололд амьдардаг. Ерөнхийдөө бусад аймгийг бодоход хамгийн их төвлөрсөн хүн амтай хот юм. Мөн хотгор газарзүйн тогтоцтой учраас утаа нь бөөгнөрч тогтох хандлагатай байдаг.


Ховд хотод 160 уурын зуух галлаж байсан

Ховд аймгийн Засаг дарга Д.Цэвээнравдан:

-Ховд хот Монгол Улсын эртний хотын нэг юм. Олон жил болсон учир төвлөрөл ихтэй. Нөгөө талаас төлөвлөлт муутай явчихсан учраас гэр хорооллын утаа хонхор газар төвлөрч байгаа нь агаарын бохирдолд нөлөөлөөд байна. Дээр нь Ховд хотод 160 гаруй уурын зуух галлаж байсан. 2013 оноос 80 орчим уурын зуухны үйл ажиллагааг зогсоож, хоёрдугаар дулааны цахилгаан станц барьж ашиглалтад оруулсан.

Т.ДАВААНЯМ

 

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Зочин 2015-12-18 150.129.143.129

darhan yagaad bichegdeegui bn.oron nutgiin garuud irj suurshsanaas mash ih nuurs tuldeg bolson.urid ni iim bgaaguildee.odoo haa saigui iim boloo shivdee.

Utaanbaatart utaa baidag bish ajee 2015-12-18 103.26.193.124

Zuvhen Utaanbaatart l agaariin bohir utaa baidag bish uls oron buh aimag utaand umbajee.

ыы 2015-12-18 202.179.24.20

Эрдэнэтэд 400 гаруй мянган хүн оршин суудаг гэж үү? Нэг өрхийг 4 ам бүлтэй гэж үзээд байна л даа

зочин 2015-12-18 122.201.26.171

Өмнөговь аймгийн Засаг дарга Б.Бадраа, Баянхонгор аймгийн Засаг дарга Д.Жаргалсайхан