Оксфордын их сургууль Элбэгдоржийн Эрдэнийг онцолжээ

Хуучирсан мэдээ: 2020.05.29-нд нийтлэгдсэн

Оксфордын их сургууль Элбэгдоржийн Эрдэнийг онцолжээ

Оксфордын их сургууль Элбэгдоржийн Эрдэнийг онцолжээ

Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн хүү Э.Эрдэнэ нь дэлхийн шилдэг сургуулиудын нэг Оксфордын их сургуулийн салбар сургууль болох Блаватникийн их сургуулийг 2015 онд Төрийн бодлогын чиглэлээр суралцаж төгссөн билээ. Оксфордын их сургууль түүнийг онцлох төгсөгчөөр нэрлэж, тус сургуулиас олж авсан мэдлэг туршлагаа эх орондоо хэрхэн ашиглаж, хэрэгжүүлж байгаа  талаар нь ярилцсан байна. Нийтлэлийн англи эхийг ЭНД дарж уншина уу.

Орон нутгийн иргэдийн амьдрал ахуйг сайжруулахад чиглэсэн үр дүнтэй бодлого боловсруулан ажиллаж буй Э.Эрдэнэ

Төрийн албанд зүтгэх үүрэг Элбэгдоржийн Эрдэнэд иржээ. Улстөрчийн хүү болж төрсөн Э.Эрдэнэ багаасаа л эцгийнхээ замналыг үргэлжлүүлэх хүсэлтэй байжээ. Улс төртэй ойр өссөн нь түүнд бодлого боловсруулах талаар ойлголт олж авахад тусалжээ.

"Би ахлах сургуульд байхдаа аавдаа улстөрч болохыг хүсч байгаагаа хэлэхэд тэр үүнийг асар том золиос шаардсан ажил гэж хэлж байсан. Мөн чиний хувьд хамгийн чухал хүмүүс бол чиний үйлчлэх ёстой ард түмэн чинь шүү гэж захиж байсан”

Э.Эрдэнэ 2007 онд мэргэжил дээшлүүлэхээр АНУ-д Биологийн шинжлэх ухааны чиглэлээр суралцахаар явсан. Гэсэн ч тэр иргэдийн амьдралыг сайн сайхан болгож, нийгэмд эерэг өөрчлөлтийн авчрах эрхэм зорилгоо мартаагүй юм.

Сургуулиа төгсөөд Монголд буцаж ирсний дараахан Э.Эрдэнэ цэргийн албанд дуудагдав. Цэргийн алба хаах хугацаандаа тэрбээр Өмнөд Суданд НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаанд оролцож байжээ. Энэ үеэр түүний улс төрд орох хүсэл тэмүүлэл улам бүр бэхэжсэн байна.

“Өмнөд Суданд байхдаа би муу засаглалтай улс орны орны иргэдийн амьдрал хэрхэн доройтдогийг нүдээрээ харсан. Тэгээд Монголдоо эргэж ирэхэд эх оронд минь  мөн л сайжруулах шаардлагатай олон зүйл байгааг анзаарсан”

Ингээд Э.Эрдэнэ 2015 онд Оксфордын их сургуулийн харьяа Блаватникийн их сургуульд Төрийн бодлогоор суралцжээ. Тэрбээр магистрт тэтгэлгээр суралцаж, амжилттай төгссөн байна.

“Блаватникийн их сургуульд Төрийн удирдлагын чиглэлээр суралцсан нь Өмнөд Судан болон Монголд ажигласан бодлогын алдаа, тэдгээрийг шийдвэрлэх арга замуудыг олоход тусалсан”

Э.Эрдэнэ 2017 онд Баянзүрх дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралд сонгогдов. Баянзүрх дүүрэг бол шийдвэрлэх шаардлагатай, тулгамдсан асуудал ихтэй дүүргүүдийн нэг. Тэрбээр сонгуулийн сурталчилгааны үеэр өөрийн биеэр сонгогчидтой уулзан, хоёр долоо хоногийн дотор 700 гаруй айлаар зочилж, тэдэнд тулгамдсан асуудлуудын талаар ярилцаж, санаа бодлыг нь сонсчээ. Түүний хийх ажил иргэдийн оролцоонд суурилсан байсан ба хамгийн чухал нь ардчилсан үйл явцад иргэдийн оролцоог хангах явдал байв.

2020 оны сонгуульд Э.Эрдэнэ Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хуралд нэр дэвшихээр төлөвлөжээ. Дүүргийн иргэдийн төлөөлөгчөөр ажиллаж байх хугацаандаа тэр хангалттай туршлага хуримтлуулсан ба одоо төрийн бодлогод шууд нөлөөлөх боломжийг эрэлхийлж нэр дэвшихээр бэлтгэж байгаа аж.

“Улс төрд шат ахих тусам хүмүүс бодит амьдралаас тасрах гээд байдаг гэдэг. Миний хувьд мэдээж дахин нэг шат ахихыг хүсч байгаа ч өмнө нь ард иргэдтэйгээ ойр ажиллаж олж авсан туршлага, тэдний хэлсэн санал санаачилгыг марталгүй ажиллана гэж бодож байна”

Э.Эрдэнэ нь мөн бүс нутгийн манлайллын хэд хэдэн хөтөлбөрт амжилттай оролцож байжээ. Тухайлбал, “Глобал Шейперс” олон улсын нийгэмлэгийн Улаанбаатар дахь зохицуулагчаар сонгогдож, улс төр дэх залуусын оролцоо, сэтгэцийн эрүүл мэндийн асуудал гээд маш олон асуудлуудыг шийдвэрлэхээр ажиллаж байгаа юм. Мөн тэрбээр Азийн Сангийн Хөгжлийн Тэтгэлэгт Хөтөлбөрт шалгарсан байна.

Эдгээр төсөл хөтөлбөрүүд  нь Эрдэнэд манлайллын чадвараа хөгжүүлэх, Блаватникийн их  сургуульд байхдаа бий болгосон олон улсын хүчирхэг сүлжээгээ бэхжүүлэхэд тус дөхөм болж байгааг тэрбээр онцолжээ.

"Блаватникийн их сургуулиас олж авсан мэдлэг туршлагаас харахад, аливаа улс орнуудад тулгарч буй хүндрэл асуудлууд нь зөвхөн тухайн улсын асуудал бус дэлхийн хэмжээний хариу арга хэмжээ шаардлагатай, дэлхий нийтээрээ туршлага мэдээллээ солилцож байж хурдан шийдэгддэг гэдгийг ойлгосон”

Э.Эрдэнэ  бусад залуу удирдагчид, иргэдтэйгээ хамтран дэлхий даяар улам бүр дэлгэрч байгаа популист улс төрийн хуваагдалтай тэмцэж чадна гэж найдаж байна.

“Блаватникийн их сургууль надад улс төр гэдэг зүйл итгэл найдвар дээр оршин тогтнодог гэдгийг ойлгуулсан. Миний хувьд үр дүнтэй бодлого боловсруулалт нь хүмүүсийн амьдралд эерэг нөлөө үзүүлж чадахыг харуулсан тогтвортой, бат бөх бодлого санаачлагыг бий болгохоор ажиллаж байна”

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж