Жеорж Флойдын үхлээс болж үүссэн эмх замбараагүй байдлын үеэр тонуулчдаас дэлгүүрийг хамгаалах зорилгоор Стефен тэргүүтэй залуус сайн дураар хууль сахиулж байгаа ажээ.
Тэдний нэг болох 35 настай Стефен хэвлэлд өгсөн ярилцлагадаа "тонуулчдаас дэлгүүр болон тайван жагсагчдыг хамгаалахаар ирсэн" хэмээн ярьсан байна.
Энэ долоо хоногийн эхээр буюу тавдугаар сарын 25-нд Миннеаполис хотод дөрвөн цагдаа Жеорж Флойд гэх хар арьст эрийг баривчилж байх үедээ харгис хандсанаас амиа алдсан хэрэг гарч, түүнээс хойш тус хотод жагсагчид эмх замбараагүй байдал үүсгэн гал тавьж, дэлгүүрүүдийг хоослох болжээ
Үүссэн эмх замбараагүй байдлыг далимдуулсан тонуулчид дэлгүүрийн хаалга, цонхыг эвдэн орж, бараа хулгайлан танхайрч байгаа аж. Дэлгүүрийн эзэн буудуулж нас барсан хэрэг ч гарчээ. Мөн тус хотын гал унтраах багийнхны мэдээлснээр тавдугаар сарын 27, 28-нд нийт 30 орчим түймэр гарч, түймэр унтраахаар очсон галын машинууд руу жагсагчид чулуу шидсэн тохиолдол ч гарчээ.
Стефентэй гурван найз нь хамтарч байгаагийн нэг нь мөн адил цагаан арьст Майкл Соломон, харин нөгөө хоёр нь нэрээ нууцалсан, Африк гаралтай эрчүүд аж. Тэд цагдаа нарын эсрэг жагсаалыг дэмжиж байгаа ч түүнийг далимдуулан дэлгүүр ухахыг эсэргүүцэж байгаагаа илэрхийлжээ.
Стефен долоон жилийн турш хувийн хамгаалалтын албанд ажиллаж байгаа бөгөөд “Бид хэд хэдэн шалтгаантайгаар сайн дурын хамгаалалтад гарч байна. Нэгдүгээрт, энэ бол бидний хот, бидний гэр орон. Тиймээс бид гэр орноо өөрсдөө хамгаалах үүрэгтэй. Бас бид цагдаа нар ямар зорилготой байсныг мэдэхгүй ч Жеоржийн амийг хөнөөсөнд ихээр эмгэнэж байна. Хоёрдугаарт, үүсээд буй нөхцөл байдлаас хамаарч цагдаа нар энгийн иргэдийг хамгаалах үүргээ гүйцэтгэхэд хүндрэл үүсч байна. Улмаар энэ замбараагүй байдал дунд хэн нэгэн хохирвол түүнд хэн ч тусалж чадахааргүй болоод байна. Тиймээс туслах хэн нэгэн зайлшгүй хэрэгтэй” хэмээн ярьжээ.
Эх сурвалж: DAILYMAIL.CO.UK
Холбоотой мэдээ