“Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлага”-ын баримт бичгийг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор Азийн Хөгжлийн Банк болон Европын Хөрөнгө Оруулалтын Банкны хөнгөлөлттэй зээлээр “Гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр” төслийг хэрэгжүүлж эхэлсэн.
Төслийн хүрээнд хотын нутаг дэвсгэрийн тэнцвэртэй хөгжлийг хангах зорилгоор нэг төвт хотоос олон төвт хот болгон хэрэгжүүлэхээр тусган Улаанбаатар хотыг зургаан дэд төвтэй байхаар төлөвлөсөн. Төслийн нэгдүгээр шатны хүрээнд Баянхошуу дэд төвийн 3,600 өрхийн 14,000 иргэн инженерийн болон нийгмийн дэд бүтцээр хангагдсан эрүүл аюулгүй орчинд амьдрах боломжийг бүрдүүлсэн “Бизнес инкубатор, сургалт үйлдвэрлэлийн төв” иргэддээ үйлчлэхэд бэлэн болж, өчигдөр /2020.05.28/ үүдээ нээлээ.
Тус төвд лекц, өдөрлөг, жижиг дунд бизнес эрхлэгчдэд зориулсан сургалт зохион байгуулахаас гадна төрийн 198 үйлчилгээг нэг дороос үзүүлэх Баянхошуу Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төв үүд хаалгаа нээгээд байна.
Энэхүү төв нээгдсэнээр оршин суугчид нь хотын төв рүү явах шаардлагагүй болж, төрийн үйлчилгээг нэг дороос хурдан шуурхай авах боломж нээгдэж байна. Иргэдийн хамгийн их эрэлттэй улсын бүртгэлийн байгууллагын бүхий л үйлчилгээг түргэн шуурхай авч болохоос гадна, банк оролгүйгээр Гэрэгэ киоск ашиглан төлбөр төлөх, мөн ТҮЦ машинаас лавлагаа авах боломжтой.
Түүнчлэн үйлчигээний зааланд зөөврийн компьютер байршуулснаар иргэд сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдсэн эсэхээ шалгахболомжийг бүрдүүлсэн байна.
Өмнө нь Драгон, Оргил, Дүнжингарав, Мишээл гэсэн дөрвөн Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төв ажиллаж байсан бол нэгээр нэмэгдэн тав болж, Баянхошууны иргэд төрийн үйлчилгээг дэргэдээсээ авч эхэллээ.
Эх сурвалж:Улсын бүртгэлийн Ерөнхий газар
Холбоотой мэдээ