Хөл хүндтэй Alicia Keys хуримлалаа

Хуучирсан мэдээ: 2010.08.02-нд нийтлэгдсэн

Хөл хүндтэй Alicia Keys хуримлалаа

Тун удахгүй ээж болох гэж байгаа дуучин Alicia Keys реп продюсер найз залуутайгаа Францт хуримлажээ. Энэ оны арваннэгдүгээр сард амаржих дуучин бүсгүйн хурим өчигдөр Францын Корсика аралд ойр дотныхны хүрээнд даруухан болж өнгөрсөн байна. Мэдээж оддын хурим учир зочдын суудалд тухалсан хүмүүсийн дийлэнх нь олны танил, алдартангууд байсан бөгөөд U2 хамтлагийн дуучин Bono, жүжигчин Queen Latifah нар тэргүүн эгнээнд суусан харагджээ.

Alicia өөрөө намирсан цагаан даашинзтай, толгойдоо цэцгэн тууз зүүж, гартаа нил ягаан өнгийн сараана цэцгийн баглаа атгасан байв. Харин сүйт залуу Swizz Beatz цагаан, хар хослол өмсч, эрвээхий зангиагаар гоёсон байлаа.

Хуримын ёслолоос хэд хоногийн өмнө хосууд Корсика аралд ирж, хуримын ёслолынхоо өмнө сайхан амарч, наранд биеэ шарж, хамтдаа аз жаргалтай өдрүүдийг өнгөрүүлжээ.

Alicia Keys болон Swizz Beatz буюу Kaseem Dean нар 2008 оноос хойш болзож эхэлсэн бөгөөд Beatz хоёр хүүхдийн эцэг юм.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж