Зургадугаар сард 8 удаагийн нислэгээр 2000 иргэнээ татан авна

Хуучирсан мэдээ: 2020.05.29-нд нийтлэгдсэн

COVID-19

Зургадугаар сард 8 удаагийн нислэгээр 2000 иргэнээ татан авна

Зургадугаар сард 8 удаагийн нислэгээр 2000 иргэнээ татан авна

Улсын онцгой комиссын шуурхай штабаас өнөөдөр /2020.05.29/ мэдээлэл хийлээ.

ЦЕГ-ын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны дарга, цагдаагийн хурандаа Ж.Амгалан:

Гадаадаас ирсэн иргэд 21 хоног тусгаарлалтад байсны дараа гэрийн тусгаарлалтад шилждэг. Гэвч гэрийн тусгаарлалтад шилжсэний дараа шилжилт хөдөлгөөн маш их хийж бусдыг эрсдэлд оруулж байна. Тусгаарлалтад байх хугацаандаа өгсөн гэрийн хаяг дээрээ байхгүй тохиолдол олон байна. Хотоос аймаг, аймгаас хот руу, дүүрэг хооронд шилждэг. Нийт 804 иргэн гэрийн тусгаарлалтад байгаагаас 93 иргэн нь орон нутагт харъяалалтай. Гэтэл 584 иргэн тусгаарлалтад байхдаа өгсөн гэрийн хаягаа өөрчилсөн байна.  Шинэ коронавирусийн халдвар 14 хоногийн дараа илэрч байгааг Эрүүл мэндийн яамнаас анхааруулж байгаа.  Хариуцлагатай хандаач ээ. Хаяг дээрээ байхгүй иргэдэд хариуцлага тооцно гэхээр иргэдийн маань амьдралын чадавхи, халаас ямар байгаа билээ. Тэр бүгдийг торгоход хүнд байна. Иймээс тусгаарлалтын дэглэмээ сайтар сахихыг хүсье. Эхэлж өгсөн хаяг дээрээ 14 хоногийг тэвчиж өнгөрөөгөөч ээ.

“ОХУ-ААС ИРСЭН СОНСОГЧДОО ҮНДЭСНИЙ ИХ СУРГУУЛИЙН БАЙРАНД ТУСГААРЛАНА”

ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр:

“Шуурхай штабын зүгээс иргэдийг тусгаарлах боломжтой бүхий л байрыг судалж байна. Хууль зүйн яамнаас хууль сахиулахын чиглэлээр ОХУ-д суралцаж буй сонсогчдоо Монголын үндэсний их сургуулийн байранд тусгаарлахаар бэлтгэлээ хангасан. Хууль зүйн яамны зүгээс ОХУ-аас эх орондоо ирсэн бүх сонсогчоо авч, тэндээ байрлуулж байгаа. Эрүүл мэндийн яамнаас тавьж буй нэг хүн нэг өрөө, нэг өрөө нэг гэр бүл гэдэг шаардлагын дагуу иргэдийг тусгаарлах ёстой. Улсын онцгой комиссын тэмдэглэл дотор 21 хоногийн хугацаанд гурван удаа иргэдэд хэрэгцээтэй зүйлсийн оруулна гэж заасан.

Цаашид гадаадаас татан авах иргэддээ бид өмнө нь тавьж байсан хүндэтгэн үзэх шалгуураа тавина. Энэ дунд хөрөнгө санхүүгийн бэрхшээлтэй хүмүүс ч бий. Консулын газраас судалгаагаа хийсэн. Дийлэнх иргэд тусгаарлах болох нислэгийн зардлаа төлөөд ирж байгааг албан ёсоор хэлье. Шуурхай штабын ажлын хэсэгт ойролцоогоор 2000 орчим өргөдөл ирсэн. Мөн дээр нь 24 цагийн утсанд одоогийн байдлаар 30 мянга гаруй иргэн санал бодлоо илэрхийлсэн. Бид энэ бүхнийг бүртгэлжүүлж, программд оруулан дүн шинжилгээ хийгээд ажиллаж байгаа. Цаашдаа гадаадаас иргэдээ татан авах ажиллагааг зохион байгуулна. Монгол Улсын хил давж орж ирсний дараа зарим иргэд мэргэжлийн байгууллагын шаардлагыг үл тоосон хандлага гаргаж байна.

“ЗУРГАДУГААР САРД НАЙМАН УДААГИЙН НИСЛЭГЭЭР ИРГЭДЭЭ ТАТАН АВНА”

ГХЯ-ны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг:

“Казахстан улсаас эх орондоо ирэх хүсэлтэй байгаа 1097 иргэдээс 170 орчмыг нь боломжоороо авч ирэх ажлыг зургадугаар сарын 10-нд зохион байгуулахаар төлөвлөөд байна. Мөн зургадугаар сарын 11-нд Япон улсаас иргэдээ татан авахаар бэлтгэл хангаад байна. Япон улс руу хамгийн сүүлд дөрөвдүгээр сард тусгай үүргийн онгоц нисч байсан. Тэнд 1448 иргэн хүсэлтээ гаргаж, хичээл сургууль нь тарсан оюутнуудаас 200 орчмыг авч ирнэ. Япон улсын хувьд онц байдлаа цуцалсан. Дараагаар нь зургадугаар сарын 15-нд Энэтхэгийн баруун урд байрлах Гоа мужаас ламхай нарыг татан авахаар төлөвлөөд байна. Энэ хугацаанд хийх нислэгийн зөвшөөрлийг бүрэн авч дуусаагүй байгаа учраас өөрчлөгдөх магадлалтай. Уг нислэгийн дараа зургадугаар сарын 17-нд БНСУ-ын Сөүл хот руу зөвхөн транзит зогчигч авах нислэг үйлдэхээр төлөвлөж байна. Дахин зургадугаар сарын 18-нд БНСУ дахь иргэдээ татан авна. Европын бүсэд байгаа 2382 иргэнээ татан авахаар Франкпурт руу дахин нэг нислэг үйлдэнэ. Дараагийн хоёр нислэгийн хувьд тусгаарлах байр суларсны дараагаар тухайн үедээ нөхцөл байдлыг харгалзаж, аль улс руу нислэг үйлдэхээ шийднэ. Бид ирэх сард найман тусгай үүргийн нислэг үйлдэж, 2000 орчим иргэнээ татан авахаар төлөвлөж байна.

“ТУСГААРЛАХ БАЙРАНД БАЙГАА ИРГЭД САНАЛ ӨГӨХ БОЛОМЖГҮЙ”

Нэмэлт мэдээлэл өгөхөд зургадугаар сарын 24-нд УИХ-ын сонгууль болно. Сонгууль боллоо гээд гадаадаас иргэдээ татан авах ажлыг зогсоохгүй. Сонгуулийн ерөнхий хороотой урьдчилан тохирч, тусгаарлах байранд байгаа иргэд санал өгөх боломжгүй. Цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх тухай хуульд заасны дагуу Монгол Улсын иргэнд Үндсэн хуулиар олгосон зарим эрхийг хязгаарлах зохицуулалтыг тусгасан. Ойролцоогоор сонгуулийн насны 1000 орчим иргэнээ татаж авахаар байна. Гэхдээ зорчигчийн нэрс эцэслэгдээгүй учраас  нарийн тоо хэлэх боломжгүй байгаа. Зорчигчдын нэрсийг тухайн улс дахь Элчин сайдын яамнаас ирүүлсэн мэдээлэл, жагсаалтад тулгуурлан Шуурхай штаб эцэслэн гаргана.

Гэрэл зургийг Л.ЭНХ-ОРГИЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
29
БурууБуруу
3
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж