"Монгол Улс саарал жагсаалтаас хасагдах нөхцөлөө хангалаа"

Хуучирсан мэдээ: 2020.05.29-нд нийтлэгдсэн

"Монгол Улс саарал жагсаалтаас хасагдах нөхцөлөө хангалаа"

"Монгол Улс саарал жагсаалтаас хасагдах нөхцөлөө хангалаа"

Санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллага болох FATF-ын саарал жагсаалтаас гарах ажлын хэсэг хэвлэлийн бага хурал хийлээ. Ажлын хэсэг өнгөрсөн хугацаанд FATF -т цахимаар ажлын тайлангаа тавьж, амжилттай хамгаалсан аж.

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар:

FATF-н нарийн бичгийн даргын газар өчигдөр /2020.05.28/ тайлан ирүүллээ. Саарал жагсаалтаас гарах ажлын хэсэг хоёр удаа ажлаа тайлагнасан. Бээжин хотод нэгдүгээр сарын 10-нд болсон тайлант хурлаар бидэнд өгөгдсөн зургаан үүрэг даалгаврын гурвыг нь хамгаалсан. Үлдсэн гурвыг нь тавдугаар сарын 4-нд болсон хамгаалалтаар амжилттай 100 хувь хамгааллаа. Өөрөөр хэлбэл, Монгол Улсыг саарал жагсаалтад оруулсан асуудалтай зургаан үүрэг даалгаврыг амжилттай хамгаалсан сайн мэдээ байна. FATF тавдугаар сарын 4-нд хийсэн хамгаалалтыг дүгнээд, өчигдөр /2020.05.28/ дүгнэлтээ ирүүллээ. Үүнтэй холбоотойгоор FATF-н төлөөлөгчид Монгол Улсад ирж, үүрэг даалгавар хэр биелснийг шалгах ёстой байсан. Харин Covid-19-той холбоотой энэ шалгалт тодорхойгүй хугацаагаар хойшлогдож байна.

Монгол Улс саарал жагсаалтад орох болсон гол шалтгаан нь FATF-ийн төлөөлөгчид 2016 оны арваннэгдүгээр сарын 4-нд Монгол Улсад ирж, мөнгө угаах, терроризмын эсрэг тэмцэх арга хэмжээтэй холбоотой авч хэрэгжүүлсэн үйл ажиллагаанд хяналт, шалгалт хийсэн. Энэхүү шалгалтын дүгнэлт 2017 оны есдүгээр сард Монгол Улсад ирсэн. Энэ тайлангийн дүгнэлтэд үндэслэн FATF Монгол Улсыг саарал жагсаалтад оруулсан.

Энэхүү дүгнэлтэд тусгагдсан бүх асуудалтай зөвлөмжийг өнөөдөр бид арилгаж чадлаа. Үндсэндээ үлдсэн гурван асуудлыг дурдвал:

  • Санхүүгийн бус бизнесийн мэргэжлийн байгууллагуудад хяналт, шалгалт хангалтгүй байна гэсэн шалтгаан байв. Тухайлбал, үнэт чулуу, металл, алт мөнгөний арилжаа эрхлэгчид, үл хөдлөх хөрөнгийн арилжаа, хуульч, нотариатчидтай холбоотой асуудалд хийсэн хяналт шалгалт хангалтгүй байсан. Энэ чиглэлд хууль эрх зүйн орчныг нь бүрдүүлсэн.
  • Мөнгө угаахтай холбоотой гэмт хэргийг мөрдөх, прокурорын түвшинд яллах дүгнэлтийг гаргах үйл ажиллагаа Монгол Улсын хувьд учир дутагдалтай байна гэж яригдсан. Энэ чиглэлд хууль хяналтын байгууллагууд хамтарч ажиллаж, тайлангаа хамгаалсан.
  • НҮБ-ын хоригтой холбоотой авах арга хэмжээ байсан. Энэ авах арга хэмжээгээ маш тодорхой авч хэрэгжүүлсэн.

Энэ бүх ажлыг нэр төртэй хамгаалж дуусгасан.

Үүний зэрэгцээ, Монгол Улсын зээлжих хэрэглэлийг хэвээр нь үлдээсэн гэдгийг FITCH агентлаг мэдээлж байна. Covid-19-тэй холбоотой дэлхийн улс орнуудын эдийн засаг хямарч байгаа энэ үед Монгол Улсын зээлжих зэрэглэлийг хэвээр үлдээнэ гэдэг бол маш сайн мэдээ.

Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн:

FATF-ийн саарал жагсаалтад орох даалгавраа 2019 оны есдүгээр сард авч байсан. Үүнийгээ долоон сарын хугацаанд амжилттай биелүүлж, 2020 оны тавдугаар сард саарал жагсаалтаас гарах нөхцөлөө бүрэн хангалаа. FATF-с “Даалгавраа амжилттай биелүүллээ” гэсэн тайлан ирүүлсэн. FATF-н дараагийн хурлаар саарал жагсаалтаас гарах нөхцөлөө хангалаа.

Долоон сар гэдэг бол саарал жагсаалтаас гарах маш богино хугацаа. Энэ хугацаанд бид маш том ажлыг хийж гүйцэтгэлээ. 2011 онд Монгол Улс саарал жагсаалтад орж байсан тухайн үед бид 32 сарын дараа зургаан даалгавраа биелүүлж, саарал жагсаалтаас гарч байсан бол бусад улсууд саарал жагсаалтаас гарах гэж 3-5 жилийг зарцуулдаг гэсэн статистик байна. Монгол Улс энэ хугацаанд маш сайн баг болж ажиллалаа. УИХ-аас нийт 10 гаруй хуулийг шинэлж баталж өгсөн нь энэ даалгаврыг амжилттай биелүүлэхэд түлхэц өгсөн.

FATF-ийн дүгнэлт бол 2013-2016 оны хоорондох үйл ажиллагаанд хийсэн дүгнэлт. Үүнтэй холбоотойгоор техникийн 40 зөвлөмж, хэрэгжилтийн 11 зөвлөмжийг өгсөн. 2016 онд Монгол Улс техникийн 40 зөвлөмжөөс 35-г нь биелүүлдэггүй, хэрэгжилтийн 11 зөвлөмжийн бүгдийг нь биелүүлдэггүй улс байсан. Тэгвэл өнөөдөр Монгол Улс техникийн 40 зөвлөмжийн 35-г нь биелүүлдэг, 5-ыг нь хагас биелүүлдэг, хэрэгжилтийн 11 зөвлөмжийг бүгдийг нь биелүүлдэг улс боллоо. Энэ бол мөнгө угаах, терроризмтой тэмцэх ажиллагаанд Монгол Улсын гаргаж буй ахиц дэвшил юм. Энэ бол нэг удаагийн зүйл биш тогтолцоо болоод цааш явах ёстой.

Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан: СЗХ-ны хувьд нийт 40 зөвлөмж өгснөөс зөвлөмж 14 буюу мөнгөн гуйвуулга, зөвлөмж 28 буюу санхүүгийн бус мэргэжлийн ажил үйлчилгээ эрхлэгчдийг хяналт зохицуулалтад авах зайлшгүй шаардлагатай гэсэн дүгнэлтийг бид нэгдүгээр сард хамтын ажиллагааны байгууллагадаа ажлаа танилцуулсан. Шууд хэрэгжилтийн 11 зарчмын хүрээнд 4 тодорхой бүлэг дээр даалгавар авч, 6 ажил хийж гүйцэтгэсэн. Үл хөдлөх хөрөнгө зуучлалын салбар ямар нэгэн байдлаар хууль эрх зүйн зохицуулалтгүй байсныг УИХ онцгой ач холбогдол өгч хууль эрх зүйн орчныг нь бүрдүүлж өгсөн. Мөн үнэт чулуу, металл, алт мөнгөний арилжаа эрхлэгчдийн салбар ямар нэгэн зохицуулалтгүй явж ирснийг СЗХ хяналтдаа авсан. СЗХ-нд өнөөдрийн байдлаар 170 үл хөдлөх хөрөнгө зуучлалын компаниас 61 нь тусгай зөвшөөрлөө авсан бол 139 үнэт чулуу, металл эрхлэгчид СЗХ-нд хүсэлтээ өгснөөс хянаад явж байна. Өөрөөр хэлбэл, СЗХ эдгээр салбарыг бүртгэдэг, хяналт зохицуулалттай болсон. Цаашид бүртгээд хяналт тавиад явахаас гадна тусгайлсан хууль эрх зүйн орчныг бүрдүүлэхээр хуулийн төслийг бэлдчихсэн байна. Ирэх намрын чуулганд хуулийн төслөө өргөн барина. Ингэхээр эдгээр салбарууд тогтолцооны хэмжээнд бүрэн хяналтад орно.

Мөн харилцагчийг таньж мэдэх, ялангуяа эцсийн өмчлөгчийг тодорхойлох чиглэлд тодорхой шаардлага тавиад явж байна. Мөнгөн хөрөнгийн гарал үүслийг тодорхойлох шаардлагатай байна. Энэ асуудалд хамтын ажиллагааны зөвлөлийн хүрээнд тодорхой үр дүнд хүрээд явж байна. Дүнгээ хүлээж аваад баярлах бус, тогтолцоогоо шинэчлэх шаардлага байна. Цаашид FATF шаардлагыг биелүүлж ажиллана. FATF зүгээс газар дээрх хяналт шалгалт хийнэ гэвэл бид бэлтгэлтэй байх ёстой. СЗХ-ны зүгээс нарийвчилсан төлөвлөгөө гаргаад ажиллаж байна.

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
19
ЗөвЗөв
5
ХахаХаха
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж