Английн хөлбөмбөгийн Премьер лиг ирэх зургадугаар сарын 17-нд Манчестер Сити-Арсенал болон Шеффилд Юнайтед-Астон Вилла багуудын тоглолтоор үргэлжлэн явагдахаар болжээ. Харин бүтэн тойргийн тоглолтууд нь зургадугаар сарын 19-21-ний өдрүүдэд болно.
Тус лигийн бүхий л тоглолтууд үзэгчгүй, хаалттай цэнгэлдэхэд явагдах бөгөөд зөвхөн телевизийн дамжуулалтаар хүргэх аж.
Одоогийн байдлаар Английн Премьер лигт зохион байгуулагдах ёстой 10-9 тойрог бүхий 92 тоглолт үлдээд байна. Хэрэв Манчестер Сити баг ирэх тойргийн тоглолтуудад оноо алдах л юм бол Ливерпүүл баг 30 жилийн дараа Английн хөлбөмбөгийн дээд лигт дахин түрүүлэх нь тодорхой болно.
Ливерпүүл багийн 29 тойргийн дараах байдлаар 82 оноотой, ардаа бичигдэж байгаа Манчестер Сити багаас даруй 25 онооны илүү байна.
Европын хөлбөмбөгийн томоохон тэмцээнүүдэд болох УЕФА Аваргуудын лиг болон Европа лигийн тоглолтууд ирэх наймдугаар сарын 6-8 хооронд үргэлжлэх төлөвтэй байна. Энэ талаар УЕФА буюу Европын хөлбөмбөгийн холбоо ирэх зургадугаар сард уулзалт зохион байгуулан шийдвэр гаргах гэнэ.
Ямартай ч өнгөрсөн гуравдугаар сарын 13-наас хойш түр зогсоод байсан дэлхийн хамгийн өрсөлдөөнтэй хөлбөмбөгийн лиг ирэх зургадугаар сарын 17-нд эргэн ирэхээр болжээ.