Нийслэлийн Багануур дүүргийн Засаг дарга Ц.Сандаг-Очиртой ярилцлаа. Эдүгээ Багануур дүүрэг нь 30 мянган хүн амтай, Улаанбаатар хотын эрчим хүчний 70 хувийг дангаараа хангадаг аж үйлдвэрлэлийн бүс болж, өргөжжээ.
-Covid-19 цар тахлын улмаас хувийн хэвшлүүд хаалгаа барьж, ажилгүйдэл өсөх болсон тухай дуулдах боллоо. Багануур дүүргийн хувьд нөхцөл байдал ямар байна вэ?
-Амаргүй л байна. Хөл хорио цаашдаа энэ хэвээр үргэлжилбэл гуравдугаар улирлаас аж ахуй нэгжүүдийн үйл ажиллагаа илүү хүндэрнэ. Тэр дундаа жижиг аж ахуй нэгжид илүү хүнд тусна.
Өнгөрсөн сард хувийн хэвшлийн аж ахуй нэгжүүд цалингаа тавьж чадахгүй, түрээсээ төлж чадахгүй, дулаан, цахилгааны төлбөрөө төлж чадахгүй болж ирсэн. Засгийн газраас цаг алдалгүй ажлын байрыг хамгаалах, хадгалах зорилгоор тодорхой арга хэмжээг хэрэгжүүлж, хүүхдийн мөнгийг нэмэгдүүлсэн нь нэлээд нэмэр болж байна.
-Багануур дүүрэгт том аж ахуй нэгж хэр олон байдаг вэ. Хүнд хэцүү үед том нь жижгээ чирээд гарах тохиолдол бас бий?
-Багануур дүүргийн гол үйлдвэрлэгч нь Багануур хувьцаат компани. Улаанбаатар хотын 70 хувийг түлш, эрчим хүчээр хангадаг , стратегийн гол нийлүүлэгч. Үндсэндээ төрийн өмчит компани давамгай ажилладаг гэж ойлгож болно. Хувийн хэвшлийн томоохон аж ахуй нэгж үйл ажиллагаа эрхлэх боломжгүй байгаа нь дэд бүтцийн хүрэлцээ хангамж сайнгүй, эрчим хүчний үнэ тариф өндөр, зах зээл бизнесийн идэвхжил нь Улаанбаатар хоттой харьцуулахад сул байна. Сайхан санаа гаргаад бизнес эхлүүллээ, борлуулалт багатайгаас ашиггүй байх, татан буугдах тохиолдлууд гарсаар байна. Иймээс үйлдвэрлэл технологийн парк байгуулахад анхаарч, төрөөс дэд бүтцийг татаж, хувийн хэвшлүүд үйл ажиллагаа эрхлэх боломж бололцоог олгоход түлхүү анхаарч ажиллаж байна. Энэний суурь нь Налайхын үйлдвэрлэл технологийн парк гэж ойлгож болно. Дэд бүтэц болох авто замыг шинэчлэн барьсан, эрчим хүчний асуудал нь шийдэгдэж байна. Энийг дагаад маш олон хувийн хэвшлүүд үйл ажиллагаа эрхлэх саналаа гаргаад, газраа аваад ажлаа эхлүүлж байгаа сайн жишээнүүд байна. Яг энэнтэй адил жишгээр Багануур, Багахангайн үйлдвэрлэл технологийн паркийг төрөөс дэд бүтцээр дэмжээд өгвөл хувийн хэвшилд асар том дэмжлэг болж, өөрсдөө үйлдвэрлэлээ бариад үйл ажиллагаа явуулах бололцоо байгаа. Тэр цагт алслагдсан дүүргүүд дээр ажлын байр нэмэгдэж, ажилгүйдэл ядуурлын төвшин буурах бололцоо байгаа. Гол нь бодлого тасралтгүй хэрэгжих ёстой.
-Өнөө жил дүүргийн хэмжээнд аль салбарт хөрөнгө оруулалтын ажлууд хамгийн их хийгдэх вэ. Сургууль, цэцэрлэгийн хүртээмж, эмнэлгийн ачаалал ямар байна вэ?
-Биднийг 2016 онд ажил авахад улс орны эдийн засаг, санхүүгийн байдал амаргүй, дүүрэгт хөрөнгө оруулалт гэх зүйл байхгүй хүндхэн л угтсан. 2018 оноос эдийн засаг ч сэргэж, улс нийслэл, дүүргийн хөрөнгө оруулалтаар хийгдэх ажил эрс нэмэгдсэн. Энэ нь эргээд ард иргэдийн амьдрах орчин нөхцөл сайжрах боломжийг бүрдүүлсэн. Өнөө жил 250 хүний ортой эмнэлгээ өргөтгөж, ашиглалтад оруулснаар орны хүрэлцээ 50-иар нэмэгдэнэ. Эрүүл мэндийн салбарыг шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангах олон ажил УИХ-ын гишүүдийн дэмжлэгтэйгээр хийгдсэн. 4D эхо аппарат, рентген аппараттай болсон. Үений мэс засал хийдэг, ходоод дуранддаг болсон. Бөөрний тасагтай, сэргээн засах эмчилгээ үйлчилгээний тасагтай болсон. Мөн энэ жил улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хамгийн сүүлийн үеийн томографийн аппараттай болно. Эдгээр хөрөнгө оруулалтын үр дүнд дүүргийн эмнэлэг хоёрдугаар шатлалаас гуравдугаар шатлалын эмнэлэг болж өргөжин, ард иргэд Улаанбаатар хот руу явахгүйгээр дүүрэгтээ оношлуулдаг, эмчлүүлдэг болж, санхүүгээ хэмнэх бололцоо бүрдэж байна.
Боловсролын салбарт өнгөрсөн хугацаанд мөн хөрөнгө оруулалт нэлээд хийгдлээ. Хоёр ч 100 хүүхдийн ортой цэцэрлэг баригдсан нь энэ онд ашиглалтад орно. Өнгөрсөн 2016 оны арваннэгдүгээр сард 240 хүүхдийн хүчин чадалтай цэцэрлэг ашиглалтад орсноор яшил, сувиллын анги нээж ажиллуулдаг болсон. Яшилд 1.6 ойтой хүүхэд авдаг нь залуу эцэг, эхийг ажлаа хийх боломжоор хангаж байгаа юм. Ноднин жил зуны цэцэрлэг ажиллуулж үзсэн, хүүхдээ харах хүнгүй хүмүүст их дэмжлэг болсон. Ирэх намраас 24 цагийн цэцэрлэг ажиллуулахаар төлөвлөж байна.
Цэцэрлэг шинээр баригдаж ашиглалтад орсны үр дүнд Багануур дүүргийн хэмжээнд хүүхдүүдээ 100 хувь цэцэрлэгт хамруулах бололцоо бүрдсэн. Мөн эцэг, эхчүүд цэцэрлэгээ, багшаа сонгох боломжтой болсон.
Мөн 2018 онд гэр хороололд анхны бага сургууль ашиглалтад орсон. Дүүрэг, нийслэл, улсын гэсэн гурван эх үүсвэрээс хөрөнгө оруулалт татсанаар дээрх сургууль баригдсан. Өмнө нь хүүхдүүд 2-3 км явж, сургуульдаа ирдэг байсан бол одоо гэртээ ойрхон, хаяандаа сургуульд хамрагддаг болсон.
Энэ жил хийгдэх хамгийн том хөрөнгө оруулалтын ажил нь 850 хүний суудалтай соёлын төв ордны барилга.
Багануур дүүрэг анх байгуулагдахад буюу 1980 онд 400 хүрэхгүй хүний суудалтай соёлын ордон баригдсан. Одоогийн эрэлт хэрэгцээг хангаж чаддаггүй. Шинэ соёлын төв ашиглалтад орсноор ард иргэд соёлын үйлчилгээ авах боломжтой болно.
-Цар тахлын үед соёлын төв зэрэг барилгын ажлын бүтээн байгуулалтыг царцааж, төсвөө хэмнэж болдоггүй юм уу гэдэг асуудлыг эдийн засагчид хөнддөг. Багануур дүүргийн хувьд соёлын төвийн барилга тийм чухал ажил уу?
-Ноднин барилгын ажил эхэлсэн, өнөө жил үргэлжлээд явж байна. Нийтдээ 3 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт тавигдсан. Сөрөг хүчнүүдийн зүгээс эдийн засгийн хямралтай үед зарим хөрөнгө оруулалтын ажлыг зогсоо гэдэг шаардлага тавьдаг. Би энэний эсрэг байдаг. Хямралтай үед харин ч эдийн засгийг агшаахгүй байх зорилгоор хөрөнгө оруулалтын ажлыг цаг хугацаанд нь хийвэл цаана нь маш олон ажлын байр хадгалагдана. Хэрэв энэ ажил зогсвол маш олон хүн ажлын байргүй болж, ажилгүйдлийн төвшин өснө. Тийм учраас хөрөнгө оруулалтын ажлыг Сангийн яамнаас дэмжиж байгааг зөв зүйтэй алхам л гэж үзнэ.
-Багануур дүүргийн хувьд өнгөрч буй дөрвөн жилийн хугацаанд хөрөнгө оруулалт нэлээд өсч, тэр хэрээр проблемтой асуудлаа шийджээ гэж ойлгож болох уу?
-Дөрвөн жилийн хугацаанд 40 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдсэн байна. Жилд дунджаар 10 орчим тэрбум гэж ойлгож болно. Ер нь бол 2012-2016 онтой харьцуулахад эрс нэмэгдсэн. Багануур дүүрэг нь төвлөрүүлсэн орлогынхоо хэмжээгээр хөрөнгө оруулалт татаж чаддаггүй байсан бол сүүлийн жилүүдэд төвлөрүүлсэн орлогоосоо давсан хөрөнгө оруулалтыг татаж байгаа. Цаашдаа Багануур дүүргийг эдийн засгийн утгаар нь харвал бие дааж хөгжих, орлогоороо зардлаа нөхөх боломж байна гэж харж байгаа.
-Засаг даргын мөрийн хөтөлбөрийн ажлын биелэлт хэдэн хувьтай байгаа вэ?
-90 гаруй хувьтай гарах дүр зураг гарсан.
-Танай дүүрэгт Оюутны хотхон байгуулах шийдвэр гараад 10 гаруй жил болсон ч хэрэгжсэнгүй. Шийдвэр өөрчлөгдсөн үү, хэвээрээ байна уу?
-2009 онд Багануур дүүргийн Засаг даргаар ажиллаж байхдаа дүүрэгтээ Оюутны хотхон байгуулах шийдвэрийг УИХ-аар гаргуулж байсан. Анх Оюутны хотхоныг Налайх дүүрэгт байгуулах тухай яригдсан ч геодези зураг зүйн судалгаа хийхэд хөрсний цэвдэгтэй гэдэг дүгнэлт гарсан. Дахиад судалгаа хийхэд байршил нь Багануур дүүрэгт зохимжтой гэж гарсан. Тэр дагуу Хэрлэн голын сав дагуу Оюутны хотхоныг байгуулахаар төлөвлөж, 2011 онд дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлаас 10 мянга га газрыг ашиглалтын өмнөх захиргаанд олгосон. Одоо ч энэ газар нь байгаа.
Ашиглалтын өмнөх захиргаа нь ШУТИС-ийн дэргэд байгуулагдаад 10 гаруй эрдэмтэн судлаачдаас бүрдсэн ажлын хэсэг гарч, Техник эдийн засгийн үндэслэлийг боловсруулсан нь бэлэн болсон байдаг.
Оюутны хотхоныг комплексоор нь байгуулж, хөгжүүлсэн Япон, Хятад, Солонгос зэрэг орнуудын бэлэн жишээ бий. Харамсалтай нь, төсөв мөнгө байдаггүй, дээр нь хийчихье гэсэн бодлого төлөвлөгөө байдаггүй нь энэ ажлыг гацааж ирсэн болов уу.
Их сургуулиудаа бүгдийг нь нүүлгэж чаддаггүй юм гэхэд ШУТИС-ийн салбарыг ч гэдэг юм уу, Багануурын уурхай, эрчим хүчний байгууллагуудыг түшиглээд байгуулах бололцоо байгаа. Цаашдаа гарц гаргалгаа, гаргаад шийдэх ёстой асуудал бол энэ. Олон улсын зээл тусламж аваад Оюутны хотхоныг барьж байгуулах ямар бололцоо байна вэ гэдэгт анхаарч ажиллах ёстой. Хэрэв энэ хотхон Багануур дүүрэгт байгуулагдвал нийслэлийнхнийг олон жил бухимдуулж байгаа автомашины түгжрэлээс эхлээд асуудлууд шийдэгдэнэ, Багануур залуусын хот болж хөгжих бололцоо давхар бүрдэх юм.
-Багануурын уурхайн газар хувь хүнд олгогдсон асуудал хөндөгдөж нэлээд маргаан дагуулж байсан санагдана. Шүүхээр эцэслэн шийдэгдсэн гэдэг. Шийдвэр аль талд гарсан бэ?
-2006 оноос эхлэлтэй маргаан 13 жилийн турш бүх шатны шүүхээр орж хэлэлцэгдсээр өнгөрсөн жил Улсын дээд шүүхээр эцэслэн шийдвэрлэгдсэн. Шийдвэр Багануурын уурхайн талд гарсан. Ингэснээр хувийн хэвшилд олгосон байсан лицензийн зөвшөөрлийг цуцалсан.
Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хайгуул хийж, нөөцийг нь тогтоосон байсан орд газрыг 2006 онд хувийн компанид олгосон байдаг. Нийт 500 орчим га газрыг тухайн үеийн Ашигт малтмалын газраас олгосон юм билээ. Гэтэл өмнө нь энэ газар дээр Багануурын уурхай олборлолт хийгээд эхэлчихсэн байсан. Нэг ёсны нүүрсийг нь аваад эхэлчихсэн гэсэн үг л дээ. Харин хувийн компанид талбайг эзэмшүүлчихээр манай газар дээрээс олборлолт хийлээ гээд, маргаан үүссэн байдаг. Хэрвээ шүүхийн шийдвэр хувийн хэвшлийн талд гарсан бол Багануурын нүүрсний уурхай олон зуун сая тонн нүүрсний өрөнд орохоор байсан. Шүүхийн шийдвэрт уурхайчид маань маш их талархаж байгаа.
-Аюултай хог хаягдлыг булшлах газрын зөвшөөрлийг Багануур дүүрэгт олгосон байсан нь цуцлагдлаа. Иргэд тань эсэргүүцсээр байгаад цуцлагдав уу, өөр шалтгаан нөлөөлөв үү. Уг нь энэ зайлшгүй хийгдэх ёстой ажил байсан. Аюултай хог хаягдлыг булшлах газаргүйгээс нийслэлчүүд тэсрэх бөмбөгөн дээр амьдарч байгаа тухай хэвлэлүүд бичсээр их олон жил боллоо?
-Засгийн газраас Багануур дүүргийн 3-р хороо, Сонгинохайрхан дүүргийн 20-р хороо гээд хоёр газар сонгосон байсан. Аюултай хог хаягдлыг булшлах үйлдвэр баригдах ёстой гэдэгтэй санал нийлнэ. Гэхдээ асуудал хууль эрх зүйн хүрээнд, байгаль экологийн аюулгүй байдлыг хөндөх ёсгүй.
Бид дээрх шийдвэрийг 2018 онд гарсан үеэс эсэргүүцэж ирсэн. Яагаад гэвэл газрыг сонгохоос өмнө ард иргэд, орон нутгийн төр захиргааны байгууллагаас санал аваагүй. Ийм учраас асуудлаа бид нийслэлийн Засаг даргад, цаашлаад Барилга хот байгуулалтын яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргад тус, тус асуудлыг тавьсан.
Яагаад гэвэл хаана аюултай хог хаягдлыг булшлах газрыг байгуулах ёстой вэ гэдгээ судалж, зөв газар нь барихгүй бол үр дагавар нь юунд ч хүргэж мэдэх аюултай. Багануур дүүргийг сонгоод барихаар байршил нь Хэрлэн голын ай сав газартай давхцаж таарсан. Хэрлэн голын усаар зүүн гурван аймаг, цаашлаад олон сумын хүн мал ундны усны хэрэгцээгээ хангадаг. Хэрэв дээрх үйлдвэр нь баригдсаны дараа байгаль орчинд сөргөөр нөлөөлбөл яах вэ, асуудлыг бид энэ талаас нь тавьсан. Засгийн газар маш хурдтай ажиллаж, иргэдийн талд шийдвэр гаргаад шийдэгдсэн. Ард иргэдийн маань дэмжлэг ч маш их байсан.
-Одоо дүүргийн хэмжээнд шийдэхээс аргагүй хоолойд тулсан ямар ажил байна вэ?
-Концессын гэрээгээр барихаар төлөвлөсөн Багануурын дулааны цахилгаан станцын ажил 2017 онд ажил эхэлсэн ч 2018 онд улстөржилтөөс болоод гацсан. Хэд хоногийн өмнө Засгийн газрын хуралдаанаар энэ асуудал ороод дэмжигдсэн. Цаашдаа энэ төслийг эрчимжүүлэх нь зүйтэй гэж үзсэн байна лээ. Одоо тэгэхээр 400 мвт-ын хүчин чадалтай цахилгаан станц барих ажил явна. Цар тахлаас болоод нарийн мэргэжлийн ажиллах хүчин урд хөршөөс орж ирж чадахгүй байна.
Уг нь 2015 онд буюу Ч.Сайханбилэгийн Засгийн газрын үед шийдвэр нь гарсан байдаг юм. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс зөвлөмж гарахдаа, 700 мвт-ын хүчин чадалтай дулааны станц барих нь нэг улсаас эрчим хүчний хувьд хараат болох, үнэ тариф нь өндөр байна гэдэг зүйл яриад мвт-ыг нь бууруулж, 400 болгосон. Мөн гэрээний заалтуудыг нь өөрчилж, хуульд нийцүүлэх ёстой гэж үзсэн байдаг юм. Хэрэв дээрх дулааны цахилгаан станц баригдвал нэг жилийн өмнө ч болтугай ашиглалтад орвол Монгол Улс дулааны эрчим хүчний нэг найдвартай эх үүсвэртэй болно гэсэн үг. Монгол Улс мөнгөгүй учраас Хятадын тал хөрөнгөө гаргаад Багануурын дулааны цахилгаан станцыг барина, тодорхой хугацаанд ажиллуулж байгаад манай талд хүлээлгэж өгнө. Түүнийх нь дараа авах л асуудал юм.
Хоёрдугаарт, гэр хороооллын дахин төлөвлөлтийн ажлыг яаравчлах шаардлага байгаа. Гуравдугаарт, газрыг дуудлага худалдаагаар зардаг болсон нь жирийн иргэн, жижиг бизнес эрхлэгчдэд маш хүндээр тусдаг болсон. Хэн мөнгө илүү төлсөн нь газар авдаг болсон. Ногоо тарих, фермерийн аж ахуй эрхлэх зорилгоор газар авъя гэхэд үнэ ханш нь дийлддэггүй. Мөнгөтэй хүнд л газар авах эрх зүйн орчин үйлчлээд байна. 2018 оны хуулийн өөрчлөлтөөр ийм болсон.
-Багануур дүүрэг үүсэн байгуулагдсаны 40 жилийн ой энэ онд тохиож байна. Ойгоо тэмдэглэх үү?
-Ардын их хурлын тэргүүлэгчдийн шийдвэрээр 1980 онд Багануур дүүрэг маань байгуулагдсан түүхтэй. Энэ онд Багануур дүүрэг үүсэн байгуулагдсаны 40 жилийн ой тохиож байгаа. Халдварт өвчний улмаас ойн хүрээнд төлөвлөсөн арга хэмжээнүүд цуцлагдаж байна, харин хөрөнгө оруулалтын ажлууд бол үргэлжлээд хийгдээд явж байна.
Багануур бол цэвэр цэмцгэр, аюулгүй орчин бүрдсэн залуу хот. Хожуу байгуулагдсан хэдий ч 40 жилийн хугацаанд хот төлөвлөлтөө алдаагүй, газрын бодлогоо алдаагүй. 2030 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөгөө 2017 онд Засгийн газраар батлуулсан. Стресс багатай, агаар хөрсний бохирдол багатай дүүрэг болгохоор зорьж ажиллаж байна.
Өндөр өндөр байшингаар хөгжлийг төлөвлөхөөс илүүтэй алхаж байгаа гудамж хог шороогүй, айдас хүйдэсгүй, гэрэлтэй гэгээтэй, цэмцгэр, хүн ажиллаж, амьдрахад таатай аюулгүй орчин бүрдсэн байх ёстой. Болж, бүтэж байгаа зүйл байна, санаснаар ч болохгүй, төсөв мөнгөндөө баригдаад хийж чадахгүй ажил ч байна. Гэхдээ хийхийн төлөө сэтгэл гаргаад зүтгэхэд ард нь гарч л таараа.
Боломжийг ашиглаад Багануур дүүргийн иргэддээ 40 жилийн ойн баярын мэндийг хүргэе.
Г.ХОРОЛ
Холбоотой мэдээ