Тэд тоглохыг л хүссэн

Хуучирсан мэдээ: 2020.05.29-нд нийтлэгдсэн

Тэд тоглохыг л хүссэн

Тэд тоглохыг л хүссэн

Дахин дөрвөн хүүхдийн амь…Тоглох газар хайж явсан дөрвөн бяцхан зүрх гэнэн цайлган инээдтэйгээ гэрэлт хорвоог орхин одлоо. Хоёрхон хоногийн дараа Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах баярын өдөр болно. Гэтэл Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн урд орших усан халианд дөрвөн хүүхэд эндэж, харамсалтайгаар амь эрсэдсэн гашуун мэдээг бид сонслоо.

Дэнжийн 1000-ын гэр хорооллоос өсвөр насны 10 орчим хүүхэд автобусанд суун Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн ойролцоо тоглож яваад осолдов. Өнөөдөр тэдний дөрөв нь аав, ээждээ үүрд эргэн ирэхгүйгээр явлаа.

Амь эрсэдсэн хүүхдүүдийн хоёр нь нэг айлын хүүхэд байж. Дүүгээ усанд живж байхыг ах нь хараад аврахаар ороод эргэж гарч ирж чадсангүй, сэтгэл сэмрүүлнэ. Хүүхдүүд тогтоол усан дээр хөөсөнцөр тавин тоглож байсан бөгөөд даац хэтэрсний улмаас живж, осолдсон гэх.

Онцгой байдлын ерөнхий газарт тавдугаар сарын 27-нд 16.00 цагийн орчимд 8-12 насны хүүхэд живсэн гэсэн дуудлага иржээ. Албан хаагчид газар дээр нь ажиллаж нэг хүүхдийг нь уснаас аварсан боловч яаралтай тусламж үзүүлэх үед амиа алдаж, гурван хүүхдийн цогцсыг гарган авсан байна.

Уг явдлаас үүдэн дарга нар гэнэт л хариуцлага ярьж эхэллээ. “Ниргэсэн хойно нь хашгирав” гэгчийн үлгэрээр ажлаа хийдэггүйн хар гай энэ. Хэд хоногийн өмнө Чингэлтэй дүүргийн 17-р хорооны нутаг дэвсгэр, “Сурагчийн 63” хэмээх гудамжны үзүүрт байрлах тоглоомын талбайн гулсуурт найман настай охин дарагдаж, ноцтой гэмтсэн харамсалтай хэрэг гарсан. Өнөөдөр хэчнээн хүүхэд тоглож байгаад амь насаа алдсаны дараа хүүхдэд ээлтэй хотыг байгуулах юм бэ? Тэд тоглохыг хүссэн. Гэвч тоглох орчин үнэндээ алга.

Хотын дарга захирамж гарган барилгын ажлыг зогсоох шийдвэр хүртэл хүргүүлсэн гэвч шаардлагыг хүлээн авч, биелүүлээгүйгээс өнөөдөр ийм юм боллоо гэдэг тайлбарыг албаныхан хийсэн. Төрийн ажил цаасан дээр л хэрэгждэгийн нэг жишээ энэ. Хэрэв тэр хэсэг газрын аюулгүй байдлыг хангасан бол нэг ч хүүхдийн амь эрсдэхгүй байсан гэх харууслыг төрүүлнэ. Үнэтэй хотхон, орон сууцны хорооллуудад л хүүхдүүд амьдардаггүй. Гэр хороололд ч хүүхдүүд бий.  Тэд ч бас эрүүл, аюулгүй орчинд тоглох эрхтэй.

Хөл хорионы улмаас цэцэрлэг, сургууль ажиллахгүй байгаа энэ өдрүүдэд хаа, хаанаа хариуцлага сул байгааг энэ явдал харууллаа. Үндэсний цэцэрлэгт хүрээлэнг зорин очсон тэднийг аюултай тоглоомоор тоглож байгааг хүмүүс анзаарсан ч, анхааруулж хэлээд бүр хөөгөөд явуулсан бол өнөөдөр дөрвөн амь эндэхгүй байх боломж бүрэн байлаа. Дээр нь ажил хийх нэрээр аюултай нөхцөл байдал үүсгэдэг. Ухсан нүхэнд нь цөөрөм үүсчихээд байхад "Аюултай, ойртож болохгүй" гэдэг анхааруулга бичээд, харуул хамгаалалт тавих сэтгэл нэр дурдагдаж буй компанид байсангүй. Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд ч мөн харуул хамгаалалтын ажилтан байх ёстой. Тэд орчин тойрноо эргэж, аюулгүй байдлыг хангах үүрэг хүлээж буй биш билүү.

А.СҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
22
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж