"NEWS" агентлаг залуустаа зориулсан “Шинэ нэр” булангийнхаа ээлжит зочноор АНУ-д кино найруулагчаар ажиллаж буй Машбатын Бишрэлийг онцолж байна. Түүнийг Монголын кино урлагт томоохон байр суурь эзэлсэн найруулагч О.Машбат, Монгол Улсын гавьяат жүжигчин Н.Батцэцэгийн том хүү гэдгээр нь хүмүүс сайн таних биз.
Урлагийн гэр бүлд төрж өссөн тэрбээр хүүхэд байхаасаа кино урлагт дурлаж, өдгөө Монголын кино урлагт хувь нэмрээ оруулахаар хөдөлмөрлөж яваа залуу уран бүтээлч юм. Ингээд түүний ярилцлагыг хүргэе.
МАШБАТ БИШРЭЛ 1988.04.14
Төгссөн сургууль:
Монгол-Оросын хамтарсан гуравдугаар бүрэн дунд сургууль
University of Illinois at Chicago. Graduated /2013 он/
Мэргэжил:
Кино найруулагч
Одоо эрхэлж буй ажил:
Чөлөөт уран бүтээлч
Сошиал хуудас:
Bishrel Mashbat /фэйсбүүк, инстаграм/
ХҮМҮҮС ААВ, ЭЭЖИЙГ ТАНЬ САЙН МЭДНЭ. ХҮҮХЭД НАСНЫХАА ТУХАЙ ЯРИАЧ?
-Миний хүүхэд нас бусдын л адил өнгөрчээ. Гэхдээ нөгөө талаасаа харахад аав, ээжийгээ дагаад киноны талбай дээр их цагийг өнгөрөөсөн. Хааяа аав, ээж хоёр киноны зураг авах, киногоо гаргах ажлаар долоо хоног, сараар явчихдаг байсан. Тэр үед дүүтэйгээ кино прокатны газраар их эргэлддэг байж билээ. Одоо бодоход англи хэлийг үзэж буй киноноосоо сурсан гэж боддог.
АНХНЫ АМЖИЛТ
-Анхны “Tides of time” богино хэмжээний кино маань миний хувьд амжилт юм даа. Энэ бүтээлээ хийж байхад 23 настай байсан байх. Тэр үед кино зохиол бичнэ гэдэг айдсаа дарж, өөртөө итгэх итгэлээ олж авсан гэж боддог. Ойролцоогоор жил гаруй хугацаа зарцуулсан санагдана. Кино маань эцэг, хүү хоёрын харилцааны тухай өгүүлдэг. Хэрэв киног маань үзэхийг хүсвэл интернэтэд үнэ төлбөргүй байгаа.
АХ, ДҮҮ ХОЁР НЭГ САЛБАРТ АЖИЛЛАДАГ ГЭЖ ДУУЛСАН. ДҮҮ НЬ АНУ-Д КИНО УРЛАГИЙН ЧИГЛЭЛЭЭР СУРАЛЦАЖ ТӨГССӨН ҮҮ?
-Тийм ээ. Дүү М.Ивээл маань Колумбийн их сургуулийн кино найруулагчийн анги төгссөн. Бид сүүлийн хоёр жил тасралтгүй хамтран ажиллалаа. Тус тусдаа төсөл дээр ажиллах тохиолдол ч бий. Дүү маань жүжиглэж, би найруулдаг. Бид эхнийхээ “In The Land of Lost Angels” киногоо гаргаж, саяхан хоёр дахь бүтээл болох “Beloved” киногоо хийж дуусгалаа. Бид хоёр АНУ-д амьдарч байгаа.
ААВЫГ НЬ МОНГОЛЫН АРД ТҮМЭН САЙН МЭДНЭ. ААВЫНХАА ТУХАЙ ДУРСАН ЯРИХГҮЙ ЮУ. ХӨВГҮҮДДЭЭ ЮУ ГЭЖ ЗАХИЖ, СУРГАДАГ ХҮН БАЙВ?
-Тэгэлгүй яахав. Аав маань их нягт нямбай хүн байсан. Ямар нэгэн юм хийхдээ үргэлж чанартай хийхийг эрмэлзэнэ. Аливаа ажлыг халтуурдаж хийхийг тэвчдэггүй хүн байж билээ. Аавын нямбай зан нь бүх юман дээр харагдана. Эцэг хүний хувьд хоёр хүүгээ олонтой өсгөж, биеэ авч явах чадвартай болгох талаас их юм захиж сургадаг байсан.
Миний бодлоор хүүхдүүд аав, ээжийнхээ хэлсэн сургаалийг гэхээсээ илүүтэй зан үйлдлийг нь их дууриаж өсдөг юм шиг. Ээж минь хоёр хүүгээрээ бахархдаг байх. Гэхдээ өшөө илүү ээжээрээ бахархуулхаар юм хийхийг эрмэлздэг дээ.
ДҮҮ НЬ БАГА БАЙХДАА ЭЭЖТЭЙГЭЭ ХЭД ХЭДЭН КИНОНД ТОГЛОСОН БАЙДАГ. ТАНЫ ХУВЬД ЭЭЖТЭЙГЭЭ КИНОНД ТОГЛОЖ БАЙСАН УУ?
-Би хүүхэд байхдаа их ичимхий хүүхэд байлаа. Кинонд тоглох уу гэж асуух болгонд “Үгүй” гэж хариулдаг байж билээ. Гэхдээ нэг удаа “Зүүдэнд ирсэн хонгорхон ижий” кинон дээр хальт ороод гардаг. Миний жүжигчин болох карьер тэгж л дууссан даа. Одоо ч гэсэн өөрийгөө камерны өмнө харах дургүй.
МОНГОЛЫН КИНО УРЛАГИЙН ХӨГЖЛИЙН ТАЛААР БОДЛОО ХУВААЛЦАХГҮЙ ЮУ?
-Олон уран бүтээлч сайн кино хийж байна. Өмнө нь кино уран бүтээлчид өөрийнхөө хөрөнгө мөнгөөр кино хийдэг байсан бол одоо ивээн тэтгэгчдийн дэмжлэгээр санхүүжилтээ босгодог болж. Ер нь кино хийх мөнгө хаанаас ч орж ирж болно. Холливудад ч гэсэн ийм зарчмаар санхүүжилтээ босгодог. Гэхдээ миний анзаарснаар монгол кино уран бүтээлчдэд нэгдэл хэрэгтэй юм шиг. Бие биетэйгээ өрсөлдөж байснаас хамтдаа хүчээ нэгтгэн, чанартай цөөн хэдэн уран бүтээл хийсэн нь монгол киноны хөгжилд илүү ахиц авч ирэх болов уу. Нэмээд төр засгаас дэмжлэг хэрэгтэй.
Бас “киноны хөрөнгө оруулах санг” байгуулах хэрэгтэй. Ингэснээр гадаадын төслүүдийг Монголдоо урьж оролцуулж, тэр төслүүдэд монгол хүмүүсээ ажиллуулж практикт сургах юм бол бид нарт ч ашигтай. Монголд гадаадын уран бүтээлчид очдоггүй нэг шалтгаан нь энэ. Монголд киноны чиглэлээр мэргэжлийн боловсрол мэдлэгтэй хүн байдаггүйгээс бүх мэргэжилтнүүдээ гадаадаас монгол руу авч ирэх шаардлагатай болдог. Тиймээс бид бор зүрхээрээ дор дороо уран бүтээл хийхээс өөр аргагүй болдог. Харин тэр нь алсдаа тийм ч ирээдүйтэй биш л болж тусах байх даа. Уран бүтээлчид хамтран киноны хөрөнгө оруулах санг байгуулбал дотоодын киноны чанар ч сайжирч эхэлнэ.
ОЛОН УЛСЫН ЯМАР КИНО ФЕСТИВАЛИУДАД УРАН БҮТЭЭЛЭЭ “СОЙСОН” БЭ?
- Temecula Valley International Film Festival (2014)
- Murtle Beach International Film Festival (2014)
- Oaxaca Film Festival (2016)
- Oaxaca Film Festival (2017)
- Seattle Asian American Film Festival (2019)
- Los Angeles Asian Pacific Film Festival (2019)
- San Diego Asian Film Festival (2019)
- Queens World Film Festival (2020)
- CAAMFEST (2020)
- Golden Ger International Film Festival (2020)
ОЛОН УЛСЫН КИНО НААДАМД АМЖИЛТТАЙ ОРОЛЦВОЛ ХЭР АШИГ ОЛОХ БОЛОМЖТОЙ ВЭ?
-Хэр том олон улсын кино наадамд оролцоно тэр хэмжээгээрээ сайн киногоо борлуулах гэрээ хийж бас ашигтай зарах боломжтой болдог. Дэлхийн хэмжээний хамгийн том таван олон улсын фестиваль гэгддэг “Venice", "Berlin", "Toronto", "Sundance", "Cannes” наадамд оролцвол хамгийн сайн бүтээлд тооцогддог. Дэлхийн бүх кино үйлдвэрлэгчид энэ таван фестивальд анхаарлаа хандуулдаг. Олон улсын фестивалиудын зэрэглэл буурах тусам тэрийгээ дагаад ашиг олох боломж нь багасдаг юм.
ЕР НЬ МОНГОЛЫН УРАН БҮТЭЭЛ ДЭЛХИЙН СТАНДАРТАД ХЭР ЗЭРЭГ НИЙЦДЭГ ВЭ?
-Дэлхийн стандарт гэдэг үг нь буруу ойлголт болов уу. Стандарт гэхээрээ хэтэрхий технологи ойлголт л доо. Харин дэлхийд зэрэгцэх гэж ярьсан нь дээр байх. Тэгэхийн тулд уран бүтээлчид өөрсдийгөө боловсруулахад илүү хандах нь зүйтэй байх. Олон улсын сонгодог кино, зохиол, ном, хөгжим, философийг судалснаар тэр хүн илүү боловсорч тэрийгээ дагаад илүү сайн уран бүтээл хийнэ. Тоног төхөөрөмж нь бол одоо хаана ч асуудалгүй. Харин тэрэнтэйгээ зөв ажиллаж сурахад бас практик хэрэг болно. Гадаадад сайн боловсрол эзэмшсэн, чадварлаг залуус Монголдоо очиж, сурсан мэдсэнээ хуваалцаж байгаа нь их нэмэр болно доо.
ЧӨЛӨӨТ ЦАГАА ХЭРХЭН ӨНГӨРҮҮЛДЭГ ВЭ?
-Чөлөөт цаг их хэцүү л дээ. Би өөрөө чөлөөт цагаа ажил болгочихоод байдаг юм. Зав л гарвал дараагийнхаа кинондоо бэлдэж, ялангуяа зохиол дээр их цаг зарахыг хичээдэг. Тэрэндээ бэлдэж их кино үзнэ. Бас янз бүрийн ном уншина. Мөн би сагсан бөмбөг тоглох дуртай. Зав л гарвад найзуудтайгаа уулзаж, сонин сайхнаа хуваалцаж, сагс тоглох сайхан л даа.
ОЙРЫН ТӨЛӨВЛӨГӨӨ
-Ойрын төлөвлөгөө гэвэл эхнийхээ “In The Land of Lost Angels” киногоо удахгүй “Алтан өргөө” олон улсын кино наадамд уригдан, нээлтийн киногоор гаргана. Уг нь Монголд очиж кино театруудаар гаргаж, монголчууддаа уран бүтээлээ үзүүлье гэж баярлаж байсан чинь цар тахлын улмаас төлөвлөгөө маань бүтсэнгүй. Эх оронд маань зохион байгуулах кино наадам маань онлайн хэлбэрээр зохион байгуулах учир манай киног олж үзээсэй гэж хүсч байна.
ТАНЫ АМЬДРАЛЫН ЗОРИЛГО, ХАМГИЙН ТОМ МӨРӨӨДӨЛ
-Насан туршдаа киногоо хийгээд явж байвал л би сэтгэл хангалуун байх биз. Цаг хугацаанд элэгддэггүй сайн уран бүтээл нэгийг ч болсон хийх юмсан гэж зорьж явдаг даа.
МОНГОЛЫНХОО ЗАЛУУСТ ӨГӨХ ЗӨВЛӨГӨӨ
-Киноны чиглэлээр явж байгаа залуусдаа хэлэхэд өөртөө өндөр зорилго тавьж, тэрнийхээ төлөө их шаргуу ажиллаасай гэж хүсч байна. Одоо кино хийх нэг талаасаа амар болсон. Чанартай төхөөрөмж хаа сайгүй хүн болгонд бий болсон. Монгол уран бүтээлчдийн бүтээл гадаад улсынхаас техник талаасаа дутаад байгаа юм байхгүй.
Таны халаасанд байгаа гар утасны камер хүртэл сайн кино хийх чадалтай. Дэлхий дээр маш олон киног бүтээж байна. Хуучинтай харьцуулбал өрсөлдөөн илүү их болсон. Сайн чанартай л юм хийхгүй бол тэр кино хол явахгүй. Гэхдээ монголчууд маань цөөхөн ч гэсэн дайчин улс. Би ирээдүйд Монголоос цойлсон уран бүтээл хийх шижигнэсэн сайхан залуус гарч ирнэ гэж итгэж байна.
Холбоотой мэдээ