“Ихэнх орон бурхан багшийн дүйчин өдөр бүх нийтээр амардаг”

Хуучирсан мэдээ: 2020.05.29-нд нийтлэгдсэн

“Ихэнх орон бурхан багшийн дүйчин өдөр бүх нийтээр амардаг”

“Ихэнх орон бурхан багшийн дүйчин өдөр бүх нийтээр амардаг”

Ирэх долоо хоногийн баасан гаригт /2020.06.05/ бүх нийтээр амарна. Учир нь, тус өдөр нь зуны тэргүүн сарын шинийн 15 буюу Бурхан багшийн их дүйчэн өдөр таарч байгаа юм. Цар тахлын үед тус өдрийг хэрхэн тэмдэглэн өнгөрүүлэх, Гандантэгчэнлин хийдээс ямар үйл ажиллагаа явуулах талаар тус хийдийн Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах албаны лам Ц.Бямбажаргалтай ярилцлаа.  


-Бурхан багшийн их дүйчэн өдөр нь ямар утга учиртай өдөр болох талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Бурхан багшийн их дүйчэн өдөр нь билгийн тооллын зуны эхэн сарын 15-нд тохиодог. Энэ өдөр Бурхан багшийн лагшин мэндэлсэн, төгс гэгээрлийн хутгийг олсон, нирваан дүрийг үзүүлсэн гэсэн гурван үйл давхацдагаараа бусад дүйчэн өдрөөс машид онцлогтой. Эл өдөр нялхсыг баярлуулж, ядууст өглөг өгч, эцэг, эхийгээ ачилж, цагаан хоол идэж, хамаг амьтныг энэрч, нигүүлсэх сэтгэлээр хандан өнгөрүүлдэг. Энэ өдөр хийсэн буян мянга, түм арвижна гэж үздэг.

-Хөл хориотой энэ үед тус өдөрт зориулан танай байгууллагаас ямар үйл ажиллагаа зохион байгуулах вэ?

-Энэ жилийн зуны эхэн сарын шинийн 15 буюу Бурхан багшийн их дүйчэн өдөр нь аргын тооллын 2020 оны зургадугаар сарын 5-нд тохиож  байгаа. Энэ өдрийг “Энэрлээр нэгдэж, эвээр бүтээе” уриан доор зохион байгуулна.

Цар тахалтай холбоотойгоор Гандантэгчэнлин хийдийн зүгээс энэ өдөрт зориулсан арга хэмжээг онлайнаар зохион байгуулна. Бурхан багшийн их дүйчэн өдрийн үйл ажиллагааг телевизүүдээр шууд дамжуулна, мөн Гандантэгчэнлин хийд болон Бурхан багшийн их дүйчэн өдөр гэсэн фэйсбүүк хуудсаар шууд дамжуулах болно.  Бурхан багшийн их дүйчэн өдрийн үйл ажиллагаа ирэх сарын 5-ны 05.00 цагт эхэлнэ. Тухайлбал,

  • 05.00-07.00цагийн хооронд Сүсэгтэн олонд нэг өдрийн сахил онлайнаар хүртээх
  • 09.30-10.30  цагийн хооронд Бурхан багшийн их дүйчэн өдөрт зориулсан ёслолын арга хэмжээ МҮОНТВ-ийн I сувгаар шууд дамжуулна.
  • 10.50-11.00цагийн хооронд халамжийн цэцэрлэгийн онлайн нээлт
  • 10.30-12.30цагийн хооронд Бурхан багшийн их дүйчэн өдөрт зориулсан тусгай хөтөлбөр МҮОНТВ-ийн I сувгаар шууд дамжуулна.
  • 10.00-17.00цагийн хооронд Монголын бүх сүм хийдүүдэд “Бурхан багшийн чого” хурал дотооддоо хурах
  • 05.00-21.00цагийн хооронд Бурхан багшийн их дүйчэн өдөрт зориулсан тусгай хөтөлбөрийг онлайнаар шууд дамжуулна.
  • 00.00-23.59 цагийн хооронд тухайн өдөр төрсөн хүүхдүүдэд бэлэг гардуулна

-Энэ өдрийг иргэд цахимаар ном сонсохоос гадна, хэрхэн тэмдэглэвэл зохимжтой вэ?

-Нийтээр Бурхан багшийн их дүйчэн өдрийг доор дурдсан байдлаар тэмдэглэн өнгөрүүлцгээхийг уриалж байна.

  • Нэг өдрийн сахил, мацаг, гэргийтний насан туршийн санваарыг авч сахих
  • Эцэг эхийн ачийг санах, амьд сэрүүн байгаа бол эрүүл энх, урт удаан наслахын тухайд залбирал ерөөл үйлдэх. Гомдоосон бол өршөөл уучлал гуйх, архи тамхи тэргүүтэн муу зуршлаа орхих амлалт авч баярлуулах. Хэрвээ эцэг эх нас нөхөцсөн аваас хойдын мөрд нь хурал ном айлтгах, бурхан шүтээн босгох, ядарсан доройд туслах, зул тахил өргөх,
  • Хилэнцэт хүнс махыг тэвчиж, цагаан хоол идэх
  • Ядуу, өвчтэй зовлонтой, төөрөлдөн  явагч хүмүүст эд зүйлсийн өглөг өгөх, эм эмчээр туслах, эрдэм мэдлэгийг түгээх
  • Асрал, энэрэл, бодь сэтгэлийг үүсгэх, бясалгах,
  • Бурхан багшийн намтар, үлгэрийн далай, бурхны шашны сургааль номлолыг унших, ухаарах, бясалгал бүтээл хийх, маань мэгзэм тэргүүтэн тарни, уншлагыг олноор тоолох,
  • Гал ус, дээрэм тонуул, араатан дайсны аюул нүүрлэсэн хүмүүсийг айдас хүйдсийн сэтгэлээс нь ангижруулах               

-Энэ өдрийг дэлхийн хэчнээн орон тэмдэглэдэг вэ?

-Бурханы шашин дэлгэрсэн улс бүр Бурхан багшийн их дүйчэн өдөр буюу Весакийг тэмдэглэн өнгөрүүлдэг. Дэлхийн бурханы шашинт улс орон, ард түмэн буяныг хотол чуулганыг бүрэлдүүлэн өргөн дэлгэр тэмдэглэж байгаагаас ихэнх улс орон энэ өдрийг баярын хэмжээнд бүх нийтийн амралтын өдөр болгон нийтээрээ тэмдэглэн өнгөрүүлдэг. Бурхны шашинт Азийн зарим улс орны төр засгаас энэхүү өдөр ярга бойны газрыг хаах, архи дарс худалдаалахыг хориглох, зугаа цэнгээний газрын үйл ажиллагааг зогсоох зэрэг шийдвэр гаргаж, үндэсний хүчирхийлэлгүй өдөр болгон тэмдэглэдэг.

Одоогоор 2500 жилийн тэртээгээс Бурхан багшийн сургаалийн хүн төрөлхтний эв санааны нэгдэл, оюуны хөгжилд оруулсан хувь нэмрийг өндрөөр үнэлж, эдүгээ ч дэлхийд олон зуун сая хүн ард энэхүү тэмдэглэж байна. Ийн тэмдэглэж буй ач холбогдлыг харгалзан үзэж, 1999 оны арванхоёрдугаар сарын 15-ны өдрийн НҮБ –н Ерөнхий Ассемблейн A/54/L59 тоот тогтоолоор Олон улсын тэмдэглэлт өдөр болгон зарласан байдаг.

-Монголчуудын хувьд анх удаа бүх нийтээр уг өдрийг тэмдэглэх гэж байна. Харин өмнө нь энэ өдрийг хэрхэн тэмдэглэдэг байсан бэ?

-Бурхан багшийн их дүйчэн өдрийг бурханы шашинт бусад орны жишгээр баяр, амралтын өдөр болгох гэсэн хүсэлтийг, хуулийн төслийг 2019 оны арванхоёрдугаар сарын 20 өдрийн УИХ-ын чуулганаар хэлэлцэн олонхын саналаар баталж, Бурхан багшийн их дүйчэн өдрийг нийтийн баяр амралтын өдөр болгосон.  Ингэснээр Бурхан багшийн их дүйчэн өдрийг ёс суртахуунаа эрхэмлэдэг, өөрийн явдал мөрөө эргэн харах, үнэлэлт дүгнэлт өгч, сайн үйл бүхнээ дэлгэрүүлж, саар муу бүхнийг тэвчин, асрал энэрлийг үүсгэсэн, нэг нэгнээ хүндэтгэсэн, байгаль дэлхийгээ хайрласан, буяныг хотлоор хурааж, нүглийг тэвчиж сайн сайхан буянт үйлсийг дэлгэрүүлж байхыг онцлон тэмдэглэх болсон.

Бурхан багшийн их дүйчэн өдрийг Монголын сүм хийдүүд болон ард түмэн нэн эртнээс тэмдэглэн өнгөрүүлж ирсэн түүхэн уламжлалтай. Энэхүү уламжлал хэсэг хугацаанд тасарсан ч 1990 оноос Бурхан багшийн их дүйчэн өдрийг энэрэл нигүүлслийг дэгжээх, эрдэм мэдлэгийг эрхэмлэх, ёс заншил, өв соёлоо өвлүүлэх сэдэв агуулга дор өргөн тэмдэглэж ирсэн.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
173
ТэнэглэлТэнэглэл
34
ЗөвЗөв
4
ХөөрхөнХөөрхөн
2
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж