“Ам.долларын ханш цаанаасаа өсөөд байна. Шалтгааныг нь бид яаж мэдэх вэ дээ. Банкнаас гаргасан ханшийг харгалзан бид ам.доллар авч, худалдаж байна. Ам.доллар авах, худалдах хүн өдөр бүр цөөрсөөр байна” хэмээн “Найман шарга” валют арилжааны ажилтан эмэгтэй хэллээ. Валютын ханш бичсэн самбарт нэг ам.долларыг 2811 төгрөгөөр авч, 2814 төгрөгөөр зарна гэсэн байв. Энэ нь өнгөрсөн жилийн мөн үетэй харьцуулахад ам.долларын төгрөгтэй харьцах ханш 200 орчим төгрөгөөр өсчээ. Монголбанкнаас гаргасан мэдээллээр ам.доллар 2806 төгрөгтэй тэнцэж байгаа бөгөөд төгрөгийн ам.доллартай харьцах ханш унасан нь экспорт буюу валютын урсгал саарсантай холбоотой гэж тайлбарлаж буй. Дөрвөн жилийн өмнө буюу 2016 оны зургадугаар сард ам доллар 1900 төгрөгтэй тэнцэж байсан бөгөөд өнөөдөр даруй 900 орчим төгрөгөөр өсчээ. Төгрөгтэй харьцах ам.долларын ханш яагаад өссөн, долларын ханш өссөнөөр иргэдийн амьдралд хэрхэн нөлөөлж буйг сурвалжиллаа.
ИРГЭДИЙН АМЬЖИРГАА ӨДРӨӨС ӨДӨРТ ДОРОЙТОЖ БАЙНА
Ам.долларын ханш өссөнөөр амьдралд ямар дарамт учруулж буйг иргэдээс тодруулсан юм.
-Тавдугаар сарын 3-нд цэргээс халагдсан. Гадуур явахад, иргэд маш уцаартай, уйтгартай байгааг ажигласан. Амьжиргаа нь өдрөөс өдөрт доройтож байгаа талаар, санхүү нь хямарч хэрэглээний зүйлээ авч чадахгүй байгаа талаар хоорондоо ярьцгааж байна. Үүнээс болоод бухимдалтай байгаа байх. Монгол Улсын хувьд хэрэглээний бүх зүйлийг импортоор авдаг. Үүнтэй холбоотойгоор валютын ханш өсч байна. Энэ нь бид дотооддоо юуг ч үйлдвэрлэж чаддаггүй, үндэсний үйлдвэрүүд нь бүтээгдэхүүнээ, материалаа гаднын орноос авдагтай холбоотой болов уу.
ШАТАХУУНЫ ҮНЭ БУУРААД БАЙХАД БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ҮНЭ ӨСӨӨД БАЙНА
-Шатахууны үнэ буурсан ч өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ буурахгүй байна. Уг нь шатахууны үнийг дагаад өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ хэлбэлздэг байсан. Гэтэл өргөн хэрэглээний барааны үнэ нэмэгдсээр байна. Тухайлбал, нэг килограмм нь 800 төгрөг байсан төмсний үнэ 1200 төгрөг болчихоод байна. Үүний шалтгааныг ам.долларын ханш өсч байгаатай холбоотой гэж үзэж байна. Өдөр ирэх бүр долларын ханш өсч байна. Долларын ханшийг дагаад бараа бүтээгдэхүүний үнэ өсдөг. Иргэдийн амьдрал ч улам доройтсоор байна.
ШАТАХУУНЫ ҮНЭ БУУРСАН Ч БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ҮНЭ БУУРСАН УДААГҮЙ
ТҮЦ-ийн худалдагч:
-Covid-19 гарснаас хойш бүтээгдэхүүний үнэ 10-50 төгрөгөөр нэмэгдсэн. Хүмүүс шатахууны үнэ буурчихаад байхад бүтээгдэхүүний үнэ яагаад буухгүй байгаа юм бэ гэж их асууж байна. Шатахууны үнэ нэмэгдэхээр өргөн хэрэглээний бүтээгдэхүүний үнэ өсдөг ч, шатахууны үнэ буурахыг дагаад бүтээгдэхүүний үнэ буурч байсан удаагүй. Учир нь ам.долларын ханш буурдаггүйтэй холбоотой.
ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРИЙН БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ҮНЭ Ч НЭМЭГДСЭН
Харин хүнсний дэлгүүрийн худалдагч:
-Бараа бүтээгдэхүүний үнэ өдрөөс өдөрт нэмэгдсээр байна. Импортын бараануудаас гадна үндэсний үйлдвэрийн бүтээгдэхүүний үнэ ч нэмэгдсэн. Энэ нь манай үйлдвэрүүд материал ч юм уу ямар нэг зүйлийг гаднын орноос авдагтай холбоотой байх. Худалдагчид зориуд үнийг нь нэмж зараад байна гэж иргэд ойлгоод “Яагаад үнээ нэмээд байгаа юм бэ” гэж асуудаг. Бараа бүтээгдэхүүний үнийг тогтвортой байлгах асуудлыг төр хяналтдаа авах шаардлагатай байна. Учир нь, ихэнх бүтээгдэхүүнээ импортоор авч байна шүү дээ. Үүнтэй холбоотойгоор долларын ханш нэмэгдэж байна.
Л.ОЮУН: АМ.ДОЛЛАРЫН ХАНШ ӨСӨХ НЬ ИРГЭДИЙН АМЬЖИРГААНД СӨРГӨӨР НӨЛӨӨЛНӨ
Долларын ханш өсөх нь ямар эрсдэлтэйг эдийн засагч Л.Оюунаас тодрууллаа.
-Ам.долларын ханш өнгөрсөн жилийн мөн үеэс бараг 200 төгрөгөөр нэмэгдээд байна. Долларын ханш өссөн нь юутай холбоотой гэж эдийн засагч хүний хувьд үзэж байна вэ?
-Долларын ханш чангарах нь импорт, экспорттой холбоотой байдаг. Импортын барааны төлбөрийг доллараар хийдэг болохоор гаднын орноос бараа авах тусам долларын эрэлт ихэснэ. Энэ утгаараа ханш өснө. Экспортын төлбөр доллараар орж ирдэг. Монгол Улсын экспорт багассан тул ам.долларын нийлүүлэлт багасч, ханш нь өсч байгаа гэж ойлгож болно.
-Ам.доллартай харьцах төгрөгийн ханш ямар үед хамгийн их өсч байсан бэ?
-Улс орон бүрт валютын ханшийг тогтвортой байлгах дэглэм байдаг. Монгол Улсад 1990 оны сүүл, 2000 оны эхээр долларын ханш огцом өсч байсан. Энэ нь хүчээр зохицуулдаг дэглэмийг өөрчилж, зах зээлийн зарчимд шилжсэнтэй холбоотой. Ингэснээр зах зээлийн зүй тогтлоор буюу Монголын зах зээл дахь долларын эрэлт, нийлүүлэлттэй холбоотойгоор долларын ханш өөрчлөгдөх болсон.
–Covid-19 цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөг бууруулах тухай хуульд ам.долларын хадгаламжийг даатгалаас хассантай холбоотой гэж зарим хэсэг нь үзэж байна. Энэ хэр үндэслэлтэй вэ?
-Монгол Улсын нутаг дэвсгэрт төлбөрийн албан ёсны валют нь төгрөг байх ёстой гэсэн хууль бий. Долларыг үндэсний валют болгохгүйн тулд, төгрөгөө хамгаалж, тодорхой арга хэмжээнүүдийг авч байгаа. Ийм арга хэмжээг буюу үндэсний валютаа хамгаалсан бодлогыг олон орон хэрэгжүүлдэг. Ийм арга хэмжээ манай улсад байх ёстой. Гэхдээ хожуу ч гэсэн манайх арга хэмжээ авч байна. Өнгөрсөн сарын 29-нд гарсан таны дурдсан хуулиар доллартай холбоотой хэд хэдэн зүйлийг тусгасан. Энэ арга хэмжээ нь хар жагсаалт болон Covid-19-тэй холбоотой. Долларын ханш, эрэлт өсөж байгаа үед энэ байдлыг бууруулах арга хэмжээ авах шаардлагатай гэж харж байгаа.
-Цар тахлаас хойш Монголбанкинд тушаагдах алтны хэмжээ эрс өссөн. Гэтэл валютын ханшийг тогтвортой байлгаж яагаад чадахгүй байна вэ?
-Монголбанкны хуулиар хүлээсэн үүргийн нэг нь үндэсний мөнгөн тэмдэгтийн ханшийг тогтвортой байлгах. Энэ хүрээнд төгрөгийн ханшийг барих арга хэмжээ авдаг. Цар тахалтай холбоотойгоор алтны нөөц нэмэгдсэн ч долларын ханш өсч байгаа нь эдийн засгийн индикатортай холбоотой.
-Сонгуулийн дараа ам.долларын ханшид өөрчлөлт орох уу?
-Сонгуулийн дараа долларын ханш өсдөг талаарх судалгаа бий. Наадам болон Цагаан сарын өмнө долларын ханш өсдөг. Энэ нь Монголын эдийн засаг улирлын чанартайг харуулж байна.
-Энэ үед долларын ханш өссөнөөр эдийн засагт ямар нөлөөлөл үзүүлэх вэ?
-Эдийн засгийн аливаа үзэгдэл хоёр талтай байдаг. Энэ утгаараа долларын ханш өсөх нь мөн хоёр талтай. Хэрэв манайх экспортлогч орон байсан бол долларын ханш өсөх нь маш том давуу талтай. Бараагаа гаднын оронд худалдаад төлбөрөө доллараар авна гэсэн үг шүү дээ. Төгрөгийн ханш унаад, долларын ханш өсөх нь дандаа сөрөг талтай биш. Импортоор ирэх бүтээгдэхүүний үнэ өсөх нь ойлгомжтой. Үүнээс үүдэн импортоор ийм үнэтэй бараа авахын оронд дотооддоо бараагаа үйлдвэрлэж, үйлдвэрлэлээ хөгжүүлэх шаардлагыг бий болгож байна. Тиймээс долларын ханш өсөх нь сайн талтай. Харин үйлдвэрлэлээ хөгжүүлж чадахгүй байгаа тохиолдолд иргэдийн амьжиргаанд сөргөөр нөлөөлнө.
-Долларын ханшийг өсгөхгүйн тулд цаашид өөр ямар арга хэмжээ авах нь зохимжтой гэж харж байна вэ?
-Хэрэгжүүлбэл зохих арга хэмжээгээ аваад эхэлсэн гэж бодож байна. Тухайлбал, иргэн, аж ахуйн нэгжийг долларын гүйлгээ хийлгэхгүй, долларын хадгаламжид хүү тооцохгүй, доллар барьцаалж зээл олгохгүй, долларын хадгаламжид даатгал олгохгүй байгаа нь хэрэгжүүлэх шаардлагатай шийдвэр байсан. Энэ нь долларын эрэлт, хэрэгцээг багасгах зөв бодлого. Гэхдээ долларын ханшийг унагах нь бас сөрөг талтай гэдгийг анхаарах хэрэгтэй.
Р.ДУЛАМ
Холбоотой мэдээ