Видео тоглоомын хорхойтон, мөн эгчтэйгээ ч нэгийгээ үздэг 13 настай Жек Рико хүүг харсан хүн болгон бага сургуулийн сурагч гэх биз ээ. Гэвч тэрбээр хоёрхон жилийн хугацаанд дөрвөн коллежид суралцан associate буюу тусгай зэрэгтэй төгсчээ. Зарим хүнд ганц л мэргэжлээр сурахад хүнд санагддаг бол Жек Рико аль хэдийнэ түүх, нийгмийн зан байдал, нийгмийн ухаан, хувь хүний илэрхийлэмж зэрэг дөрвөн чиглэлд 4.0 голч дүнтэй суралцсан байна.
Тэрбээр CNN сайтад өгсөн ярилцлагадаа “Би шинэ зүйл сурах дуртай. Би дэлхийн талаар илүү их мэдэж, сурч болох бүхий л зүйлсийг сурмаар байна. Би дөнгөж 13 настай учир бүхий л зүйлсийн учрыг олохыг эрмэлздэг. Сонирхсон зүйлсээ илүү гүн судалж, амьдралдаа хийхийг хүссэн зүйлсээ хиймээр байна” хэмээжээ.
Тэрбээр дараа жилээс эхлэн Лас-Вегас, Невада мужийн их сургуульд түүхийн чиглэлээр бакалаврын зэргээр үргэлжлүүлэн сурна.
Рико хүү өнгөрсөн долоо хоногт Калифорни мужийн Фуллертон коллежийг төгсч, тус коллежийн 107 жилийн түүхэн дэх хамгийн залуу төгсөгч болсон тухай CNN сайтад мэдэгджээ. Тус коллежийн ерөнхийлөгч Грег Шульц "Ийм залуудаа коллежид элсэн суралцдаг хүүхэд ховор. Тийм учраас Жек коллеждоо ихээхэн танигдсан. Мөн тэр наснаасаа ч илүү ухаалаг учир би Жекийг Фуллертон коллежид элсэн суралцсанд таатай байна" хэмээн ярьжээ.
Холбоотой мэдээ