Австралийн Рептил Парк их түймрийн дараах анхны коала баавгайн зулзагаа өнгөрөгч Мягмар гаригт хүлээн авлаа. Шинэхэн төрсөн коала баавгайг “Үнс” хэмээн нэрлэсэн бөгөөд энэ нь түүний үсний өнгөнөөс болоогүй гэнэ. Харин Австралийн аймшигт гал түймэрт амиа алдсан сая сая зэрлэг амьтны үнсэн дундаас дахин шинэ амьдрал эхлүүлж байгаа учир ийн нэрлэжээ. Түүнийг “Австралийн онгон дагшин байгаль, зэрлэг амьтдын ирээдүйн бэлгэ тэмдэг” гэж үзэж байна.
Галт түймрийн уршгаар Австрали улсын 12.6 сая гектар газар шатаж, нэг тэрбум орчим ан амьтан үгүй болжээ.
Рептил Паркийн зүгээс шинэхэн төрсөн коала баавгайн зулзаганы өхөөрдөм бичлэгийг Facebook хуудсаараа дамжуулан олон нийтэд ил болгосон байна. Тус амьтны хүрээлэнгийн ажилтан Дан Рамсигийн хэлснээр коала баавгайн зулзага өнгөрөгч нэгдүгээр сард төрсөн бөгөөд эх нь түүнийг аюулгүй байлгах үүднээс уутнаасаа гаргаагүй аж.
Австралид гарсан түймэр коала баавгайн нутагладаг ойр орчны 80 хувийг сүйтгэж, улмаар коала баавгай "устаж үгүй болж буй" амьтдын жагсаалтад орсон билээ.
Холбоотой мэдээ