Чебурашкагийн зохиолч Эдуард Успенскийг охин нь "дарангуйлагч" хэмээв

Хуучирсан мэдээ: 2020.05.28-нд нийтлэгдсэн

Чебурашкагийн зохиолч Эдуард Успенскийг охин нь "дарангуйлагч" хэмээв

Чебурашкагийн зохиолч Эдуард Успенскийг охин нь "дарангуйлагч" хэмээв

Чебурашкагийн зохиолч гэдгээрээ олонд танигдсан Эдуард Успенскийг охин Татьяна Успенская нь “гэр бүлийн дарангуйлагч” хэмээн тодорхойлж, хүүхдийн уран зохиолын шагналыг түүний нэрэмжит байхыг болиулахыг хүссэн нь ОХУ-ын ард түмнийг талцуулж байна.

Татьянагийн мэдээллээс оросууд Эдуардын хувийн сайнгүй талуудыг олж мэдсэнийхээ дараа соёлын агуу зүтгэлтнээ хэрхэн дурсахаа мэдэхээ больжээ. Харьцуулж үзвэл баруунд энэ явдалтай ижил, төстэй асуудал Майкл Жексон, Луйс СК, Вүүди Аллен нарт тохиолдож байсан билээ.

Оросын хүүхдийн зохиолч Эдуард Успенский 2018 онд нас эцэслэсэн бөгөөд хожим хүүхдийн уран зохиолын том шагналыг түүний нэрэмжит шагнал болгосон байна. Харин түүний охин Татьяна Успенская түүнийг насан туршдаа хүчирхийлэгч байсан хэмээгээд, шагналыг бүтээгчид болон ОХУ-ын хүүхдийн номын санд хандаж, дээрх шагнал дээрээс эцгийнхээ нэрийг арилгуулахыг хүсчээ. Гэвч тэд зөвшөөрөөгүй аж.

ЗХУ-ын үед өссөн хүүхдүүд төдийгүй өөр олон улсын хүмүүс 50 жилийн турш цэнхэр дэлгэцээр гарсан Чебурашка, Гена матар хоёрыг маш сайн таних билээ. Мөн түүнээс гадна Эдуардын бүтээл “Тавтай нойрсоорой, бяцхан хүүхдүүд ээ” телевизийн нэвтрүүлэг 1964 оноос хойш олон жил телевизээр гарсныг олон хүн санадаг биз ээ.

Харин Татьяна шагналыг бүтээгчид болон ОХУ-ын хүүхдийн номын санд хандаж бичсэн ил захидалдаа “Улсын хэмжээний том шагналын нэрэмжит хүн наад зах нь соёлтой хүн байх ёстой гэж би үзэж байна. Харин миний аав бол насан туршдаа гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн нүгэлт хүн. Тэрээр хүчирхийллийг гэр бүлтэйгээ харьцах арга гэж боддог хүн байсан. Аав маань намайг болон миний ээжийг, ах дүүсийг минь, ач зээ нартаа хүртэл бие махбод, сэтгэлзүйн асар их хүчирхийлэл үзүүлдэг байсан. Иймд олон жилийн турш гэр бүлээ, ялангуяа хүүхдүүдийг хүчирхийлж байсан хүний нэрээр хүүхдийн уран зохиолын шагналыг овоглох ёсгүй гэж би үзэж байна. Тэр бол дарангуйлагч. Нэр хүндтэй болохоороо л юу ч хийж болно гэсэн үг биш биздээ?” хэмээн бичжээ.

Ийнхүү Эдуардын нэр хүндийг унагаж байгаа нь анх удаа биш билээ. Өмнө нь 2018 онд түүний гурав дахь эхнэр Елеонара Филина түүнийг “араар тавигч”, “дарангуйлагч” хэмээн тодорхойлж байсан билээ. Түүнээс гадна өөр олон хүн ч Эдуардыг 1970-аад оны удирдагч Виктор Столбунтай ойр харилцаатай байсныг шүүмжилдэг аж.

Татьяана, Эдуард хоёрын харилцаа хэзээ ч сайн байгаагүй бөгөөд Эдуардыг нас барсны дараа ч Татьяна түүний “чөтгөр” хэмээгээд оршуулгад нь оролцохоос татгалзаж байжээ.

Харин тэдэнд итгэхгүй, эсрэг байр суурь илэрхийлэх хүмүүс бас бий аж. Жишээ нь, Эдуардыг олон жилийн өмнөөс мэддэг гэх зохиолч Юрий Энтин “Эдуард огтхон ч дарангуйлагч байгаагүй. Тэр ердөө л өөрийг нь хүлээн зөвшөөрдөггүй гэр бүлтэй байсан” хэмээн ярьжээ. Мөн нэгэн иргэн өөрийн твиттер дээрээ энэ асуудлыг хөндөөд “Тус шагнал бол уран зохиолын шагнал болохоос оны шилдэг аавын шагнал огтоос биш шүү!” хэмээн жиргэжээ.

Түүнээс гадна Татьянагийн хүсэлтээс татгалзсан ОХУ-ын Хүүхдийн номын сангийн захирал Мария Веденяпина “Энэ бол уран зохиолын шагнал. Үүнд зохиолчийн хувийн авир хамаагүй. Өнгөрсөн тавин жилийн турш Эдуард бол хүүхдийн уран зохиолын гол хүн байсаар ирсэн. Түүний бүтээлүүд одоо ч бидэнтэй хамт” хэмээн ярьжээ.

Эх сурвалж: RT.COM

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж