Цар тахал хэмээн нэрлэгдээд буй коронавируст халдвар дэлхийн 216 улсад зөөвөрлөгдөж, улс орнуудыг хилээ хааж, хөл хорио тогтооход хүргэсэн. Монгол Улсын хувьд халдварыг дотооддоо алдаагүй ч өнөөдрийн байдлаар гадаадын улс орнуудаас зөөвөрлөгдсөн 161 тохиолдол бүртгэгдээд байна.
ХӨСҮТ-ийн эрчимт эмчилгээний тасгийн эрхлэгч, Анагаах ухааны доктор Ц.Чинбаяр “Монгол Улсад бүртгэгдсэн “Covid-19” халдварын батлагдсан тохиолдол оношоор хэвтэн эмчлүүлэгчдийн эмнэлзүй лабораторийн шинжилгээний зарим дүн” хэмээх илтгэлээ Анагаахын шинжлэх ухааны эрдмийн 62 дугаар чуулганд танилцуулсан. Тэрбээр дотоодод зөөвөрлөгдөн орж ирсэн тохиолдлын анхны гадаад болон монгол өвчтөнийг 47 хоног тусгаарлаж эмчилсэн бөгөөд өвчтөнүүдэд эмнэлзүйн судалгаа хийсэн юм.
Манай улсад анх гуравдугаар сарын 9-нд Франц улсын иргэнээс коронавирусийн халдварын батлагдсан тохиолдол илэрснээс хойш тавдугаар сарын 1-нийг хүртэл гадаадаас зөөвөрлөгдсөн 41 тохиолдол байв. Тэдний хамгийн залуу нь 11 настай хүүхэд байсан бол хамгийн хөгшин нь 65 настай.
Өвчтөнүүдийн 58 хувь нь оюутан бөгөөд дунджаар 30 хүртэлх насныхан байжээ. Батлагдсан тохиолдлуудын 13 нь буюу 31.7 хувь нь эдгэрч, 28 буюу 68.3 хувь нь одоо эмчлэгдэж байгааг ХӨСҮТ-ийн эрчимт эмчилгээний тасгийн эрхлэгч, Анагаах ухааны доктор Ц.Чинбаяр хэлсэн. Түүний судалгаанд хамрагдсан 41 хүний 70 хувь нь хөнгөн хэлбэрээр өвчилсөн байна. Тодруулбал, булчингаар өвдөх, нойронд муу байх, дотор муухайрах, бөөлжих, цээжээр өвдөх, бие зарайх, цэртэй ханиах, хоолой сэрвэгнэх, ядрах, хуурай ханиалгах, халуурах, хоолой хатах, амт, үнэр мэдрэхгүй байх, хамар битүүрэх, толгой өвдөх гэсэн шинж тэмдэг илэрч байсан ч бусад орнуудынхтай харьцуулахад харьцангуй хөнгөн байжээ. Эмнэлзүйн шинж тэмдгээр нь авч үзвэл:
Тэдгээр өвчтөнүүдэд цусны ерөнхий шинжилгээ, цусны бүлэгнэлтийн шинжилгээ хийсэн байна. Ингэхэд уушгины хатгалгаатай, хүнд өвчтөнд С уураг, d-dimer ихэссэн гэсэн хариу гарчээ. Харин вируслогийн шинжилгээ буюу цэр, өвтгөн, хамар арчдасын шинжилгээ хийхэд амьсгалын дээд замын сорьцод “SARS-CoV2” вирус 100 хувь илэрсэн. Уушгины дүрс оношлогооны үр дүнд 12 буюу 29.3 хувьд тохиолдолд уушгины хатгалгааны оноштой байжээ.
Коронавируст халдвараар өвчилсөн хүмүүст артерийн даралт ихсэх, ХДВ, ХВБ-ийн халдвар, астма, жирэмсэн, шалтгаан тодорхойгүй элэгний архаг үрэвсэл зэрэг давхар өвчин илэрсэн ч хүнд хэлбэрт хүрээгүй байжээ.
Судалгаанд хамрагдсан 41 хүнд хийсэн эмчилгээний хувьд вирусийн эсрэг болон антибиотек эмчилгээ хийжээ. Тэдний 13-ын эмнэлзүйн шинж тэмдэг бүрэн арилсан байна.
ЭМЧИЛГЭЭНИЙ ХУВЬД:
Өнөөдрийн байдлаар Монгол Улсад батлагдсан 161 тохиолдлын 82 хувь нь ОХУ-аас, үлдсэн хувь нь есөн улсаас зөөвөрлөгдөн орж иржээ. Өнгөрсөн хугацаанд батлагдсан тохиолдлуудын 43 нь эдгэрсэн бол хэвтэн эмчлүүлж буй 118 хүн байгаа юм. Тэдний 107 нь хөнгөн өвдсөн бол 11 хүний биеийн байдал хүндэвтэр байгааг ХӨСҮТ-өөс мэдээлсэн билээ. Тус эмнэлэгт одоогоор 165 хүн хэвтэн эмчлүүлж байна.
Б.ЦЭЦЭГ