“Samsung”-ийг эсэргүүцэн, 25 метр шон дээр нэг жил амьдарч буй Ким Ён Хи

Хуучирсан мэдээ: 2020.05.28-нд нийтлэгдсэн

ХҮМҮҮС

“Samsung”-ийг эсэргүүцэн, 25 метр шон дээр нэг жил амьдарч буй Ким Ён Хи

“Samsung”-ийг эсэргүүцэн, 25 метр шон дээр нэг жил амьдарч буй Ким Ён Хи

“Ньюс агентлаг” долоо хоног бүрийн Пүрэв гаригт “Хүмүүс” буланг хүргэдэг билээ. Энэ долоо хоногийн буландаа БНСУ-ын хамгийн том компани болох “Samsung” компанийг эсэргүүцэн Сөүл хотын Гангнам дүүргийн уулзвар дээрх замын хөдөлгөөний хяналтын камерын 25 метр өндөр шон дээр нэг жил орчим амьдарч буй идэвхтэн Ким Ён Хигийн талаар онцолж байна.

Өдгөө 61 настай тэрбээр залуу насны амьдралаа улсынхаа хамгийн том групп компани болох “Samsung”-д хянан шалгагчаар ажиллаж өнгөрүүлжээ.

Тэрбээр 1982 оны арванхоёрдугаар сарын 2-нд “Samsung”-ийн Чанвон дахь үйлдвэрийн цогцолборт ажилд орсон ба нэг жилийн дараа тухайн үеийн ажилчдын эрх ашгийг хамгаалах байгууллагын төлөөлөгчөөр сонгогдсон байна.

Бараг 30 жилийн өмнө буюу 32 настайдаа Ким Ён Хи үйлдвэрчний эвлэл байгуулахаар зорьж яваад шударга бусаар ажлаасаа халагджээ. Энэ цагаас хойш тэр тэмцлийн замд эргэлт буцалтгүй орсон байна.

1989 оны гуравдугаар сарын нэгэн шөнө. Ким Ён Хи үйлдвэрчний эвлэл байгуулах асуудлаар хурал зохион байгуулаад, гэр рүү харьж явахдаа ухаангүй болтлоо зодуулж, эмнэлэгт сэржээ. Энэ бол ажилчдын эрх ашгийг хамгаалах байгууллага байгуулах оролдлогыг нь хүчээр таслан зогсоохыг оролдсон хэрэг байв.

Үйлдвэрчний эвлэл байгуулах хурлын эхний өдөр

Тэрбээр 20 гаруй хоног эмнэлэгт хэвтэн эмчлүүлээд гарчээ.  Дараа оных нь арваннэгдүгээр сард түүнийг хяналтын менежер тэргүүтэй удирдах албан тушаалтнууд нь хүч хэрэглэн хулгайлж, 15 хоногийн турш хорьж цагдан үйлдвэрчний эвлэл байгуулах зорилгыг нь няцаахыг оролджээ. Ердөө хоёр сарын дараа Ким Ён Хи бэлгийн хүчирхийллийн хэрэгт буруутгагдан “Samsung” компаниас халагдсан байна.

Хожим нь хохирогч гэх эмэгтэй хуурамч мэдүүлэг өгснөө хүлээн зөвшөөрсөн ч “Samsung” түүн рүү эргэж харсангүй, ажилчдынхаа үндсэн эрх болох үйлдвэрчний эвсэл байгуулах Үндсэн хуулиар олгогдсон эрхийг нь хүлээн зөвшөөрөөгүй хэвээр л байв. Энэ хооронд түүний гэр бүл, амь насанд заналхийлэх явдал тасраагүй бөгөөд түүнийг эзгүйд аавыг нь айлган сүрдүүлснээс болж эцэг нь нас барсан байна.

Ким 1995 онд эсэргүүцлийн хурц хэлбэрт шилжин “Samsung”-ийн төв байрны гадаа өлсгөлөн зарлаж эхэлжээ. Үүний дараа тэр 1999, 2016, 2017 онуудад хэд хэдэн удаа өлсгөлөн зарлаж, өөр хэдэн арван ажилчдын хамт эсэргүүцлийн жагсаал цуглаан зохион байгуулсан байна. Хамгийн сүүлд тэрбээр 2019 оны зургадугаар сарын 3-нд өлсгөлөн зарласан ба энэ эсэргүүцэл 55 хоног үргэлжилсний эцэст эсэргүүцлийн өөр нэгэн сонирхолтой аргад шилжсэн нь 25 метр өндөр “Samsung” шон руу авирч, хүн бүрийн нүдэнд ил харагдах тэр шон дээрээс дуу хоолойгоо хүргэх явдал байв.

Хааш хаашаагаа 150 см өргөн цамхаг дээр 180 см өндөртэй Ким Ён Хи олон сарын турш атийж хэвтсэний улмаас биед нь саажилт үүсч эхэлжээ. Гэсэн ч тэр нэр төрөө сэргээлгэж, “Samsung” компани түүнээс уучлалт гуйх хүртэл тэмцлээ зогсоохгүй хэмээн эрс шулуун мэдэгдсэн байна.

“Samsung” бол Өмнөд Солонгосын хамгийн том, удам дамжсан гэр бүлийн өмчит компани юм. Анх 1938 онд байгуулагдсан цагаасаа эхлэн үйлдвэрчний эвлэлийн эсрэг бодлого баримталсаар иржээ. Кимийн үзэж байгаагаар тус компанийн ажиллах нөхцөл ажилчдад ээлгүй хэвээр байгаа аж.

Өмнөд Солонгос дахь “Samsung”-ийн үйлдвэрүүдэд ажиллаж байсан олон зуун ажилчин химийн хордлогын улмаас хүнд өвчтэй болж, улмаар нас барсныг ч тэр гэрчилж байв. 2013 онд 31 настай “Samsung”-ийн үйлчилгээний ажилтан Чой Жон Бём ажлын нөхцөл тааруу атлаа хүний хөдөлмөрийг шулсан, цалин бага байдлыг эсэргүүцэн амиа хорлож байсан хэрэг ч гарч байж.

2019 оны есдүгээр сарын 17-нд Кимийн шон дээрх тэмцлийн 100 дахь өдрийг тэмдэглэж, түүнийг дэмжигч “Samsung”-ийн ажилтнууд болон шашин, урлаг соёлын байгууллагууд, энгийн иргэд “Samsung Tower”-ийн доор цугларчээ. Одоо тэр “Үхэхээс нааш энэ тэмцлээ зогсоохгүй” хэмээн тэмцлээ үргэлжүүлсээр байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
29
ЗөвЗөв
7
ГайхмаарГайхмаар
6
ХарамсалтайХарамсалтай
3
БурууБуруу
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж