Зэсийн үнэ өсч, алтны ханш буцаж сэргэв

Хуучирсан мэдээ: 2020.05.28-нд нийтлэгдсэн

Зэсийн үнэ өсч, алтны ханш буцаж сэргэв

Зэсийн үнэ өсч, алтны ханш буцаж сэргэв

Дэлхийд “Covid-19” цар тахлын тархалтыг бууруулах зорилгоор хэрэгжүүлж буй хориг арга хэмжээнүүд нь газрын тосны эрэлт огцом буурахад нөлөөлөв. Газрын тосны үйлдвэрлэлийн гарцаа танах ОПЕК-ийн Өргөтгөсөн бүлгийн хэлцэл болон зарим улсад хориг арга хэмжээг аажмаар сулруулж, газрын тосны эрэлт буцаж нэмэгдсэнээр сүүлийн гурван долоо хоногт газрын тосны үнэ сэргэж 36 ам.долларт хүрээд байна.

Манай улсын гол экспортын бүтээгдэхүүнүүдийн нэг болох зэсийн үнэ “Covid-19” цар тахлын дэгдэлттэй холбоотойгоор огцом унасан бөгөөд гуравдугаар сарын 23-ны байдлаар 4609 ам.долларт хүрч буурсан нь сүүлийн дөрвөн жилийн хамгийн доод түвшин юм. Харин дэлхийн зэсийн эрэлтийн тал хувийг дангаар бүрдүүлдэг БНХАУ-ын үйлдвэрүүд үйл ажиллагаагаа сэргээж, тус улсын зэсийн импорт огцом өссөнтэй холбоотойгоор сүүлийн хоёр сарын хугацаанд зэсийн үнэ аажмаар буцаж сэргэн 5400 орчим ам долларт хүрээд байна.

Харин Бразил улсад халдвар эрчимтэй тархсантай зэрэгцэн төмрийн хүдрийн нийлүүлэлт тасалдсанаар төмрийн хүдрийн үнэ огцом өсөж 91 ам.долларт хүрэв. Дэлхийн эдийн засагт тодорхой бус байдал, эрсдэл өндөр байгаа тул алтны ханш 1700-1750 ам.долларын түвшинд хэвээр хадгалагдаж байна.

Алтны ханш. Дэлхийн эдийн засагт аливаа хямрал, тодорхой бус байдал үүсэхтэй зэрэгцэн алтны ханш огцом өсдөг. Үүнтэй холбоотойгоор алтны ханш 2020 оны эхний улиралд 6.9 хувиар өссөн нь зургаан улирал дараалан өссөн үзүүлэлт юм. Гуравдугаар сарын эхэн үеэс Хятад улсад тархалт буурч, ихэнх улсуудын Засгийн газар, Төв банкууд “Covid-19”-ийн сөрөг үр нөлөөг бууруулах, эдийн засгаа дэмжих арга хэмжээг шийдэмгий авч эхэлснээр алтны ханш 1500 орчим ам.долларт хүрч огцом буурсан. Гэвч дөрөвдүгээр сараас эхлэн АНУ болон зарим улсад вирусийн тархалт эрчимтэй нэмэгдэж, дэлхийн эдийн засагт тодорхой бус байдал нэмэгдэхтэй зэрэгцэн алтны ханш буцаж сэргэн 1700-1750 ам.долларт хэлбэлзэж байна. Энэ нь 2019 оны мөн үетэй харьцуулахад 32 хувиар буюу 420 гаруй ам.доллараар өндөр юм.

Газрын тосны үнэ. 2020 оны эхэнд АНУ, Ираны зөрчлийн улмаас брент төрлийн газрын тосны ханш 70 орчим ам.долларт хүрсэн. "Covid-19" цар тахал дэлхийн олон оронд эрчимтэй тархаж, улс орнууд хилийн хориг, хариу арга хэмжээ авснаар дэлхийн аялал жуулчлал, тээврийн салбарын үйл ажиллагаа хумигдаж, үүнийг дагаад түлш, шатахууны эрэлт буурч байна. Нөгөө талд, томоохон газрын тос нийлүүлэгч ОХУ, Саудын Араб зэрэг улсууд үйлдвэрлэлээ нэмэгдүүлэх шийдвэр гаргасны улмаас дэлхийн зах зээл дээр газрын тосны илүүдэл үүсэж, гуравдугаар сард газрын тосны үнэ тасралтгүй буурсан. 5 дугаар сарын 1-ээс эхлэн ОПЕК-ийн Өргөтгөсөн бүлгийн газрын тосны гарц танах хэлэлцээр хэрэгжсэн. Мөн зарим улсууд хориг арга хэмжээгээ аажмаар сулруулсан нь газрын тосны эрэлт буцаж сэргэж эхэлсэнтэй зэрэгцэн газрын тосны үнэ өсөж 36 ам.долларт хүрлээ. Энэ нь нэг сарын өмнөх хамгийн доод түвшин 20 ам.доллартай харьцуулахад 80 хувиар өссөн үзүүлэлт юм.

Төмрийн хүдрийн үнэ. 2019 оны 11 сараас төмрийн хүдрийн ханш тасралтгүй өссөөр 2020 оны эхний сард 95 ам.долларт хүрсэн. Дэлхийн нийтэд төмрийн хүдрийн импортын 70%-ийг бүрдүүлдэг Хятад улсад "Covid-19"-ийн улмаас цагаан сарын амралт урт хугацаанд үргэлжилж, аж үйлдвэрүүд зогсонги байдалд орсон нь төмрийн хүдрийн эрэлт буурахад нөлөөлсөн. Ингэснээр хоёрдугаар сарын эхэнд төмрийн хүдрийн үнэ 15.3 хувиар огцом унаж, 78.3 ам.долларт хүрчээ.

Дөрөвдүгээр сард төмрийн хүдрийн үнэ харьцангуй тогтвортой буюу 80-84 ам.долларын хооронд хэлбэлзэж байсан бол Бразил улсад шинэ коронавирусийн халдвар хурдтай тархаж, төмрийн хүдрийн нийлүүлэлтийн хувьд тодорхойгүй байдал үүсэхтэй зэрэгцэн өнгөрсөн хоёр долоон хоногт төмрийн хүдрийн ханш 11 хувиар чангарч 91.1 ам.долларт хүрлээ. Тодруулбал, Бразил улс 2019 онд долоо хоногт дунджаар 6.5 сая тонн төмрийн хүдэр экспортолдог байсан бол 5 сарын туршид 4.5 сая тонноос ихгүй төмрийн хүдэр нэг долоо хоногт экспортолсон байна.

Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж