Өчигдөр /2020.05.27/ Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэр, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн талбайн урд хэсэг, Туул гол дагуух Маршалын гүүрнээс зүүн тийш орших “Хан талст” ХХК-ийн зөвшөөрөлгүй газарт барилгын ажил хийгдэж байснаас үүдэлтэй усан толионд өсвөр насны дөрвөн хүүхэд эндэж, амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан тавдугаар сарын 10-ны өдөр тухайн газарт очиж ажиллан, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд баригдаж байгаа дугуйн замын ажлыг шалгах явцдаа зөвшөөрөлгүй барилга барьж байсан “Хан талст” ХХК-ийн үйл ажиллагааг шалгах Ажлын хэсэг байгуулах шийдвэр гаргаж байв. Энэ дагуу ажлын хэсэг байгуулагдаж, тухайн газарт хяналт шалгалт хийсэн ажлын хэсгийн үр дүнгээ тавдугаар сарын 21-ны өдрийн Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралдаанаар танилцуулсан юм. Шалгалтаар “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн” ОНӨТҮГ-ын эргэн тойрон дахь газруудад зөрчил дутагдал маш ихээр илэрсэн учраас тухайн компанийн үйл ажиллагааг зогсоох шийдвэр гаргасан байдаг.
Нийслэлийн Засаг даргын зүгээс болон НЗДТГ-аас, мэргэжлийн байгууллагуудын зүгээс удаа дараа хяналт шалгалт хийж, үйл ажиллагааг нь зогсоох албан шаардлагуудыг хүргүүлэн, зөрчил арилгах хугацаатай мэдэгдэл өгсөн байтал өчигдөрийг хүртэл Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн талбайд зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байсан “Хан талст” ХХК-ийн үйл ажиллагаанд хяналт тавиагүй, аюулгүй ажиллагааны журмыг баримталаагүй, үйл ажиллагааг нь зогсоох арга хэмжээ авч ажиллаагүй зэрэг үндэслэлээр Хотын дарга С.Амарсайхан өнөөдөр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн захирал С.Эрдэнэтуулийг үүрэг ажлаас нь чөлөөллөө.
Дашрамд дурдахад Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд анх газар олгох зөвшөөрлийг 2014 оны 6 сард тухайн үеийн Хотын дарга Э.Бат-Үүл гаргаж байсан бөгөөд үүний дагуу Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн газраас наран шарлагын цогцолбор төслийг хэрэгжүүлэхэд зориулалтаар “Хан Талст” компанид 3.3 га газрыг ашиглуулахаар шийдвэрлэж байжээ.
Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс
Холбоотой мэдээ