НЭМЭЛТ: 16:35 ЦАГ
ХИЛИЙН ХОРИГИЙГ ӨӨРЧИЛЖ, ЦАГДАН ХОРИХ, ТАСЛАН СЭРГИЙЛЭХ АРГА ХЭМЖЭЭ АВАХААР ШИЙДВЭРЛЭСЭН
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн албан мэдээлэлдээ “Шүүх хуралдааны хэлэлцүүлгээр яллагдагч нарын өмгөөлөгч нараас хэргийг прокурорт буцаахаар гаргасан хүсэлтийг хэлэлцэхгүй орхиж, яллагдагч нарыг шүүхэд шилжүүлэн, анхан шатны шүүх хуралдааныг зургадугаар сарын 26-ны өдрийн 10.00 цагт нээлттэй явуулахаар товлон зарласан. Ингэхдээ прокуророос гаргаж өгсөн баримт, хүсэлтийн дагуу Н.Номтойбаярыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “…мөрдөгчийг дарамталсан, үндэслэл бүхий баримт, мэдээлэл байгаа” гэх үндэслэлээр дараагийн шүүх хуралдаан болтол түүнд урьд авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахаар шийдвэрлэсэн” гэжээ.
НЭМЭЛТ: 16:25 ЦАГ
Н.НОМТОЙБАЯРЫГ УИХ-ЫН СОНГУУЛЬД ӨРСӨЛДҮҮЛЭХГҮЙН ТУЛД СЭДСЭН БАШИР АРГА
Н.Номтойбаярын өмгөөлөгч мэдээлэл өглөө. Тэрбээр “Шүүх хуралдааны төгсгөлд прокуроруудаас Н.Номтойбаярыг мөрдөгчтэй утсаар ярьсан гэх шалтгаанаар цагдан хорих тухай мэдээллийг шүүхэд гаргаж өгсөн. Тэр баримтыг бидэнд үзүүлсэнгүй. Хэрэгт хавсаргасан эсэхийг ч мэдэхгүй байна. Энэ шийдвэр нь УИХ-ын сонгуулийн хууль зөрчсөн гэж харж байна. Хэрэв нэр дэвшигчийг саатуулахаар болбол эхлээд Сонгуулийн Ерөнхий хороо /СЕХ/-нд мэдэгдэх ёстой. Гэтэл шүүхээс СЕХ руу албан бичиг явуулна гэсэн зүйл ярьж байна.
Дараагийн шүүх хурлын тов зургадугаар сарын 26-нд товлогдсон. Энэ нь зохион байгуулалттайгаар УИХ-ын сонгуульд Н.Номтойбаярыг өрсөлдүүлэхгүйн тулд сэдсэн башир арга. Гэхдээ Хан-Уул дүүргийн иргэдэд хандаж хэлэхэд Н.Номтойбаяр нэр дэвшигч хэвээрээ. Шүүхийн цагдан хорих шийдвэрээс үл хамааран сонгууль болдгоороо болно. Бид энэ асуудлаар шүүхэд гомдол гаргана.
ХУУЛИЙН БАЙГУУЛЛАГА МАН-ЫН ХАРУУЛ ХАМГААЛАЛТЫН АЛБА ШИГ АЖИЛЛАЖ БАЙНА
НЭМЭЛТ: 15:30 ЦАГ
Н.НОМТОЙБАЯР НАРТ ХОЛБОГДОХ ХЭРГИЙН УРЬДЧИЛСАН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЖ БАЙНА
УИХ-ын гишүүн асан Г.Батхүү өнгөрөгч 2019 оны тавдугаар сард Төрийн ордны хоёр давхрын гонхноос учир битүүлэг байдлаар унаж, харамсалтайгаар амиа алдсан билээ. Дээрх хэргийг Цагдаагийн ерөнхий газар, Авлигатай тэмцэх газрын хамтарсан ажлын хэсэг шалгаж буй.
Энэ хэрэгт гэрчийн мэдүүлэг өгсөн УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаярыг Эрүүгийн хуулийн 21.2 дугаар зүй худал мэдүүлэг өгсөн гэх үндэслэлээр Нийслэлийн прокурорын газраас яллагдагчаар татсан.
Өнөөдөр /2020.05.28/ Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 10.00 цагт Н.Номтойбаяр, Б.Ган-Эрдэнэ, Б.Нямдаваа, Н.Ууганбаяр, М.Нямдэмбэрэл, Н.Алтансувд, Н.Баттөгс, Б.Шижиржаргал, Д.Батмөнх нарт холбогдох эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг эхэлжээ. Гэхдээ энэхүү шүүх хурал нь гэм буруугийн бус урьдчилсан хэлэлцүүлэг бөгөөд хэргийг мөрдөн байцаалтад буцаах, эсвэл гэм буруутай эсэхийг тогтоох шүүх хурлын товыг гаргах юм.
Эрүүгийн хуулийн 21.2 дугаар зүйл "худал мэдүүлэх"
1.Гэрч, хохирогч мөрдөн шалгах ажиллагааны үед, шүүхэд үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгсөн бол гурван сараас хоёр жил хүртэл хугацаагаар эрх хасаж дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.
2.Гэрч, хохирогч бусдыг гэмт хэрэг үйлдсэн гэж мөрдөн шалгах ажиллагааны үед, шүүхэд зориуд худал мэдүүлсэн, гүтгэсэн бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ" гэж заажээ.
Дашрамд дурдахад, НПГ-аас 2019 оны арванхоёрдугаар сард Н.Номтойбаяр, түүний зөвлөх нарт хилийн хориг тавих санал ирүүлснийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэлэлцээд таслан сэргийлэх арга хэмжээ авах шаардлагагүй гэж үзсэн билээ.
Э.БУРАМ
Холбоотой мэдээ