ОХУ-ын нийслэл Москва хотын захирагч Сергей Собянин ирэх зургадугаар сарын 1-нээс эхлэн хөл хорионы хатуу дэглэмээ сулруулах болсныг мэдэгдлээ. ОХУ нь коронавирусийн халдвар тархалтын оргил үеэ давж, байдал тогтворжсон гэж үзэн, ирэх Даваа гаригаас Москва хотын бүх жижиглэн худалдааны дэлгүүр, хуурай хими цэвэрлэгээ, засварын газрыг нээхээр болжээ. Ингэхдээ ариутгал, халдваргүйжүүлэлт сайн хийж, нэг дор цөөн тооны хүнд үйлчлэх байдлаар ажиллах шаардлага тавих аж. Мөн мэргэжлийн тамирчдад зориулсан спорт төвүүд, дугуй түрээсийн үйлчилгээг нээхээр болжээ. Тэрбээр хөл хориог сулруулах шийдвэрийг ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй теле хурлын үеэр зөвшилцсөн аж.
Москва хот нь өнгөрсөн гуравдугаар сарын 30-наас хойш бүтэн хоёр сарын хугацаанд оршин суугчдыг гэрээсээ гарахыг хориглон хөл хорио тогтоосон юм. Оршин суугчдыг зайлшгүй дэлгүүр орох, нохойгоо салхилуулах, тусгай зөвшөөрлөөр зорчих зэргийг зөвшөөрч байв. Харин зургадугаар сарын 1-нээс эхлэн оршин суугчид амны хаалт зүүн гадагш гарч алхах, дасгал хөдөлгөөн хийж болох аж. Гэхдээ хот хооронд зорчихдоо зөвшөөрөл авах системийг зургадугаар сарын 14-нийг хүртэл сунгажээ.
ОХУ-д коронавирусийн халдварын 370 мянга гаруй тохиолдол бүртгэгдсэний бараг тал хувь нь Москвад гарчээ. Үйлдвэр, барилгын салбарын хагас сая хүн тавдугаар сарын 12-нд ажилдаа эргэн орсон ба үүнээс хойш Москва хотод халдвараар хэвтэн эмчлүүлэгчдийн тоо 40 хувиар буурсан аж.
Эх сурвалж: AGENCE FRANCE-PRESSE
Холбоотой мэдээ