Хөдөлмөрийн яам ирэх онд долоон хөтөлбөр, нэг төсөл хэрэгжүүлнэ

Хуучирсан мэдээ: 2015.12.17-нд нийтлэгдсэн

Хөдөлмөрийн яам ирэх онд долоон хөтөлбөр, нэг төсөл хэрэгжүүлнэ

Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн ээлжит хуралдаан боллоо. Хуралдааныг Хөдөлмөрийн сайд, Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн дарга Г.Баярсайхан удирдсан юм. Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөл нь Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн дагуу Засгийн газар, МҮЭ-ийн холбоо, Монголын Ажил олгогч эздийн нэгдсэн холбооны төлөөлөлтэйгөөр байгуулагддаг. Тус зөвлөл 2015 оны сүүлийн буюу ес дэх хуралдаанаараа энэ онд хэрэгжсэн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрүүдийн үр дүнг хэлэлцэж, ирэх онд хэрэгжүүлэхээр Хөдөлмөрийн яамнаас санал болгосон хямралын үед ажлын байр бий болгож хадгалах, ажил олоход хүндрэлтэй иргэдэд ур чадвар олгож ажлын байранд зуучлахад чиглэсэн хөтөлбөр, төслүүдийг хэлэлцэн батлав. Ингэснээр 2016 онд Хөдөлмөрийн яамнаас “Аж ахуй эрхлэх, бичил бизнесийг дэмжих”, “Хөдөлмөр эрхлэлтийн ур чадвар олгох, ажлын байрыг дэмжих”, Мэргэжилтэй залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих”, “Хөгжлийн бэрхшээлтэй иргэний ажлын байрыг дэмжих”, “Малчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих”, “Нийтийг хамарсан ажил зохион байгуулах”, “Ажил мэргэжлийн чиг баримжаа олгох” гэсэн долоон хөтөлбөр, “Ахмад мэргэжилтний зөвлөх үйлчилгээ” төслийг хэрэгжүүлэхээр болж буй юм. Мөн уг хуралдаанаар Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн 2015 оны төсвийн гүйцэтгэл, 2016 оны төсвийн хуваарийг хэлэлцээд тус сангийн ирэх оны төсвийн орлогын эх үүсвэрийг 83,8 тэрбум, зарлагыг 80 тэрбум байхаар батлахыг Хөдөлмөрийн сайд, Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн даргад зөвлөмж болгосон тогтоол гаргав.

Нэгэнт хөтөлбөрүүд батлагдсан тул хэрэгжүүлэх ажлыг аймаг, нийслэл, дүүргийн Хөдөлмөрийн хэлтсүүд хариуцаж, санхүүжилтийг ХЭДС-гаас шилжүүлэх юм байна. 2016 онд хэрэгжих “Аж ахуй эрхлэх, бичил бизнесийг дэмжих хөтөлбөр”-т  11,7 мянган хүнийг хамруулах бол “Хөдөлмөр эрхлэлтийн ур чадвар олгох, ажлын байрыг дэмжих хөтөлбөр”-ийн дагуу   7,5 мянган хүн ажлын байртай болох тооцоо гаргажээ.  Ирэх онд үргэлжлэн хэрэгжих “Хөгжлийн бэрхшээлтэй иргэний ажлын байрыг дэмжих хөтөлбөр”-т 6,7 мянган хүнийг хамруулна. Харин “Малчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр”-ийг үр шимийг 1250 хүн хүртэх боломжтой юм. Шинээр батлагдсан “Нийтийг хамарсан ажил зохион байгуулах хөтөлбөр” болон “Ажил мэргэжлийн чиг баримжаа олгох хөтөлбөр”-т 17 мянга, “Ахмад мэргэжилтний зөвлөх үйлчилгээний төсөл”-д 4100 хүн хамруулах аж.  Түүнээс гадна ирэх онд 13 мянган хүнийг жижиг зээлд хамруулж, хөдөлмөр эрхлэлтийн нийтлэг үйлчилгээг 55,2 мянган хүн авахаар тооцсон байна. Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн ээлжит хуралдаанаас МСҮТ-д сурч буй 19,7 мянган сурагчийн зардлыг Мэргэжлийн боловсрол, сургалтын санд хуваарилах шийдвэр ч гарчээ. Хөтөлбөр төслүүд батлагдсантай холбогдуулж удирдамж, аргачлал, зардлын дээд хэмжээг тогтоож, төсвийн хуваарийн хамт харья байгууллагууд, аймаг, нийслэл, дүүргийн Хөдөлмөрийн хэлтэст хүргүүлэхийг холбогдох газрынханд мөн даалгасан байна.

 

ЭХ СУРВАЛЖ: WWW.MOL.GOV.MN

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж