НЭМЭЛТ: 12:15 ЦАГ
ҮНДЭСНИЙ ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭНГИЙН ЗАХИРАЛ С.ЭРДЭНЭТУУЛЫГ ҮҮРЭГТ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛЛӨӨ
Нийслэлийн Засаг дарга, НЗДТГ болон мэргэжлийн байгууллагуудаас удаа дараа хяналт шалгалт хийж, үйл ажиллагааг нь зогсоох албан шаардлагуудыг хүргүүлэн, зөрчил арилгах хугацаатай мэдэгдэл өгсөн байтал өчигдрийг хүртэл Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн талбайд зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байсан “Хан талст” ХХК-ийн үйл ажиллагаанд хяналт тавиагүй, үйл ажиллагааг нь зогсоох арга хэмжээ авч ажиллаагүй, аюулгүй ажиллагааны журмыг баримталж ажиллаагүй зэрэг үндэслэлээр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн захирал С.Эрдэнэтуулыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө.
ЗӨРЧЛИЙН ХЭРЭГ ҮҮСГЭЖ, ХЭРЭГ БҮРТГЭЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ БАЙХ ҮЕД ОСОЛ ГАРЛАА
Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас “Хан талст” ХХК-ийн эзэмшлийн газрыг цуцлуулах саналыг НЗДТГ-т хүргүүлнэ гэдгээ мэдэгдлээ. Тус газрын мэдээлснээр осол гарсан газарт Барилгын тухай хуульд зааснаар барилгын ажлын гэрчилгээгүйгээр үйл ажиллагаа явуулж байжээ. Иймд тавдугаар сарын 13-ны өдрийн хяналт шалгалтаар үйл ажиллагааг нь зогсоосон байжээ. Мөн тавдугаар сарын 26-ны өдөр дахин хяналт тавьж үйл ажиллагаа явуулж байсныг нь зогсоосон байна.
Тус газрын дэд дарга С.Даваасүрэн “Мэргэжлийн хяналтын байгууллагаас хоёр удаа хяналт шалгалтаар очсон. Барилгын чиглэлээр зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байсныг зогсоо гэсэн шаардлага очсон. Мөн тавдугаар сарын 26-нд автозамын байцаагч очиход үйл ажиллагаа явуулж байсан тул Зөрчлийн хэрэг үүсгэж, хэрэг бүртгэлийн үйл ажиллагаа явуулж байх үед осол гарлаа. Мэргэжлийн хяналтын байгууллагаас хоёр өөр зөрчилд тус тус хяналт тавьж, үйл ажиллагааг нь зогсоосон. Мэргэжлийн хяналтын байгууллагын тавьсан шаардлагыг үл тоодог олон аж ахуй нэгжүүд байна. Аж ахуйн нэгжүүдийн хайнга хойрго байдал асуудал дагуулж байна” гэлээ.
Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн урд хэсэг, Туул гол дагуух Маршалын гүүрнээс зүүн тийш орших “Хан талст” ХХК-ийн эзэмшлийн газарт үүссэн тогтоол усанд өчигдөр/2020.05.27/ 18:00 цагийн орчимд тун харамсалтай хэрэг гарч, 11-15 насны дөрвөн хүүхэд амь насаа алдсан. Энэ хэргийн талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, дэд хурандаа Б.Баатархүүгээс тодрууллаа.
АМИА АЛДСАН ДӨРВӨН ХҮҮХДИЙН ХОЁР НЬ НЭГ АЙЛЫН ХҮҮХДҮҮД
Б.БААТАРХҮҮ:
-Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт орших Маршалын гүүрний зүүн хойд талын голын тогтоол усанд тоглож байсан дөрвөн хүүхэд нас барлаа гэх дуудлага мэдээлэл тавдугаар сарын 27-ны өдрийн 18:00 цагийн орчимд цагдаагийн байгууллагад ирсэн. Цагдаагийн байгууллагын алба хаагчид дуудлагын дагуу хэргийн газарт очин ажилласан. Маршалын гүүрний зүүн талд байрлах “Хан талст” ХХК-ийн барилгын суурийг ухсанаар тогтоол ус үүссэн. Тус газарт 11-15 насны дөрвөн хүүхэд тоглож байхдаа живж амь насаа алдсан нь тогтоогдсон. Амиа алдсан дөрвөн хүүхдийн хоёр нь нэг айлын хүүхдүүд байсан гэх мэдээлэл ирсэн. Гурван хүүхэд ус руу орж живж эхлэх үед ах нь дүүгээ аврах гэж араас нь орон амь насаа алдсан байна. Энэхүү хэргийг Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэс дээр хэрэг бүртгэл нээн мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Мөн тогтоол усны гүнийг тогтоохоор мөрдөн шалгах ажиллагаа явуулж, мэргэжлийн байгууллагууд хэмжилт хийнэ.
Урин дулаан цаг ирж байгаа тул хүүхдүүдээ хараа хяналтгүй гол, ус руу явуулахгүй байхыг анхааруулж байна.
Мөн олон нийтийн сүлжээнд энэ хэргийн талаар янз бүрийн мэдээлэл оруулж, хүүхдүүдийн гэр бүлд хүндрэл битгий учруулаарай. Ар гэрийнхэнд нь маш хүнд тусч байгаа тул худал ташаа мэдээлэл оруулахгүй байхыг хүсэж байна.
НЭМЭЛТ: 10.30 ЦАГ
ХҮҮХДҮҮД ЭНДСЭН ХЭРГИЙН ХАРИУЦЛАГААС ЯМАР Ч АЛБАН ТУШААЛТАН МУЛТРАХГҮЙ ГЭВ
Нийслэлийн Засаг даргын тамгын газар (НЗДТГ)-аас мэдээлэл хийлээ.
НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга Ц.МӨНХБААТАР:
–Дөрвөн хүүхэд эндсэн газрын дэргэдүүр 7.2 км дугуйн зам барьж байсан. Тус замын явцыг хянахаар Хотын дарга тавдугаар сарын 10-ны өдөр очиж үзэхэд газар ухаж, сэндийлсэн, дугуйн зам тавих хэсэгт шороон овоо үүсгэсэн байсан тул үйл ажиллагааг хянаж, шалгах ажлын хэсгийг байгуулахыг Хотын дарга үүрэг болгосон. Энэ дагуу ажлын хэсэг байгуулагдаж, тухайн газарт хяналт шалгалт хийсэн ажлын хэсэг үр дүнгээ тавдугаар сарын 21-ний өдрийн Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралдаан дээр танилцуулсан.
Шалгалтаар “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн” ОНӨТҮГ-ын эргэн тойрон дахь газруудад зөрчил дутагдал маш ихээр илэрсэн. Улмаар ажлын хэсгийнхэн Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн урд байрлах "Хан талст" ХХК зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байсан тул үйл ажиллагааг нь зогсоох, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн удирдлагуудтай хариуцлага тооцох талаар ярьсан. Хариуцлагаас ямар нэгэн албан тушаалтан мултрахгүй. Хэн хариуцлага алдсаныг шүүх цагдаа болон Нийслэлийн засаг даргын зүгээс олж хариуцлага тооцно” гэлээ.
Холбоотой мэдээ