Авлигатай тэмцэх хөтөлбөрийг хэлэлцэхийг дэмжив

Хуучирсан мэдээ: 2015.12.17-нд нийтлэгдсэн

Авлигатай тэмцэх хөтөлбөрийг хэлэлцэхийг дэмжив

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан Авлигатай тэмцэх, хариуцлага, шударга ёсыг бэхжүүлэх үндэсний хөтөлбөрийг батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцээд гишүүдийн 64.3 хувийн саналаар дэмжиж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжүүллээ.

Монгол Улс авлигатай тэмцэх хөтөлбөрийг анх 2002 онд баталж байсан бол хэрэгжилт нь 2010 онд дуусчээ. Анхны хөтөлбөр нь тунхагийн шинж чанартай байсан ч авлигатай тэмцэх тусдаа байгууллагатай болсон байдаг аж. Өргөн барьсан төсөлд Монголын авлигатай тэмцэх зургаан жилийн хөтөлбөр тусчээ. Ингэхдээ энэ чиглэлээр Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газар, иргэний нийгмийн байгууллага, хэвлэл мэдээлэл яаж оролцох вэ гэдгийг өргөн хүрээнд хамруулж өгсөн байна.

Мөн хуралдаанаар Гааль, Татварын ерөнхий газрын эрх зүйн байдлын тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцээд гишүүдийн 64.2 хувийн саналаар төслийг хэлэлцэх нь зүйтэй хэмээн үзлээ.

УИХ-аас 2016 оны төсвийн хуулийг батлахдаа Гааль, Татварын байгууллагыг нэгтгэх шийдвэр гаргасан юм. Ингэснээр 2016 оны нэгдүгээр сарын 1-нээс тус хоёр байгууллага нэгдэж ажиллана. Үүнтэй холбоотой хуулийн зохицуулалт дээрх төсөлд багтжээ.

Г.ДАРЬ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж