Пак Кын Хег доромжилсон гэх япон сэтгүүлчийг шүүжээ

Хуучирсан мэдээ: 2015.12.17-нд нийтлэгдсэн

Пак Кын Хег доромжилсон гэх япон сэтгүүлчийг шүүжээ

 

Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Пак Кын Хегийн нэр хүндэд халдаж, гутаан доромжилсон хэрэгт буруутгагдсан япон сэтгүүлч Тацуя Катог шүүх хурал өнөөдөр /XII.17/ Сөүлд болжээ. Өмнөд Солонгосын шүүхээс япон сэтгүүлч Тацуя Катог буруугүй гэж үзсэн байна.

 

Японы "Санкэй шимбун" хэвлэлийн газрын дарга асан Тацуя Като нь өнгөрсөн онд “Сэвол” гатлага онгоц живсэн ослын дараа ерөнхийлөгч Пак Кын Хе юу хийж явсан талаар таамаг дэвшүүлэн нийтлэл бичсэн аж. Тэрбээр нийтлэлдээ Пак Кын Хе осол гарсан даруйд  нөхцөл байдлыг хяналтдаа аваагүйгээс олон зуун хүний алтан амийг аварч чадаагүй хэмээн бичсэнээс эрүүгийн хариуцлагад татагдсан байв. Өмнөд Солонгосын прокурорууд түүнийг “хуурамч баримтад” тулгуурлан төрийн тэргүүний нэр хүндэд халдан доромжилсон хэмээн буруутгажээ.

 

Энэ хэрэг  хоёр орны дипломат харилцаанд хурцаар тавигдаж, Өмнөд Солонгос дахь хэвлэлийн эрх чөлөөний асуудал хөндөгдөж байсан юм.

 

“Сэвол” гатлага онгоц өнгөрсөн оны дөрөвдүгээр сард Жиндо арлын ойролцоо живснээс 300 орчим хүн амь үрэгдсэн билээ.

 

Дэлхийн олон хотод салбартай "Санкэй шимбун" хэвлэл нь Японы тэргүүлэх өдөр тутмын таван сонины тоонд ордог юм.

 

Б.АНХТУЯА

 

ЭХ СУРВАЛЖ: REUTERS

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж