Ердөө нэг долоо хоногийн дотор нийслэлд тогтоол усанд таван хүний эрдэнэт амь эрсдэв. Тодруулбал,
- 2020.05. 26-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 32 хороо хайрга, дайрганы үйлдвэрийн ухсан нүхэнд үүссэн долоон метрийн гүнийн тогтоол усанд унаж, иргэн амиа алдав. ОБЕГ-т тавдугаар сарын 28-ны өдөр 20.00 цагийн орчим иргэн тогтоол усанд живсэн дуудлага иржээ. Дуудлагын дагуу ОБЕГ-ын албан хаагчид газар дээр нь ажиллаж, таван метрийн гүнээс цогцсыг гаргаж авсан байна. Хэргийг шалгах явж үргэлжилж буй.
- 2020.05.27-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт орших Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн урд хэсэг, Туул гол дагуух Маршалын гүүрнээс зүүн тийш орших “Ханталст” ХХК-ийн эзэмшлийн газарт үүссэн усан толионд өсвөр насны дөрвөн хүүхэд эндэж, амь насаа алдсан харамсалтай хэрэг гарав.
ХУУЛЬ ҮЙЛЧИЛДЭГГҮЙ “ХАН ТАЛСТ” ХХК-Д ЯМАР ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭЛГЭХ ВЭ?
Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт орших Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн урд хэсэг, Туул гол дагуух Маршалын гүүрнээс зүүн тийш орших “Ханталст” ХХК-ийн эзэмшлийн газарт үүссэн усан толионд өсвөр насны 10 орчим хүүхэд өчигдөр үдээж хойш очиж тоглосон байна. ОБЕГ-т 16.00 цагийн орчимд 8-12 насны хүүхэд живсэн гэсэн дуудлага иржээ. Албан хаагчид газар дээр нь ажиллаж нэг хүүхдийг нь уснаас аварсан боловч яаралтай тусламж үзүүлэх үед амиа алдсан бөгөөд гурван хүүхдийн цогцсыг гарган авсан байна.
Тухайн компани удаа дараа зөрчил гаргасан, Хотын даргын захирамжийг үл тоосон, тогтоол усыг хамгаалалтад аваагүй, хүүхэд ойртох битгий хэл барилгын ажлыг зогсоох шийдвэр хүртэл хүргүүлсэн байхад яагаад хууль зөрчив. Тэдэнд яагаад хууль үйлчилсэнгүй вэ. Хэрэв тэд хууль биелүүлж, барилгын орчмын аюулгүй байдлыг хангасан бол дөрвөн хүүхэд амь эрсдэхгүй байсан. Тэгвэл дөрвөн хүүхдийн амь нас алдсан энэ нөхцөл байдал үүсгэсэн компани бол “Ханталст”. Тус компани нь Ш.Бат-Энхийн нэр дээр байдаг. Ш.Бат-Энх нь мөн "Хурдны зам" компанийн үүсгэн байгуулагч, захирал нь. Ш.Бат-Энхийн эхнэр нь Хүүхдийн төлөө газрын даргаар ажиллаж байсан И.Нарантуяа. И.Нарантуяа АН-ын дэргэдэх Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны тэргүүнээр ажиллаж байсан нэгэн.
ТӨРИЙН АЖИЛТНУУДЫН АЖИЛДАА ХАРИУЦЛАГАГҮЙ ХАНДСАНЫ БАЛАГ
“Хан талст” ХХК нь Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд Наран шарлагын газар байгуулахаар бүтээн байгуулалтаа эхлүүлсэн ч хэд хэдэн зөрчил үүсгэсэн гэж МХЕГ, Хотын дарга С.Амарсайхан нарын захирамж гарсан байна. Гэвч тэдний зүгээс шаардлага биелүүлэхгүй, хууль зөрчин үйл ажиллагаагаа явуулж байсан хэмээн албаныхан арьсаа “хамгаалав”. Төрийн байгууллагын үндсэн үүрэг нь хууль зөрчсөн, зөрчил үүсгэсэн бол сануулга цаас өгөөд өнгөрөх бус хяналтаа тавьж, албадах үйл ажиллагаагаа явуулах ёстой болохоос бид нар ийм олон шаардах цаас өгсөн гээд сууж байх нь ичмээр. Угтаа бол Хотын дарга С.Амарсайхан нь, МХЕГ нь шаардлагынхаа дагуу үйл ажиллагааг нь зогсоож, ажилдаа хариуцлагатай байсан бол өнөөдөр дөрвөн хүүхэд эндэхгүй байхыг үгүйсгэхгүй.
Нөгөө талдаа хөл, хорио тогтоосон энэ үед эцэг эхчүүд, томчуудын хариуцлагагүй байдал. 10 орчим хүүхэд Дэнжийн 1000-аас яаж Цэцэрлэгт хүрээлэн орсон бэ, тэдний замд хэн ч таараагүй гэж үү, яагаад тэр хүүхдүүд олноороо явж байхад нэг ч хүн хэлээгүй, яагаад олон хүүхэд тогтоол усанд тоглож байхад хэн ч анзаараагүй вэ гээд олон асуудал хөвөрнө. Эцэг эхчүүд ч гэсэн өдрийн цагаар хүүхдүүд нь хаана, юу хийж явна вэ гэдэгт анхаарлаа хандуулаагүй гээд ерөөсөө томчуудын, төрийнхний, ажилдаа хариуцлагагүй байсан компанийн л буруутай үйл ажиллагаа дөрвөн халуун амь авч одлоо. Одоо хэн нэгнийг ажлаас нь халж, торгуул тавиад ч нэмэргүй, дөрвөн амь хэзээ ч босч ирэхгүй.
Яг л ийм нөхцөл байдалтай газрууд хотын хаа сайгүй, хүүхдийн тоглоомын талбай нь ч аюултай, эрсдэлтэй, хүүхдийн аюулгүй орчныг бүрдүүлээгүй гээд олон асуудлаа цэгцлээгүй байж 3,2 тэрбум төгрөгөөр усан оргилуур бариад сууж байгаа бид, аз жаргалтай хотын иргэд мөн үү.
Ш.ОЧ
Холбоотой мэдээ