Австрали-Хятадын хагарал Монголд ашигтай

Хуучирсан мэдээ: 2020.05.28-нд нийтлэгдсэн

Австрали-Хятадын хагарал Монголд ашигтай

Австрали-Хятадын хагарал Монголд ашигтай

Австралийн эрх баригчдын зүгээс дөрөвдүгээр сарын сүүлчээр шинэ төрлийн коронавируст цар тахлын гарал үүслийг олохын тулд Хятадыг шалгахыг олон улсад уриалсан юм. Энэхүү уриалгаас хэд хоногийн дараа Австралид суугаа Хятадын Элчин сайд Чен Жиньэ Австралийг сүрдүүлсэн утгатай зүйл ярьсан. Тэрбээр “Магадгүй жирийн хятад хүмүүс яагаад Австрали дарс уух ёстойгоо, яагаад австрали мах идэх ёстойгоо бодож үзэх цаг нь ирсэн бололтой” хэмээн хэлсэн байна.

Ингээд л сар хүрэхгүй хугацаанд Австралийг “шийтгэх” кампанит ажил Хятадад өрнөж эхэлсэн юм. Хятад улс тавдугаар сарын 12-нд Австралийн дөрвөн том компаниас эрүүл ахуйн шаардлага хангаагүй гэдэг шалтгаанаар үхрийн мах авахаа зогсоож, тав хоногийн дараа Австралийн арвайн импортын татварыг огцом нэмэгдүүлэв. Түүнчлэн Хятадын зүгээс Австралийн эсрэг авсан хамгийн том арга хэмжээ нь Хятадын төрийн өмчийн хамгийн том таван цахилгаан станц Австралиас нүүрс авахаа зогсоосон явдал байв. Үүнийгээ Хятадын тал импортоо багасган, дотоодын зах зээл дэх үнийг нэмэгдүүлэхийг зорьж буйтай холбоотой гэж тайлбарлаж буй. Үүнээс гадна Хятад улс Австралийн төмрийн хүдрийн нийлүүлэлтэд тавих журамдаа ч ирэх сарын эхнээс өөрчлөлт оруулахаар төлөвлөж байгаа тухай мэдээлэл гарч эхэлсэн. Хятад улс нь Австралийн төмрийн хүдрийн экспортын 60 орчим хувийг дангаараа эзэлдэг хамгийн том худалдан авагч орон. Харин нүүрсний хувьд Хятад хоёр дахь том худалдан авагч юм.

Хятад бол Австралийн хамгийн том худалдааны түнш бөгөөд 2018 оны байдлаар хоёр орны нийт худалдаа 214 тэрбум доллар давж байв. Австрали нь коронавирусийн хямралд багагүй өртөж буй орнуудын нэг учир эдийн засгийн тогтвортой байдал энэ цаг үед юу юунаас чухал асуудал. Сайд нарынх нь харилцаа тасарч, Австралийн эсрэг суртал ухуулга Хятадын төрийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр нэмэгдэж байгаа зэргээс харахад хоёр орны дипломат харилцаанд гүнзгий хагарал үүсч байна гэж шинжээчид үзжээ.

Үнэндээ хоёр улсын харилцаа 2017 оноос хөрч эхэлсэн. Австрали улс нь олон арван жилийн турш Хятадтай найрсаг харилцаатай байж, эдийн засгийн хувьд Хятадтай нягт холбоотойн дээр АНУ-тай ч муугүй харилцаатай байсаар ирсэн.

Тус улс нь төмрийн хүдэр, нүүрс, алт, ноос зэрэг гол нэрийн түүхий эдийнхээ ихэнхийг Хятад руу экспортолж, энэ нь ч эдийн засагт нь асар хурдацтай ахиц дэвшил авчирч байгаа нь үнэн. Үүний зэрэгцээ Хятадаад өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн, машин, техникийн эд ангиудыг худалдан авдаг. Харин 2017 онд Австралийн тал дотоодын улс төрд гадаадын хөндлөнгийн оролцоог таслан зогсооход чиглэсэн аюулгүй байдлын шинэ хууль тогтоомжийг нэвтрүүлж эхэлснээр хоёр улсын харилцаанд ан цав сууж эхэлсэн юм. Бээжин дээрх хуулийг шууд өөр дээрээ тусгаж, Австралитай болгоомжтой харьцаж эхэлсэн.

Ингээд гурван жил орчмын дараа Австралийн Гадаад хэргийн сайд Пейн гал дээр тос нэмж, цар тахалд Хятадыг буруутгасан утгатай мэдэгдэл хийж, удалгүй Ерөнхий сайд Скотт Моррисон нь Хятадын мөрдөн шалгах талаар дуугарсан АНУ-аас гадна хоёр дахь төрийн тэргүүн болсон юм.

Австралийн эрх баригч Либерал үндэсний эвслийн тэргүүн, Эндрю Хасти өөрийн цахим хуудсандаа Засгийн газрыг "Австралийн тусгаар тогтнолын төлөө арга хэмжээ авахыг" уриалсан мэдэгдэл гаргаж, эдийн засаг, хөгжил цэцэглэлтийн төлөө Хятад шиг авторитар дэглэмтэй улсад хэт найдаж болохгүйг сануулсан байна. Тэрбээр парламентийн тагнуул, аюулгүй байдлын албыг тэргүүлдэг хүн юм.

Харин тус улсын өөр нэгэн нэр хүндтэй улстөрч австраличууд өөрөө өөрсдийгөө эрсдэлд оруулсан гэж үзэж байгаагаа илэрхийлжээ. Тэрбээр АНУ, Хятадын харилцаа улам хурцдаж буй энэ үед австраличууд Бээжинтэй муудаж байгаа нь бид АНУ-тай аюулгүй байдлын харилцаагаа бэхжүүлэх оролдлого хийж байгаа мэт харагдаж, цаашлаад АНУ-ын тал бидний өмнөөс Бээжингийн эсрэг сөргөлдөөний бодлого явуулж буй мэт харагдаж байна хэмээн хэлсэн байна. Мөн тэрбээр АНУ-тай харилцаагаа зузаатгах нь Бээжингийн түрэмгий бодлогоос хамгаална гэж андуурах хэрэггүйг анхааруулжээ.

Хятад- Австралийн хагарал Монголд ашигтай 

Цар тахлаас үүдсэн улсуудын дипломат маргаанаас Монгол Улс хожих боломжтой юм. Хятад нь Австралийн нүүрсний хоёр дахь том худалдан авагч орон бөгөөд хоёр улсын  маргаанаас үүдсэн цоорхойг бусад нүүрс экспортлог орнууд нөхөж таарна. Хятад улсын хувьд нүүрсээ Австралиас гадна ОХУ, Индонези, Монгол  гэх мэт улсуудаас авдаг ба Монгол Улсын хувь нүүрсний экспорт дээр хамгийн том өрсөлдөгч бол мэдээж Орос улс.

Оросын хажууд Монгол Улс хэтэрхий жижиг ч бусадтай өөрсдийгөө харьцуулалгүй  олдсон боломжийг алдахгүй ашиглах хэрэгтэй. Монголын хувьд Хятадтай хил залгаа, ойр оршдог нь шууд давуу тал юм.

Өнгөрөгч дөрөвдүгээр сард Монгол Улсын гадаад худалдаа сайжирсан үзүүлэлттэй гарсан нь нүүрсний экспортын үнэ өссөнтэй шууд холбоотой гэж үзэж буй. Учир нь Монгол Улсын нийт экспортын 41 хувийг нүүрсний эккспорт дангаар бүрдүүлдэг. Жилд дунджаар 30 гаруй сая тонн нүүрс Хятад руу экспортлодог Монгол Улсын хувьд энэ онд 42 сая тонныг экспортлохоор төлөвлөжээ. Энэ нь нэг их наяд давсан орлогыг зөвхөн нүүрснээс бүрдүүлнэ гэсэн үг юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
4
ХахаХаха
3
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж