АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн өнгөрсөн долоо хоногт эрүүгийн 499 хэргийг мөрдөн шалгаж, 11-ийг нь шүүхэд шилжүүлэх, 12-ыг хаах, гурвыг нь харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлж, нэг хэргийг өөр бусад үйлдэлтэй нэгтгэн шалгаж эхэлжээ.
Яллах дүгнэлт үйлдүүлэн шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын хяналтад хүргүүлсэн 11 хэргийн дунд олны анхаарал татсан ЖДҮХС-гаас зээл авсан УИХ-ын гишүүдийн хэрэг байгаа аж. Тодруулбал, УИХ-ын гишүүн Б.Ундармаад холбогдох хэргийг НПГ-т хүргүүлсэн мэдээллийг эх сурвалж өгөв. Тэрбээр хөрөнгө, орлогын мэдүүлэгтээ дурдсан “Доктор МЭИК” компанидаа дээрх сангаас 700 сая төгрөгийн зээл авч өгсөн хэрэгт холбогдсон билээ.
УИХ-ын гишүүн Л.Энхболдод холбогдох, ЖДҮХС-гаас авсан зээлээ зориулалт бусаар зарцуулж, охиныхоо нэр дээр бүртгэлтэй, “Ирээдүй инвест” банк бус санхүүгийн байгууллагад шилжүүлсэн, бусдад тавьсан өр төлбөрт өгсөн гэх хэргийн нэмэлт ажиллагаа хараахан дуусаагүй аж.
Өнгөрсөн Баасан гаригт ЖДҮХС-гаас авсан зээлээ зориулалт бусаар зарцуулсан хэрэгт холбогдсон, хэргийг нь шүүхэд шилжүүлэхэд бэлэн болоод буй УИХ-ын гишүүн Г.Солтаныг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд АТГ-ын мөрдөгч, НПГ-ын прокурор хүргэсэн байна. Тус шүүхээс түүнийг албадан ирүүлэх захирамж гаргаад нэлээд олон хоносны дараа ийнхүү очсон бөгөөд харамсалтай нь шүүх хүлээж аваагүй аж. Улмаар хууль сахиулах байгууллагынхан Г.Солтаныг шүүхэд дахиж хүргүүлэхээр дуудсан боловч нэг удаа очжээ. Тэрбээр мөрдөгч, прокурорын дуудсанаар ирэхгүй, яллагдагчийн үүргээ биелүүлэхгүй байгааг эх сурвалжууд мэдээлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.9-д “шүүх, прокурорын мэдэгдэх хуудсаар дуудсан цагт ирэх, шүүх, прокурор, мөрдөгчийн шийдвэр, хууль ёсны шаардлагыг биелүүлэх, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад санаатай саад учруулахгүй байх” үүрэг хүлээх бөгөөд яллагдагч энэ үүргээ биелүүлээгүй бол хуульд заасан албадлага хэрэглэх, хариуцлага хүлээлгэх, түүнд авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөх үндэслэл болохоор хуульчилсан.
УИХ-ын гишүүн Г.Солтаныг хамаарал бүхий “Монгол шаазан” компанидаа ЖДҮХС-гаас 950 сая төгрөгийн санхүүжилт авахын тулд малын тэжээлийн үйлдвэрлэл эрхлэх төсөл бичиж, 2018 оны дөрөвдүгээр сарын 16-нд 4081 дугаартай албан бичгээр “Төслийг дэмжиж хөнгөлөлттэй зээл олгож өгөхийг хүсье” гэсэн албан бичиг явуулан мөнгөө авч, зориулалт бусаар зарцуулсан нь тогтоогджээ.
Шүүхээс Г.Солтаныг нэг удаа албадан ирүүлэх захирамж гаргасан, дахин ийм шийдвэр гаргах эсэх нь тодорхойгүй байна.
Б.ЖАРГАЛ
Холбоотой мэдээ