Хавдрын эмнэлэгт олон цаг дугаарлах шаардлагагүй боллоо

Хуучирсан мэдээ: 2020.05.28-нд нийтлэгдсэн

Хавдрын эмнэлэгт олон цаг дугаарлах шаардлагагүй боллоо

Хавдрын эмнэлэгт олон цаг дугаарлах шаардлагагүй боллоо

Дэлхий дахиныг одоо ч айдаст автуулсаар буй коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх үүднээс иргэдийг аль болох эмнэлэгт бөөнөөрөө очиж үйлчлүүлэхгүй байхыг Эрүүл мэндийн яамнаас зөвлөж буй. Гэсэн ч эмнэлгүүдийн ачаалал буурсангүй. Тэр тусмаа хавдрын эмнэлэг хүнээр хахаж, монголчууд хавдарт дарлуулж байна. Гуравхан сая хүн амын 19 мянга гаруй нь хорт хавдартай нь тогтоогдож, эмчлүүлж бас нас бардаг. Жил бүр 6000 гаруй иргэн хорт хавдартай гэсэн онош сонсч, 4800 нь цаг бусаар хорвоогийн мөнх бусыг үзүүлдэг гэх тоон баримт бий. Хэрэв хорт хавдартай гэсэн онош сонссон бол Хавдар судлалын үндэсний төвийн харьяанд, эмч нарын хяналтад ордог тул цаг авч, дугаарлаж, эмчдээ үзүүлнэ гэдэг бас л тэсвэр тэвчээрийн асуудал. Хавдрын эмнэлгээр үйлчлүүлж буй иргэдийн хувьд “мөнхийн дагуул”-тай. Энэ бол өвчтөний түүх. Заримынх нь ном шиг зузаан, норвын намтар шиг болсон байх нь ч бий.

Ахмад настнуудын хувьд дүрс оношилгоо буюу компьютер, томографикийн том хавтас, хажуугаар нь ном шиг зузаан өвчнийхөө картыг барьж явах нь хэцүү санагддаг гэнэ. Тус эмнэлгээр үйлчлүүлж явсан өндөр настан иргэн Л.Буянхишиг “Эмнэлэгт очиход заавал “мөнхийн дагуул”-тай шүү дээ. Тор дүүрэн өвчнийхөө түүх, шинжилгээний картаа барьж явах хэцүү л байдаг юм. Гэсэн ч өвчнийхөө түүхийг барьж л явахгүй бол эмчид яаж үзүүлэх вэ дээ. Хүүхдүүд маань надтай өдөр бүр эмнэлгээр явж чадахгүй, зав нь ч олддоггүй” хэмээж байлаа.

Түүнтэй адил өндөр настан гэлтгүй хүмүүст өвчнийхөө түүхийг барьж явах нь амаргүй. Зарим нь хаяж гээгдүүлнэ, түүнийг нь эмч нэхнэ, зарим хуудас нь урагдсан, цаасан дээр бичсэн онош “гээгдэж” үрэгдсэн тул эмч нар түүнийг нь олж тогтоох гэж хайна гээд ажил дуусдаггүй аж. Энэ бүх асуудлыг Хавдар судлалын үндэсний төвийнхөн шийдэж, Монголдоо анх удаа  үйлчлүүлэгчийн эрүүл мэндийн түүхийн е-cart цахим системийг цогц байдлаар нэвтрүүлснээ өчигдөр /2020.05.27/ албан ёсоор зарлалаа.

Хавдар судлалын үндэсний төвийнхөн 2018 оноос судалгаа хийж эхэлсэн байна. Тус эмнэлгийнхэн И-клиник ХХК-тай хоёр жилийн хугацаанд хамтран ажиллажээ. Түүний үр дүнд үйлчлүүлэгчийн эрүүл мэндийн түүхийн "E-Cart" системийн үйлчилгээг иргэд ecancer.mn/ecart вебсайтаас авдаг болсноор эмнэлэгт очихдоо “өвчнийхөө түүх”-ийг барьж очих шаардлагагүй болж байгаа юм. Мөн үзлэгийн цагаа 3000 төгрөгөөр захиалахдаа үзүүлэх эмчээ өөрөө сонгож, шинжилгээний хариугаа цахимаар авах боломжийг бүрдүүлжээ. Ердөө л гар утсаараа дүрс оношилгоо буюу компьютер томографын 700 м/б хэмжээтэй өгөгдлийг харж болох юм. Энэ бүх үйлчилгээ нь эмнэлгийн ачааллыг бууруулахаас гадна нэг дор олон хүний бөөгнөрлийг үүсгэхгүй, иргэд, эмч мэргэжилтнүүдийн цаг завыг хэмнэнэ гэж Хавдар судлалын үндэсний төвийнхөн үзэж байна.

НОМ ШИГ ЗУЗААН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТҮҮХИЙН ДЭВТРЭЭ БАРЬЖ ЯВАХ ШААРДЛАГАГҮЙ БОЛСОН

Хавдар судлалын үндэсний төвийн зөвлөх эмч Ж.ЧИНБҮРЭН:

Коронавируст халдвар дэлхий нийтэд цар тахлын хэмжээнд хүрсэн ч гэлээ манайд өвчтөнүүдийн тоо буураагүй, эмнэлэг ачаалалтай байна. Энэхүү ачааллыг бууруулж, иргэд болон эмч мэргэжилтнүүдийн цаг завыг хэмнэх үүднээс “e-cart” цахим систем нэвтрүүлээд байна. Ингэснээр эмээ өвөө нар, эмнэлгийн хяналтад орсон иргэд ном шиг зузаан өвчнийхөө картыг барьж явах шаардлагагүй болж байна. Тэр тусмаа ахмад настнуудад тор дүүрэн өвчнийхөө түүхийн картыг барьж явна гэдэг амаргүй. Хөдөө орон нутгаас иргэд цаг зав, хөрөнгө мөнгөө гарздаад Хавдар судлалын үндэсний төвд ирдэг. Гэтэл тухайн үедээ яарч сандарснаасаа болоод эрүүл мэндийн түүхийн дэвтрээ мартсан байдаг. Үүнээсээ болж эмчид үзүүлж чаддаггүй тохиолдол ч бий. “Е-cart” цахим системийн давуу тал нь иргэд эрүүл мэндийн түүхийн дэвтрээ мартсан, хуудас гээгдсэн, хаясан гээгдсэн гэх асуудлууд байхгүй болж байна. Эмч нар ч бас тухайн өвчтөний эрүүл мэндийн түүхийн дэвтрээс өвчнийх нь оношийг олж тогтоох гэж багагүй цаг хугацаа зарцуулдаг байлаа гэлээ.

Энэхүү цахим шилжилтийн өөрчлөлтийг ХСҮТ-ийн зөвлөх эмч Ж.Чинбүрэн санаачлан, И-клиник мэдээлэл технологийн компанитай хамтран 2018 оноос бэлтгэл ажлыг эхлүүлжээ.

ӨВЧТӨНИЙ ТҮҮХИЙГ ЦААСАН ДЭЭР БИЧДЭГ ҮЕ АРД ХОЦОРЧ, ЦАХИМААР ХЯНАДАГ БОЛЛОО

ХСҮТ-ийн захирал, Анагаах ухааны доктор, дэд профессор Н.ЭРДЭНЭХҮҮ:

-Эмнэлгээр үйлчлүүлж байгаа эмээ өвөө, та бидний ах эгч нар тортой зузаан картууд, рентген зургаа бариад л явдаг. Зарим нь хаяж гээгдүүлнэ. Цаасан дээрх гээгдсэн хуудаснаас нь эмч нар мэдээлэл олж авах гэж олон хуудас эргүүлж шалгадаг. Энэ бүх асуудлыг Хавдар судлалын үндэсний төв цахим хэлбэрт шилжүүлэх эхний алхамаа хийлээ. Хүн бүр цахимаар эрүүл мэндийн түүхээ хянахаас гадна өвчтөний түүх илүү нууцлалтай болж байна. Гадаадын улс орнуудад эмчлүүлэхээр явж буй иргэд ч бас цаг хугацаа орон зай үл харгалзаж цахим эрүүл мэндийн түүх нь аль ч эмнэлэгт нээлттэй. Эмнэлгээс эмнэлгийн хооронд өвчтөний түүхийг шилжүүлэх асуудал үгүй болж байна гэлээ.

Хавдар судлалын үндэсний төвд химийн туяа эмчилгээнд орж буй нэг өвчтөн гэхэд дор хаяж 3-4 эрүүл мэндийн түүхийн дэвтэртэй явах шаардлага гардаг байжээ. Энэ нь жилийн дотор ном шиг зузаан болдог байна. Зарим нь эдэлгээний явцад бичиг нь танигдахааргүй болтлоо хуучирдаг үе ийнхүү ард хоцорч байна.

ЦАХИМ БҮРТГЭЛЭЭР ДАВХАРДСАН ТООГООР ӨДӨРТ 1000 ОРЧИМ ИРГЭН ҮЙЛЧЛҮҮЛЖ БАЙНА

"E cart" цахим системийн ачаар эмнэлэгт дугаарлах иргэдийн бөөгнөрөл үүсэхгүй, эмнэлгийн ачааллыг эрс бууруулах юм байна. Эмнэлгээр үйлчлүүлэгчид цахим системээр урьдчилан цаг авч, эмчээ сонгосноор товлосон өдрөө л эмнэлгээр ямар ч оочер, хүлээлтгүйгээр эмчтэйгээ уулзах юм. Энэ нь хавдрын эмнэлгийнхний цахим бүртгэлийн ажилтнуудын ажлын ачааллыг ч бас хөнгөлж буй.

Тус эмнэлгийн цахим бүртгэл нь 10 гаруй ажилтантай бөгөөд давхардсан тоогоор өдөрт 1000 гаруй иргэн үйлчлүүлдэг хамгийн ачаалалтай хэсэг юм. Харин "e-cart" үйлчлүүлэгчийн цахим эрүүл мэндийн түүхийг үйлчилгээнд нэвтрүүлснээр энэхүү ачаалал эрс багасч, иргэд зөвхөн урьдчилсан захиалгаар товлосон өдрөө л эмнэлгээр үйлчлүүлж болох юм. Хэдийгээр хавдрын эмнэлэг цахим бүртгэлийн хэсэгтэй ч иргэдийн зүгээс цаг авалгүй шууд эмчид үзүүлэх гэж яардаг, бухимддаг асуудал их гаргадаг байна. Харин эмнэлгээр үйлчлүүлэгчид "E cart"-аараа дамжуулан эмнэлэгт очихоосоо өмнө цагаа авах ёстойг эмч мэргэжилтнүүд зөвлөж байлаа.

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
37
ЗөвЗөв
6
ХахаХаха
4
ГайхмаарГайхмаар
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж