А.Амаржаргал: Монгол Улс CS:GO төрөлд толгой цохиж байна

Хуучирсан мэдээ: 2020.05.28-нд нийтлэгдсэн

А.Амаржаргал: Монгол Улс CS:GO төрөлд толгой цохиж байна

А.Амаржаргал: Монгол Улс CS:GO төрөлд толгой цохиж байна

MESA буюу Монголын цахим спортын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга А.Амаржаргалтай ярилцлаа. Тэрбээр e-sports буюу цахим спортыг Монголд хөгжүүлэхийн тулд нөхдийн хамт хичээж яваа бүтээлч залуу юм.


-Манай уншигчдад холбооныхоо талаар танилцуулахгүй юу. Анх хэрхэн, ямар зорилготойгоор байгуулагдсан бэ?

-Манай холбоо анх 2003 онд үүсгэн байгуулагдсан, одоогоор зургаан хүний бүрэлдэхүүнтэй. Яг цахим спортоо сайн мэддэг “Спортыг менежерүүд л хөгжүүлнэ” гэдэгт итгэдэг зургаан менежер залуу л байна. Холбооны хувьд сүүлийн 4-5 жил тогтвортой үйл ажиллагаа явуулж чадаагүй боловч дэлхийд цахим спорт тэсрэлт хийж, олон мянган үзэгч, тамирчинтай, өндөр шагналын сантай болж ирсэн. Тийм учраас 2019 оны гуравдугаар сард удирдах зөвлөлөө шинэчилж, одооноос л тогтвортой үйл ажиллагаа явуулж байна. Байгуулагдсан зорилго нь их энгийн. Монголын цахим спортыг дэлхийн тавцанд гаргах. Мөн Монголын спортын салбарт шинэ менежментийн арга барил нэвтрүүлэх гэсэн зорилготой.

-Сүүлийн өдрүүдэд Tiger баг Азийн хоёр том тэмцээнд дараалан түрүүллээ. Өмнө нь ч гэсэн Mongolz баг Азидаа аваргалж байлаа. Энэ бүх амжилтыг юутай холбоотой гэж бодож байна вэ?

-Цахим спортын бусад спортоос ялгарах зүйл нь гэвэл баг, тамирчид нь холбоо болон ямар нэгэн хүчин зүйл, орон зайнаас хамаарахгүйгээр тэмцээн уралдаанд чөлөөтэй оролцож, үнэхээр сайн байвал олон улсад хүлээн зөвшөөрөгддөг. 2016 онд Mongolz баг Ази тивийн аварга болсноос хойш Монголын олон тамирчин олон улсын тавцанд танигдаж эхэлсэн. Жишээлбэл, erkaSt Австралид, dobu, kabal хоёр 5Power багийн бүрэлдэхүүнд багтан Хятадад гэх мэтчилэн манай тамирчид холбооны дэмжлэггүйгээр Азидаа танигдсан байсан л даа. Харин одоо эдгээр тамирчид маань эргээд Монголдоо ирэхэд манай холбооны үйл ажиллагаа азаар ч гэх юм уу сэргэж таарсан.

Өмнө нь Зүүн өмнөд Азийн цахим спортын шилдэг найман багийн 1-2 нь монгол байсан бол одоо тогтмол гурван баг болж амжилтаа ахиулсан.

Бидний тогтвортой, багууд руу чиглэсэн ажлын үр шимийг одоо энэ багуудын амжилтаас харж болно. Tiger баг бол супер жишээ нь.

-Монголын цахим спортын хөгжил дэлхийтэй харьцуулбал ямар шатандаа явна вэ? Ази тив бол цахим спортын том тавцан. Тивдээ тэргүүлж байна гэхээр тамирчдын ур чадвар сайн байна гэсэн үг.

-Дэлхийн улс орнууд уламжлалт спортуудыг 100-200 жилийн турш хөгжүүлж ирсэн болохоор монголчууд төрөл бүр дээр нь жигд амжилт гаргаж чаддаггүй л дээ. Харин цахим спортын хувьд монголчууд дэлхийтэй хөл нийлүүлэн хоцролгүй хөгжүүлж ирсэн. Цахим спортын холбоо маань олон улсын том компаниуд, байгууллагуудтай хамтарч ажиллахаар тэд “Танай цахим спорт бол олон улсад үнэлэгдэхүйц Азийн топ улсуудын нэг. Цахим спорт хурдацтай хөгжиж буй дэлхийн улс орнууд дундаа танай улс өндөрт тооцогдоно” гэж хэлдэг л дээ.

Саяхнаас бид Red Bull Global байгууллагатай хамтын ажиллагаа эхлүүлж байна

Азийн CS:GO төрлийн номер нэг топ баг Монголын Tiger. Харин топ багууд дотор нь Монголын D13 баг болон Mazaalai багууд багтаж байгаа. E-sports гэдэг зүйл чинь дотроо олон төрөл зүйлд хуваагдана. Хүмүүс нэг л зүйл шиг ойлгоод байна. Гэтэл дотроо Dota2, CS:GO, League of Legends гэх мэт олон салаатай. Монгол улс одоогоор CS:GO төрөл дээр нь л толгой цохиж байна гэхэд хилсдэхгүй.

-Монголын цахим спортын холбооны зүгээс CS:GO төрлөөс гадна бусад төрлүүдийг хэрхэн дэмжиж ажиллах вэ?

-Өнгөрсөн жил бол зөвхөн CS:GO төрлийг сонгож аван, тодорхой ажлууд хийгээд, өөрчлөлт хийхийг эрмэлзсэн. Үүний үр шимийг ч түрүүн хэлсэн жишээнүүдээс харж болно. Энэ жилээс Dota2 төрөл дээр түлхүү ажиллах төлөвлөгөөтэй байна. Энэ төрлийн багуудыг тогтвортойгоор дэмжих, олон улсын тэмцээн уралдаанд оролцох эрхээр хангах зорилготой.

Дотоодын өрсөлдөөний хамгийн том платформыг бий болгох нь нэн түрүүний ажил.

Улсын аварга болохыг амжилт гэж харалгүйгээр олон улсын тэмцээнүүдэд аварга болохыг л амжилт гэж харах хэрэгтэй. Бизнесийн талаасаа ч харсан олон улсын тэмцээнүүдийн зах зээл том, шагналын сан өндөр. Олон улсын долооохон хоног үргэлжилдэг тэмцээнүүдийн шагналын сан 25-30 сая. Манайд бол энэ том тоо.

Тамирчдынхаа сэтгэл зүйг аль болох олон улсын тэмцээнүүдэд зориулж бэлдмээр байна.

2019 онд CS:GO, 2020 онд Dota2, 2021 онд League of Legends гэх зэргээр жил болгон цахим спортын төрөл бүрээ жигд хөгжүүлмээр байна. Энэ төрлүүдийн багуудыг Монголын аварга болгоод зогсохгүй олон улсын томоохон тэмцээнүүдэд аваргалахыг хармаар байна. Монголын аварга гэдэг бол баг, тамирчдын эцсийн зогсоол биш ээ.

-Гадаадын том компаниуд, бизнесменүүд, олны танил одод гээд бүхий л салбарынхан цахим спортод хөрөнгө хаяж, баг, тамирчдыг ивээн тэтгэж байна. Монголд ивээн тэтгэгчид хэр их байдаг вэ?

-2016 онд Mongolz баг Азид түрүүлэхэд Түвшинбилэг ах маань ивээн тэтгэгчээр ажиллаж, цахим спортод салхи оруулсан. Өөрийнх нь хэлснээр бол тухайн үед ямар ч байгууллага, хувь хүн дэмждэггүй, энэ талын ойлголт байхгүй, ядаж л зээл өгдөггүй байсан гэх мэт харамсалтай зүйлүүд тохиолдож байсан юм байна лээ. Одоо бол компаниуд, ивээн тэтгэгчид цахим спортод хөрөнгө оруулалт хийх хүсэл эрмэлзэлтэй байна. Зөвхөн холбоотой ивээн тэтгэгч компаниуд хамтрахаас гадна багуудтай холбогдож эхэлж байгаа. Гэхдээ хамгийн том ивээн тэтгэгчид нь хувь хүмүүс л байна даа.

Азийн аварга Монголын Tiger багийн албан ёсны ивээн тэтгэгч нь Хятадын Weibo гээд компани байдаг.

-Монголын цахим спортод тулгамдаж байгаа асуудлууд нь юу байна? Төрөөс энэ тал дээр зохицуулалт хийж, дэмжлэг үзүүлдэг үү?

– Одоохондоо төрөөс биднийг дэмжээд өгөөч гэж гуйгаагүй л явна. Ер нь Монголын спортын салбарт ямар боломж бололцоо, дэмжлэг байдгийг би сайн мэднэ. Төрөөс цахим спортыг ирээдүй гэж үзэн, дэмжиж эхэлвэл баяртай байна. Хүндрэл гэвэл одоогоор коронавирус л байна. Бусдаар бол бид өөрсдөө ажлаа сайн хийгээд, зорилгодоо үнэнч байж чадвал ямар ч зүйлийг хүндрэл гэж харахгүй.

– Танай холбооны ойрын төлөвлөгөө?

– Энэ жилийн хувьд аягүй өөдрөг төлөвлөгөөтэй байлаа. Хавар, намар гээд дөрвөн лигийн тэмцээн зохион байгуулах байсан ч бүгд цуцлагдсан. Харин ирэх зургадугаар сараас эхлэн цуврал тэмцээнүүдээ эхлүүлэх гэж байна. Үүнийхээ хүрээнд лигийн 10 багаа тодруулна. Мөн Монголдоо топ гэж тооцогдох шагналын сантай тэмцээнийг зохион байгуулах төлөвлөгөөтэй.

-Нууц биш бол шагналын сан нь хэд вэ?

-Шагналын сангийн хувьд цуврал тэмцээнүүд нийлээд 100 сая төгрөгийн шагналтай.

-Цахим спорт гэхээр л эцэг эхчүүд, иргэдийн дунд буруу ойлголт байна. Дэлгэцийн донтолт, сэтгэцийн өөрчлөлт гээд л хөвөрч өгнө. Цахим спортыг ард иргэд, нийгэмд хэрхэн зөвөөр ойлгуулах вэ?

-Зүгээр тоглох буюу Gaming болон e-sports ер нь тусдаа ойлголт. Gaming гэдэг бол энгийн л сайхан тоглохыг хэлж байгаа юм. Мэдээж e-sports руу ойртох дамжлаг нь гэж хэлж болно. Өөрөөр хэлбэл зал авахтай ижил зүйл. Найзуудтайгаа зал авж байгаа бол gaming гэсэн үг. Харин яг сагсан бөмбөгийн багт харьялагдаад, тэмцээнүүдэд оролцоод, энүүгээр хоолоо олж, амьдралаа залгуулж болох юм байна гэж бодвол e-sports-ыг сонго. Бусад уламжлалт спортуудтай л ижил хичээл зүтгэл, чармайлт гээд олон сайн чанарууд илэрдэг. Удахгүй олимпийн наадамд ч орохоор яригдаж байна. Бидний зүгээс эцэг эхчүүд, нийгэмд хандаж “Энэ бол спорт. Сайн зүйл” гэж сурталчлахыг хүсэхгүй байна. Бид нар зүгээр л хийж байгаа ажлууд, бүтээж байгаа зүйлсээрээ батлан харуулахыг хүсч байна.

Tiger баг шиг долоо хоног тэмцээнд оролцоод 60 сая төгрөг олж, амьдарч болох юм байна гэдгийг л хүмүүст хүргэж, өөрсдийгөө ойлгуулах л зорилготой.

Тэрнээс биш “ Цахим спортыг 10-20 жилийн турш PC, донтолт” гээд ойлгосон хүмүүст хандаж “Энэ бол спорт. Та нар ойлго” гэж шахахгүй.

-Цахим спортод татагдаж, сонирхож эхэлж буй залуу үедээ хандаж юу хэлмээр байна вэ?

-Юуны өмнө сонирхуулахад Монголын топ тамирчдын сарын цалин 2000 ам.доллараас эхэлдэг. Манай улсын хөрсөн дээр буувал их мөнгө л дөө. Харин олон улсын зах зээлд болвол ханаж болохгүй мөнгө. Сүүлийн жилүүдэд цахим спортын зах зээл, боломжууд нь үнэхээр хурдацтай нэмэгдэж байна. Үнэхээр л чи авьяастай, чадвартай бол манай холбоо чиний дотооддоо танигдах, олон улсад гарах гүүр чинь болж чадна.

-Монголд цахим спортын маш том хүрээлэл, дэмжигчид бий боллоо. Сүүлд Зайсан Хилл цогцолборт зохион байгуулсан фестивалийг хэр их хүн үзэж сонирхсон бэ?

-Яг Зайсан Хилл цогцолбор дээр 1100 гаруй хүн цугларсан. Лайв нь 5000 гаруй хандалттай байсан. Нийт 6-7 цагийн шууд дамжуулалт явахад хамгийн багадаа л 2,5 мянга гаруй хандалттай, ер нь маш сайн арга хэмжээ болсон гэж боддог. Олны танил оддын тоглолттой, MESA лигийн шигшээ тоглолттой, консолийн таван төрлийн тэмцээнтэй гайхалтай фестиваль болсон. Ойролцоогоор 3000 гаруй оролцогчтой, 1100 гаруй хүн ирж үзсэн гээд сар ч хүрэхгүй хугацаанд л найман сая хандалт авсан. Анх MESA лигийн шигшээ тоглолтыг зохион байгуулах санаатай байсан ч цахим спорттой холбоотой, үүгээр амьсгалж яваа залуучуудын баяр байх ёстой хэмээн шийдэж фестиваль болгон өргөжүүлсэн. Фестиваль дээр ирсэн хүн уйдах завгүй, өндөр сэтгэгдэлтэй харих ёстой гэж бодож 11-р сараас эхлэн санаагаа гаргаж, төлөвлөж эхэлсэн. Агуулгыг нь төгс байлгахын тулд санаануудаа ажил болгоод л байсан нэг мэдэхэд 10 гаруй хөтөлбөртэй нэг өдрийн арга хэмжээ болж хувирсан. Ивээн тэтгэгч, хамтрагч байгууллагууд, хувь хүмүүсийн туслалцаа ч их байсан.

-Ярилцсанд баярлалаа. Цаашдын ажилд нь амжилт хүсье

-Баярлалаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
38
ЗөвЗөв
7
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж